- Хотын захирагч Э.Бат-Үүл МУИС-ийн Улаанбаатар сургуулийн үйл ажиллагаатай өчигдөр танилцлаа -
Тус сургууль нь 1992 онд технологийн сургууль нэртэйгээр байгуулагдаж 1995 онд Шинжлэх ухаан боловсролын сайд болон нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар Улаанбаатар хотын Их сургууль болон өргөжсөн байна.
Харин 2010 оны Засгийн газрын тогтоолоор Улаанбаатарын их сургуулийг МУИС-ийн харьяанд нэгтгэжээ. Энэ нь нь тус сургуулийн үйл ажиллагааг доголдуулахад хүргэсэн төдийгүй МУИС-ийн Улаанбаатар сургууль хэмээн өөрчлөгджээ.
Мөн МУИС-ийн удирдах зөвлөлийн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 04 болон 05 тоот тогтоолоор тус сургуулийг бүхэлд нь задлах, удирдлага, санхүүгийн хувьд шууд зогсоож, салбар нэгжүүдийг тараах шийдвэр гаргасан байна.
Э.Бат-Үүл: Улаанбаатар их сургуулийг нийслэлийн өмчит Их сургууль болгох ажлыг зохих хууль, дүрмийн дагуу судалж, шийдвэрлэнэ.
Одоогоор тус сургууль нь Технологи, Нийгмийн ухаан, Хэл зохиолын үндсэн Факультет, мэргэжлийн 11 тэнхимтэй бөгөөд 150 гаруй багш, 50-иад ажилтан ажиллагсад, 2000 гаруй оюутантай үйл ажиллагаа явуулдаг аж. Тэд сургуулиа улам өргөжүүлэн, нийслэлийн нэрэмжит сургууль болох хүсэлтээ хотын удирдлагуудад илэрхийлжээ.
Тэдний хүсэлтийн дагуу тус сургуулийн бааз суурийг түшиглэн нийслэлийн өмчит Улаанбаатар их сургуулийг байгуулах талаар судалгаа хийх ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулаад байна.
Өнөөдрийн уулзалтаар тус сургуулийг Улаанбаатар хотын нэрэмжит сургууль болгохоос гадна, нийслэлд шаардлагатай байгаа мэргэжилтнүүдийг бэлтгэдэг, нийслэлээс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн туршилт, судалгааг хийдэг байх талаар санал солилцоо.
Уулзалтын үеэр Улаанбаатар их сургуулийг нийслэлийн өмчит Их сургууль болгох ажлыг зохих хууль, дүрмийн дагуу судалж, шийдвэрлэнэ гэдгээ Хотын Захирагч мэдэгдлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!