Бага оврын автобусны явах зарим чиглэлийг өнгөрсөн долоо хоногт Нийтийн тээврийн газраас хязгаарласан билээ.
Учир нь микро автобусууд замын хөдөлгөөнд түгжрэл ихээр үүсгэдэг тул хотын төвд тооцогдох гол гудамж, замуудын чиглэлд явдаг хөдөлгөөнийг хязгаарласан юм.
Тодруулбал, ЭХЭМҮТ-ийн баруун уулзвараас Их тойруугийн Ногоон нуурын гудамжны уулзвар хүртэл, Ногоон нуурын гудамжнаас Цагдаагийн гудамжны уулзвар хүртэлх, замын зүүнээс баруун чиглэлийн замуудад микро автобус зорчихоо болиод байгаа.
Хязгаарлалт хийсэн чиглэлүүдэд том оврын автобус явуулахаар төлөвлөсний дагуу өчигдрөөс том оврын автобус үйлчилж эхлээд байна. Тиймээс ч энэхүү шийдвэрт иргэд хэрхэн хандаж байгааг сонирхлоо.

Баянгол дүүргийн иргэн Д.Буж: Хүүхэд, хөгшид ч гэсэн хүн шүү дээ
-Миний хувьд зөв шийдвэр гэж харж байгаа. Ер нь хэдхэн хүний хувийн ашиг сонирхлоос илүү олон нийтийн эрх ашиг чухал. Миний хувьд микро автобусаар үйлчлүүлэлгүй их удаж байна.
Учир нь микронууд ахмадуудыг харахаараа “эвэртэй туулай” үзсэн мэт хаалгаа хаагаад зугтчихдаг. Хүүхэд, хөгшдийг хэчнээн орой болсон ч авдаггүй. Гэтэл бид ч гэсэн адилхан хүн биз дээ. Тэгээд ч микро автобуснууд замын хөдөлгөөнд соёлгүй оролцдог, дураараа үнээ нэмдэг, осол аваар их гаргадаг, зорчигчидтой бүдүүлэг харьцдаг гээд дутагдалтай зүйл ихтэй.
Тиймээс ч микро автобуснуудыг цэгцлэх нь зөв. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах үүднээс нь харсан ч тэр. Улаанбаатар хотын замын түгжрэлийг хүн бүхэн гайхдаг. Гэтэл үүнийг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал. Микро автобус ч үүнд хамаатай.

Сүхбаатар дүүргийн иргэн Н.Чинбат: Микронуудыг цэгцлэх цаг нь болсон
-Микро автобуснуудын явах зарим чиглэлийг өөрчилсөн нь зөв. Яах вэ, зарим хүмүүс дамжих шаардлагагүй газар дамждаг боллоо. Тэр хэрээрээ мөнгө үрэх болсон гэж байна.
Тэртэй тэргүй том оврын автобус бүх чиглэлд үйлчилж байхад микро автобусууд заавал шугамын давхцал үүсгэж, орлогыг нь хуваалцах шаардлагагүй.
Замын хөдөлгөөн ч гэсэн эрс цэгцтэй болсон юм шиг санагдаж байгаа. Микро автобуснууд замын хөдөлгөөнд яаж оролцдог билээ. Тэдэнд үйлчилдэг хууль, журам гэж байдаг юм уу. Цагдаа нараас ч айж, эмээхгүй, хамгийн том толгойтой нөхдүүд байдаг биз дээ. 20.00 цагаас хойш 1500 төгрөгөөр үйлчилнэ. Энэ мэт асуудлыг хэн хянаж, зохицуулах ёстой юм.
Анхнаасаа замбараагүй явж ирсэн тэднийг жаахан эмхлээд эхлэхээр жагсаал зохион байгуулж, эсэргүүцэж байгаа байхгүй юу. Монголчууд эмх, цэгцэнд орох дургүй. Талд малаа хариулаад явж байгаа юм шиг толгой, толгойгоо мэдчихдэг. Энэ бүхэн буруу шүү дээ. Тиймээс ч цаашид энэ шийдвэрээ цуцлахгүй, үргэлжлүүлэх нь зөв.

