Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Билл Гэйтс Хятадын том баячуудад захидал илгээжээ

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Билл Гэйтс дэлхийн баян хоосны ялгаа хамгийн их гүнзгийрсэн орон болох Хятадын томоохон баячуудад уриалга илгээж ядууст туслах буяны үйлсэд хөрөнгөө зарцуулахыг хүслээ.

Хятадын “Ардын сонинд” нийтлэгдсэн түүний захидалд “зөвхөн ядуусыг өвчин зовлон, тарчиг амьдралаас нь салгаснаар бид бүх дэлхийгээрээ тогтвортой хөгжилд хүрнэ” гэжээ.

Тэр цааш хэлэхдээ “Ядуу хүмүүст хөрөнгө оруулахад нийгмийн давхарга бүрийн оролцоо хэрэгтэй. Би ядууст оруулсан хөрөнгө оруулалтын өгөөж, бизнесынхээс ялгаагүй үр дүнтэй, бүр илүү утга учиртай гэдэгт итгэдэг” гэсэн байна.

Хятад улсад 2013 оны байдлаар 358 тэрбумтан амьдардаг ба өмнөх жилээсээ 41 хувь өсч тэрбумтны тоогоор АНУ-ын дараа хоёр дугаарт жагсдаг болжээ. Харин өглөгийн үзүүлэлтээрээ дэлхийд хамгийн мууд тооцогдож байна.

2013 оны Дэлхийн Өглөгийн Индексээр Хятад улс нь 135 орноос 115-д орсон нь үнэхээр чамлалтай үзүүлэлт ажээ.

Тус улсын хамгийн том нийгмийн өвчин нь хүн амын орлогын зөрүү.

2010 онд Билл Гэйтсийн “Bill & Melinda” сан болон АНУ-ын тэрбумтан Уорен Баффет нар Бээжинд хандивын үдэшлэг зохион байгуулж Хятадын топ 50 баяныг урьж байсан юм. Гэтэл тэдний ихэнх нь урилгыг хүлээж аваагүй гэнэ. Шалтгаан нь ийм зүйлд дасаагүй болоод ч тэр үү, хандив нэхэх нь тэдэнд таатай биш санагдсан гэнэ.

Гэхдээ одоо байдал сайжирч баячуудын сэтгэлгээнд өөрчлөлт орж эхэлжээ. Саяхан Алибаба онлайн худалдааны компанийг үүсгэн байгуулагчид болох Жэк Ма, Жое Цай нар 3 тэрбумын сан байгуулснаа зарласан байна. Энэ нь улсдаа хамгийн том хандивын санд тооцогдоно.

Хятадын тэрбумтан Жэк Ма

Оруулсан мөнгө нь компаний хөрөнгийн 2 хувьтай тэнцэж байгаа ба эдгээр хүмүүсийн эзэмшлийн хувиас гарсан байна.

Хэвлэлд дурдсанаар сан нь байгал орчин, боловсрол, эрүүл мэндийн салбарт чиглэх юм байна. Гэхдээ сангийн нэр болон хандив хэрхэн зарцуулагдах талаар мэдээлэл ил болоогүй байна.

Ма бол Хятадын наймд эрэмблэгддэг баян бөгөөд өнгөрсөн жил Алибабагийн CEO суудлаас бууснаас хойш буяны үйлсэд ихэнх цагаа зарцуулах болжээ.

Гэхдээ асуудлын гол нь Хятадад ямар нэгэн сан байгуулж бүртгүүлэхэд төрийн агентлаг оролцож хяналт тавьдаг байна. Ингэснээр байгуулсан хүмүүс нь орлогоо төрөөр хянуулах эрсдэлд орно гэж айцгаадаг бололтой.

Харин энэ удаа Ма сангаа зориглон байгуулж чадвал оруулсан хөрөнгө нь Майкл Блумбергийн буяны үйлст зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээнд хүрэх юм.

Алибаба компаний хувьд Нью-Йоркын хөрөнгийн бирж дээр IPO хийхээр бэлдэж байгаа ба үнэлгээ нь 100 тэрбум хүрнэ гэж үзэж байгаа. Хэрвээ ингэвэл тэдний IPO нь түүхэн дэх хамгийн томуудын тоонд орно.

49 настай Ма Синхуа агентлагт ярихдаа “эхнэр бид хоёр анх бизнес эхэлж байхдаа буяны үйлсэд хөрөнгө зориулна гэж мөрөөддөг байсан. Бидний төлөвлөгөө ёсоор 50 хүртлээ мөнгө хурааж, түүнээс цааш буяны үйлсэд зүтгэх байлаа” гэжээ.

Магийн мэдэгдлийг сонссон Гэйтс энэ алхам нь Хятадын дөнгөж хөгжиж эхэлж байгаа буяны үйл хэрэгт том нэмэр болно гэж сайшаасан байна. Мөн Уорен Баффет Маг бизнесийн гарамгай лидер, буяны үйлсэд мөн тэргүүлж эхэллээ гэж магтжээ.

Эх сурвалж: guardian.co.uk