Энэ сарын 7-нд эхэлсэн Энэтхэг улсын парламентын сонгууль есөн шаттайгаар үргэлжилж, ирэх тавдугаар сарын 12-нд дуусна.
Санал хураах 930 мянган хэсэг ажиллаж, сонгуулийн дүнг 16-нд гаргах юм. Сонгуулийн насны 814 сая иргэн Ардын танхимын 530 гишүүнийг сонгохоор саналаа өгч эхэлсэн.
Энэ тоо нь 2009 онд болсон сонгуульд санал өгсөн иргэдийн тоотой харьцуулахад 100 саяар илүү байна. Тиймээс санал авах байрны тоог 100 мянгаар нэмэгдүүлжээ. Санал авах бүх байранд автомат машин ажиллуулна. Энэтхэгийн Сонгуулийн комисс автомат машинуудын программ хангамж, технологийн процессыг хянасан аж.
Энэтхэгийн парламент дээд танхим буюу Мужуудын зөвлөл, доод буюу Ардын танхимаас бүрддэг. Ардын танхим 552 гишүүнтэй байх бөгөөд 530 мужуудаас, 20 нь холбоодоос сонгогддог байна. Гишүүнд 25-аас дээш насны иргэн нэр дэвшиж, таван жилийн хугацаатай ажилладаг.
Энэхүү танхимын ерөнхийлөгчөөр британи гаралтай хоёр улстөрчийг томилдог. Одоо эрх барьж байгаа Дэвшилтэт нэгдсэн холбоог Үндэсний конгресс нам удирддаг.
Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа зургаадугаар сарын 1-нд дуусах учраас шинэ Парламентын доод танхимд санал авсан намууд Засгийн газрыг тавдугаар сарын 31 гэхэд бүрдүүлэх учиртай. Улстөр судлаачид шинэ Засгийн газрыг ганц нам бус, харин хэдэн нам нийлж, хамтарсан байдлаар байгуулна гэж таамаглаж байна.
Энэтхэгчүүд энэ удаагийн сонгуульд нэр дэвшсэн улстөрчдөд хууртахгүй гэдгээ хэвлэл мэдээллээр бичиж байгаа гэнэ.
Нэгэн тосгонд очсон улстөрч иргэдэд сурталчилгаа хийхдээ усан хангамжид холбоно гэж хэлэхэд өсвөр насны хүүхэд шиг харагдах залуу үгийг нь тасалж, ухаалаг гар утсаараа “YouTube” сайтаас 2009 оны сонгуульд тус тойргоос дэвшсэн өөр нэг улстөрч мөн л усан хангамжийн тухай ярьж байсныг үзүүлсэн аж. Тэрбээр “Би энэ тосгоны оршин суугч. Биднийг хуурах хэрэггүй” хэмээн хашгирчээ.
Иргэд цахим мэдээлэл унших нь нэмэгджээ
Өмнөх сонгуулийн үеэр хүн амын 10 хувь нь компьютер ашиглан интернэтэд ордог байсан бол одоо 900 сая иргэн гар утсаараа интернэтээс мэдээлэл авдаг болсон байна. Дундаж орлоготой иргэд хямд гар утас авч, дата эрхээр интернэтэд холбогддог аж.
Хөдөө тосгоны интернэт хэрэглэдэг иргэдийн тоо хот суурин газрынхаас илүү олноор нэмэгдсэн талаар судалгаа гарчээ. Твиттер хуудсаар улстөрийн талаар жиргэдэг иргэдийн тоо энэ онд 600 хувиар нэмэгдсэнээс гадна эрх баригч Үндэсний конгресс намын хуудсыг дагах иргэдийн тоо 351 хувиар өссөн гэнэ.
Шинжээчид энэ бүх судалгааг үндэслэн парламентын сонгууль нь интернэт мэдээлэл болон сошиал медиагаар шийдэгдэх магадлалтай хэмээн дүгнэсэн аж. Улстөрчид сонгуулийн сурталчилгаагаа твиттер, FaceBook, Google Hangouts зэрэг сайтад тавих болсон.
Жишээ нь Ерөнхий сайдаар сонгогдох магадлалтай гэж үзэж байгаа Нарендра Модигийн FaceBook хуудаст “like” дарсан хүний тоо 13 саяд хүрсэн нь АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамагийн дараа оржээ. Б.Обама 40 сая “like”-тай юм байна.
Ерөнхий сайд асан Ражив Ганди агсны охин Приянка Ганди Вадра эрх баригч Үндэсний конгресс намын сурталчилгаанд өнгөрсөн долоо хоногоос оролцож эхэлсэн аж. Учир нь энэ сонгуулиар тус намыг сүүлийн 15 жилд анх удаа ялагдал хүлээнэ гэж үзэж байгаа гэнэ.
Тэрбээр дүү Рахул Гандийг дэмжин сурталчилгаа хийж, тойргийн иргэдтэй уулзсан аж. Иргэд Приянкагийн нөхөр бизнесмэн, саятанд дургүй байдаг ч бүсгүй үүнийг үл тоон сонгогчидтой ярилцсан байна.
Нийтлэлч С.Дасгудта “Ганди Вадра дүүгээсээ илүү сайн лидер болж чадна. Даанч түүний нөхөрт хүмүүс дургүй учраас түүнд аюултай болно” гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!