Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Бид хол харайлаа гээд хоёр хөршөө давж чадахгүй

П.Ядамдорж, Өдрийн шуудан
2014 оны 5 сарын 1
Өдрийн шуудан
Зураг зураг

- Айлчлалын тойм -

Өнгөрсөн хэд хоногт холын зочны хөл татарсангүй. Япон Улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд Ота Акихиро болон БНХАУ-ын Сангийн сайд Лоу Живэй нар Монголд дөрөө харшуулан ирээд буцлаа.

Өмнөд хөршийн Сангийн сайдын хувьд өндөр хэмжээний айлчлал уулзалтын урьдач байх магадлалтай. Гэхдээ түүний айлчлалын зорилго нь "Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк"-ийг үүсгэн байгуулах, хоёр улсын Сангийн яам хоорондын хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан явдал байсан хэмээн мэдээлж буй.
 
БНХАУ-ын дарга Си Жинпин "Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк"-ийг байгуулахаар санаачилсан бөгөөд энэхүү банкийн үүсгэн байгуулагч гишүүн орноор БНХАУ, Монгол Улс зэрэг Азийн 15 улс байхаар яриа хэлэлцээ хийж байгаа юм билээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Си Жинпин нарыг Монголд айлчилна гэсэн мэдээлэл ойрын үед түлхүү дуулдах болоод байгаа. Хятадын сайдын айлчлал үүний угтал байж болох юм хэмээн олон хүн харж байх шиг байна.
 
Ингэж харах өөр нэг шалтгаан гэвэл ОХУ-ын Сочи хотод болсон өвлийн олимпийн үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Жиншин нар уулзсан билээ. Тэр үеэр Си Жиншин даргыг Монгол Улсад албан ёсоор айлчлахыг урьсан бөгөөд урилгыг талархан хүлээн авч энэ онд багтан Монголд айлчлахаа илэрхийлсэн гэх мэдээлэл өмнө нь гарч байсан.

Түүний энэ айлчлал ирэх долоо, наймдугаар сард болохоор дипломат шугамаар яригдаж байгаа гэх мэдээлэл бий. Хэрэв айлчлал төлөвлөсөн ёсоор хэрэгжвэл сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Хятадын Ерөнхийлөгчийн хийж байгаа анхны айлчлал болох юм. Хамгийн сүүлд 2003 онд тухайн үеийн БНХАУ-ын дарга Хуа Жинтао Монголд айлчилж байсан билээ.
 
Манай гурван улсын хувьд үндсэндээ нэг цаг үетэй давхцаж төр, засгийн удирдлагын өөрчлөлт гарсан. Түүнээс хойш тийм ч их цаг хугацаа өнгөрч амжаагүй байна. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд анхны айлчлалаа Японоос эхэлсэн нь бас ийм шалтгаантай. Тэгснээс хоёр хөршөө давж харайсан хэрэг биш байсан биз.
 
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин урьд нь манайд хоёр удаа буюу 2001 онд Ерөнхийлөгч байхдаа айлчилж байсан бол 2009 оны хавар Ерөнхий сайдын хувиар хоёр дахь удаагийнхаа "экспресс" айлчлалыг хийсэн. Харин одоо гурав дахиа айлчлах эсэх нь тодорхойгүй байгаа. Юутай ч хоёр хөршийн тэргүүн нарын Монголд хийж байсан айчлалын цаг хугацаа, давтамжаас харахад байнгын хэлхээ харилцаатай байгааг төвөггүй анзаарч болно.
 
Монгол, ОХУ, БНХАУ гэсэн гурвал хаяа хаяагаа дэрлэн оршиж буй түүхэн хөршүүд. Тиймээс бидний дунд эв нэгдэл, эрх ашгийн нэгдмэл ашиг сонирхол гэж буй. Хоёр хөршийн төр, засгийн тэргүүнүүд Монголд айлчлах нь улс төр, эдийн засаг, геополтик талаасаа үнэлшгүй ач холбогдолтой гэдэг нь тодорхой зүйл. Монголын газар зүйн байршил нь хоёр их хөршийн дунд оршдог. Үүнийгээ бид хадны завсар хавчуулагдсан халиуны зулзагатай зүйрлэдэг нь талаар бус. Энэ бол мэдээж хамаарлын асуудал. Ялангуяа манай эдийн засаг Хятадаас хэт хамааралтай гэсэн анхааруулга санамж байдаг.
 