Сүхбаатар дүүргийн иргэн Н.Сэлэнгэ: Энгийн иргэд бидэнд хүнд тусч байна
-Миний хувьд жирийн нэг худалдаачин. Урин дулааны улиралд гудамжинд гар дээрээс худалдаа эрхэлдэг. Бид өдөртөө хэдхэн төгрөгийн орлоготой ажилладаг. Гэтэл тэр орлогоос маань хумслах аргыг Нийтийн тээврийн газрынхан олчихлоо.
Би өмнө нь Ханын материалаас шууд микро автобусаар 100 айлд ирдэг байсан. Микро автобус ядаж хүн бүхэнд суух боломж олгодог, зарим үед таксинаас ч хурдан, шуурхай хүрэх газарт нь хүргэдэг зэрэг давуу талтай.
Гэтэл шугамыг нь хязгаарласнаар энгийн иргэд бидэнд л хүнд тусч байна. Тухайлбал, би өдөрт унаанд 2000 төгрөг зарцуулдаг байсан бол одоо 4000 болж өсчихлөө. Дарга нар ямар микронд суух биш, тэдэнд албан тасалгааных нь цонхоор амьдрал сайхан харагдаад, хөрсөнд буухгүй шийдвэр гаргаад сууж байдаг.
Гэтэл тэдний гаргасан амьдралгүй шийдвэрт нь энгийн иргэд бид чирэгдэж байна. Яах вэ, том оврын автобус үйлчилж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ тэд микро шиг хурдан явдаг бил үү, бохир заваан, хамаг л муу, муухай хүмүүсийн цуглуулга аятай, ямар орчинд зорчигчдийг тээвэрлэдэг билээ.
Дээрээс нь халаасны хулгайч гэж ярих юмгүй. Тэр хол газар суугаад явах боломж ч байхгүй. Тэгээд эрт зогсоно. Шөнийн 23.00, 00.00 цагийн үед том оврын автобус үйлчилдэг бил үү. 1000 байна уу, 1500 байна уу хамаагүй мөнгөө төлөөд микрондоо суух нь бидэнд хэрэгтэй байна шүү дээ.
Нэгэнт би 100 айлаас Ханын материал хүртэл 10-20 мянгаар таксидаж чадахгүйгээс хойш. Түүнээс гадна энэ микроны жолооч нарын чинь ард амьдрал байгаа. Микроны кондуктор ардаа таван хүн тэжээгээд л явж байгаа. Энэ мэтчилэн асуудлыг зөвхөн нэг талаас нь бус олон өнцгөөс нь харж, эргэж хэлэлцэх ёстой гэж бодож байна.

Чингэлтэй дүүргийн иргэн Д.Сарангэрэл: Том оврын автобусны цагийг уртасгах хэрэгтэй
-Улаанбаатарын замын хөдөлгөөн өнөөдөр ямар байдалтай байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Түгжрэлд бид өдрийн хэдэн цагийг зарцуулж байна. Энэ хайран цаг, хугацаагаа өөр зүйлд зарцуулахсан. Энэ шийдвэрийн гол зорилго нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулах шүү дээ. Хүмүүс ярьж байна билээ.
Дамждаг боллоо, мөнгө зарлагадаж байна гэж. Бүх чиглэлд том оврын автобус үйлчилж байна шүү дээ. Ажил, амьдралаа зохицуулаад том оврын автобусаар үйлчлүүлэхэд хэцүүдээд, огт болж, бүтэхгүй байгаа зүйлгүй. Тэгээд ч микроны жолооч нар замын хөдөлгөөнд дэндүү бүдүүлэг оролцдог.
Осол, аваар маш их гаргадаг. Зогсох ёсгүй газар дураараа зогсч, тэр хэрээрээ бусаддаа саад болдог. Энэ бүх байдлыг засч, залруулах гээд эхнээсээ арга хэмжээ авахаар нэг л их эсэргүүцэж, жагсаал цуглаан зохион байгуулсан хүмүүс. Ийм байж болохгүй.
Сэтгэхүйгээ өөрчлөх цаг нь болжээ. Хамгийн наад зах нь том оврын автобус хэчнээн оройтсон ч үнээ нэмдэггүй. Гэтэл микронууд дураараа үнээ нэмж, нэг чиглэлд орой 2000 төгрөгөөр үйлчилж байна. Ингэх эрхийг хэн тэдэнд олгосон юм. Үйлчилж болно, хувиараа хөдөлмөрлөж болно.
Гэхдээ тодорхой дүрэм, журамд захирагдах ёстой. Түүнээс биш микро автобуснуудыг огт явуулахгүй гээд хориглочихоогүй байна шүү дээ. Одоо том оврын автобусны үйлчилгээний цагийг уртасгах хэрэгтэй. Өвөл, зуны хуваарь гэдэг шиг байж болох юм. Тэгэхдээ том оврын автобусны жолооч нарыг өглөө, оройны ээлжээр ажиллуулах ч юм уу, асуудлыг зохицуулж болох байх.

