Монгол Улс, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ жил тохиож байгаа. Үүнтэй холбогдуулан Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Б.Ланга тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 4-9-нд манай улсад ажиллав.
Энэ үеэрээ Элчин сайд Б.Ланга Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Г.Батхүү, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулгантай тус тус уулзсан байна.
Эдгээр уулзалтаар Монгол, ӨАБНУ-ын харилцаа, түүний дотор уул уурхай, эрчим хүч, байгаль орчин, боловсрол, соёл урлаг, спортын салбарт хамтын ажиллагааг өрнүүлэх, хувийн хэвшил, иргэд хоорондын харилцааг дэмжих асуудлыг хөндөж ярилцав. Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Олон улсын харилцаа, Хамтын ажиллагааны яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт Дэд сайд Д.Ганхуяг, Элчин сайд Б.Ланга нар гарын үсэг зурсан аж.
Мөн Элчин сайд Б.Ланга МУИС-ын ОУХНУС-д зочилж, багш, оюутнуудад Өмнөд Африк, хоёр талын харилцааны талаар танилцуулга хийн сонирхсон асуултад нь хариулжээ.
Монгол Улс, ӨАБНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд ихээхэн идэвхжиж, өндөр дээд хэмжээний айлчлал хэрэгжсэнээс гадна хамтын ажиллагааг тодорхой салбарт, тухайлбал, уул уурхай, нүүрснээс шингэн түлш гаргах чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжиж эхэлсэн бөгөөд Монгол Улс, ӨАБНУ-ын Парламентын найрамдлын бүлэг УИХ-д байгуулагдаж, даргаар нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!