Тийм болоод ч тэр үү "Америк болон Япон, Европын Холбоотой харилцан гэрээ байгуулах нь Хятад, Орос гэсэн хоёр хөршөөсөө хэт хамааралтай байдлыг нь багасгана гэж Улаанбаатар найдаж байн​а" хэмээн гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байсан нь нэг бус удаа.
 
Өнгөрсөн оны сүүлчээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг урд хөршид айлчлах үеэрээ 70 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулж, хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан. Хамтын ажиллагаа, харилцан айлчлал гэдэг ийм үр өгөөжтэй байхын бэлээхэн жишээ гэвэл энэ мэт.
 
ОХУ-ын Ерөнхийлөгч ирэх тавдугаар сард БНХАУ-д айлчлах үеэрээ Монголд буугаад мордож магадгүй гэсэн таамаглал бий. Учир нь тэр энэ айлчлалынхаа үеэр Хятадад байгалийн хий нийлүүлэх томоохон гэрээ байгуулах гэж байгаа талаар мэдээллийн хэрэгслүүд мэдээлж буй. Украин, Крымийн асуудлаас үүдээд ОХУ байгалийн хийн шинэ зах зээл, гарцыг хайж байгаа нь тодорхой.

Энд хамгийн түрүүнд барьж авах том гарц бол мэдээж БНХАУ байна. Харин энэ зах зээлд Оросын хийг хүргэх хамгийн дөт зам нь Монгол юм. Энэ хавар "Роснефть"-ийн магнат И.Сечиний Монголд хийсэн гэнэтийн айлчлалын зорилго ч бас дамжуулах хоолойтой холбоотой байсан. Ийм мэт учир шалтгаанаар В.Путин Монголд дөрөө мулталж болох л юм.
 
Гэхдээ В.Путины хувьд Монголд жаахан гар чангатай байгаа. Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын хүсэлтийг хүлээж аваагүй, Монголоос ОХУ-д суух Бүрэн Эрхт Элчин сайдын итгэмжлэлийг одоо хэр хүлээж аваагүй гэсэн мэдээлэл дуулддаг. Тавантолгойд хамтран ажиллах, Мянганы зам дагуу шатахуун түгээх 100 станц барих саналыг нь хүлээж аваагүй, Мардайн ураны хэрэгжээгүй амлалт гэхчлэн хуучин түншээ "гомдоосон" гэлцдэг.
 
Түүнээс гадна Монголчууд хоёр хөршөө давж холын Америк, Япон, Европ гэхчлэн гүйгээд байгаа нь тэдэнд таалагддаггүй биз. Энэ хаврын гадаад том зочдын нэг нь АНУ- ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгелийн айлчлал байсан бөгөөд үүнийг Оросын хэвлэлүүд "Пентагон Монголд байр сууриа бэхжүүлж байна" хэмээн онцолсон байна билээ. Путины хатуурхах шалтгаан нь энэ мэт байж болох юм.
 
Гэхдээ ОХУ-ын хувьд Азид нөлөөгөө бэхжүүлэх, хуучин анд нараа эргэн санаж, элгэндээ тэврэх шалтгаан байхыг үгүйсгэхгүй.
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж телевизэд ярилцлага өгөх үеэрээ "Путин ерөнхийлөгчтэй уулзсан тоогоо алдсан байна. 10 хүрсэн байх. Ши Жинпинтэй нэлээд уулзлаа. Жилд нэг уулздаг байсан бол энэ жил бараг гурав, дөрөв ч уулзах байх. Одоо тавдугаар сард дөрвөн жилд нэг удаа болдог бүс нутгийн аюулгүй байдлын байгууллагын дээд хэмжээний уулзалт Хятадын Шанхай хотод болно. Тэнд очоод хоёр хөршийнхөө удирдагчтай уулзана.

Манай Ерөнхий сайд Петербургийн уулзалтад мөн оролцоно. Одоо бид нар хоёр хөрштэйгээ шийдэх асуудлуудаа шийдэх хэрэгтэй. Ингэхийн тулд бидэнд бусад улстай харьцах тэнцвэр баланс гээд их юм бий л дээ" хэмээн өгүүлжээ.
 
Эндээс харвал манай төр засгийн тэргүүн нар ойрын үед хоёр хөршийнхөө удирдлагуудтай уулзах юм байна. Энэ бол сайн мэдээ. Бид хол харайлаа гээд хоёр хөршөө давж чадахгүй нь тодорхой. Хэн хэн нь дэлхийд тэргүүлэгч орон, манлайлагч эдийн засаг. Тийм болохоор айл хүний амь нэг гэсэн Монгол уламжлал, сэтгэхүйгээр л хандах хэрэгтэй болно.

 

Зураг