Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Ном унших нь хүүхдүүдийн энгийн хэвшил болно

Ж.Отгонмягмар
2014 оны 5 сарын 1
Өдрийн шуудан

Хүүхдийг багаас нь номонд дуртай болгох, ном уншихыг тэдний амьдралын энгийн дадал хэвшил болгох зорилтын үүднээс өчигдөр БШУЯ-аас сургагч багш нарыг бэлтгэх “Хамтдаа уншъя” сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын талаар БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Б.Гантулгаас тодрууллаа.

“Ном” дэд хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд ямар ажлуудыг хийв?

-Монгол Улсын Засгийн газраас 2013 оны 295 дугаар тогтоолоор “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд БШУ-ы сайдын 2013 оны 365 дугаар тушаалаар төрийн өмчийн 700 цэцэрлэг тус бүрт хоёр сая төгрөгийн санхүүжилт хийж, бага насны хүүхэд номтой харилцахад шаардагдах хэрэглэгдэхүүн болон ном нийлүүлэх ажлыг нийт 1.4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн.

Үүний зэрэгцээ хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр “Ном” хэмээх сайт нээж ажиллуулах, цэцэрлэгийн хүүхэд, бага ангийн сурагчийн номын сэдвээр бүтээсэн 90 фото дүр, дунд ангийн сурагчдын 90 эссэ, ахлах ангийн сурагчдын 90 илтгэл, нийт 270 бүтээлээр “Ном дотор зам бий” номыг бүтээсэн.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн номын санг баяжуулах, хүүхдийн уран бүтээлчдийн дунд уралдаан зарлах зэрэг олон ажлыг энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа. Түүнчлэн өнөөдөр /өчигдөр/ “Хамтдаа уншья” хэмээх сургалтыг зохион байгуулж байна.

-Энэхүү сургалтад хэчнээн багт хамрагдаж байгаа вэ?

-Өнөөдрийн /өчигдөр/ энэхүү сургалтад аймаг, нийслэлийн Боловсролын газрын сургуулийн өмнөх боловсролын асуудал хариуцсан    мэргэжилтэн,

нийслэлийн зарим цэцэрлэгийн арга зүйч нар хамрагдаж байгаа. Түүнчлэн цаашид сургуулийн өмнөх насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд энэхүү арга зүйг хүргэхээр бид төлөвлөж байна. Үүнтэй холбоотой сургагч багшийн болон эцэг эхийн гарын авлагыг боловсруулан хүргэж байгаа.

-“Хамтдаа уншъя” сургалт эцэг, эх болон багш нарт ямар ач холбогдолтой юм бэ?

-“Ном” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор бага насны хүүхдэд унших номыг хэрхэн сонгох, ном унших орчныг хэрхэн бүрдүүлж, хүүхэддээ номыг яаж уншиж өгөх зэрэг арга зүйг бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд хүргэхэд чиглэсэн юм. Үндэсний сургагч багш бэлтгэх “Хамтдаа уншъя” сургалтыг БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, “Боловсролын давалгаа” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байна.

Ер нь энэхүү сургалт нь хүүхдийг багаас нь номд дуртай болгох, ном уншихыг тэдний амьдралын энгийн дадал хэвшил болгоход эцэг эхэд туслах, арга зүйн дэмжлэг үзүүлэх, эцэг эхчүүд хүүхэддээ ном уншиж өгөхийн ач холбогдлыг ойлгож, хүүхэддээ тохирох зөв аргаар тогтмол ном уншиж хэвшүүлэхэд сургалтын зорилго оршиж байгаа юм.

-“Хамтдаа уншья” сургалтыг өмнө нь зохион байгуулж байсан гэсэн. Сургалтын үр дүнгийн судалгаа хийгдэж байв уу?

-Өнгөрсөн онд Хөвсгөл аймаг, нийслэлийн Налайх дүүргийн цэцэрлэгийн эцэг эхчүүдэд туршилтын сургалтыг амжилттай зохион байгуулсан. Тухайн сургалтаас эцэг эхчүүд бага насны хүүхэддээ цаг гаргаж, зурагт ном хамт уншиж, ярилцаж хэвшсэн. Мөн хүүхдийн хэл яриа, сэтгэхүйн хөгжлөөр зогсохгүй төлөвшил болон бие бялдрын хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг болохыг олон судалгааны үр дүн баталсаар байгаа.

-Сүүлийн жилүүдэд номын чанар үзэмж сайжирсан. Тэгээд ч эцэг, эхчүүд хүүхэддээ ном худалдан авч өгөх нь ихэссэн. Гэтэл ерөнхий боловсролын хүүхдүүд номонд хайртай, дуртай болохгүй байна гээд байгаа нь ямар учиртай юм бол?

-Сүүлийн жилүүдэд Монголд хүүхдийн номын чанар үзэмж дээшилж, төрөл зүйл нэмэгдэн, нялх хүүхдэд хүртэл зориулсан номууд гарч, эцэг эхчүүд хүүхэддээ ном худалдаж авах нь ихэссэн.

Гэвч эцэг эхчүүд маань хүүхэддээ ном тогтмол уншиж өгч хэвшээгүй, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогийг мэдэхгүйгээс өөрсдийн нүдээр харж, өөртөө таалагдсан номыг авдаг, яаж уншиж өгвөл үр дүнтэй болохыг сайн мэдэхгүйгээс хүүхдэд номыг цөөн хэдэн удаа уншиж өгснөөр хязгаарлан, номоо хүүхэдтэйгээ хамтдаа үзэж, харилцан ярилцах бүтээлч үйл ажиллагааг орхигдуулаад байгаа.

Түүнчлэн томчууд ном уншиж өгөхдөө хүүхдийг томоотой сууж сонсохыг шаарддаг. Эсвэл олон ном авч өгдөг хэрнээ хүүхэддээ номыг нь өгөөд ганцааранг нь орхидог зэрэг нийтлэг дутагдал нь ирээдүйд хүүхдийг номонд сонирхолгүй, хичээл сургуульд дургүй болгох сөрөг үр дагаврыг үзүүлж байдаг байгаа юм.

Тиймээс ч энэ талын мэдээллийг эцэг эхчүүддээ цаг алдалгүй хүргэх шаардлагын үүднээс энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа.

Зураг