Налайх дүүргийн иргэн Ц.Цэндзаяа: Олон хүний амь нас хариуцаж байгаа гэдгээ мэддэггүй
-Миний хувьд микро автобусаар үйлчлүүлэлгүй олон жил болж байна. Налайхаас хот руу орж ирэхээрээ ихэвчлэн том автобус эсвэл машинаараа замын хөдөлгөөнд оролцдог.
Гэхдээ хөндлөнгөөс харж байхад микро автобуснуудыг цэгцлэх хэрэгтэй. Тэд үйлчилгээний нэг хэлбэр. Гэтэл өөрсдийгөө хүнд үйлчилж байна гэж огт боддоггүй.
Мал, адгуус ачиж, яваа юм шиг... Олон хүний амь нас, эрүүл мэндийг гартаа атгаад, замын хөдөлгөөнд оролцож байна гэдгээ огт ухамсарладаггүй юм шиг. Дээрээс нь жолооч, кондукторуудын зан, харилцаа үнэхээр аймшигтай. Улс орон хөгжөөд байна, дээшлээд байна гэдэг биз дээ. Өчүүхэн бага зүйлийг харахад ийм л байна.

Баянзүрх дүүргийн иргэн М.Мөнхцэцэг: Микронуудын чиглэлийг хязгаарласан нь буруу
-Микронуудын зарим чиглэлийг хязгаарласан нь надад буруу юм шиг санагдсан. Жишээ нь би гэхэд гэрээсээ, ажил, сургууль руугаа хүрэх замд чамгүй хугацаа зарцуулдаг. Гэтэл өглөө, оройд үнэнийг хэлэхэд муу хэлээд байгаа ч микронууд нь түргэн, шуурхай үйлчилдэг.
Тэгээд зарим чиглэлийн том оврын автобус ирэхгүй бүтэн цаг хүлээлгэх тохиолдол ч байна. Дээрээс нь маш удаан. Микронуудад замын түгжрэл нэг их саад учруулдаггүй юм шиг санагддаг. Цаг, хугацаатай уралдаж байгаа өнөө үед бидэнд түүнээс өөр үнэтэй зүйл гэж байхгүй.
Үүнээс гадна том оврын автобус 21.00 цагаас хойш явдаггүй. Ажил нь оройтож тардаг ч хүн байна. Гэтэл микронуудыг хязгаарлачихаар таксидахаас өөр аргагүй болж байгаа юм. Хэчнээн муу нэртэй ч микронууд иргэдийн хувьд чухал хэрэгцээ нь яах аргагүй мөн. Засч, залруулах зүйл байгаа л байх. Гэхдээ хязгаарлаж, хорих нь буруу.

Сүхбаатар дүүргийн иргэн Л.Долгорсүрэн: Микро ч гэлтгүй том оврын автобус ч үйлчилгээндээ анхаарах хэрэгтэй
-Микронуудыг цэгцэлсэн нь зөв гэж бодож байна. Одоо хамгийн гол нь том оврын автобуснуудын чиглэл, давтамжийг нь нэмж, цагийг нь уртасгах хэрэгтэй. Микронуудад орон зай байгаа болохоор тэд өнөөдрийг хүртэл иргэдэд үйлчилж байгаа хэрэг.
Хэрэв тэдэнд орон зай байхгүй, ямар ч ашиггүй байсан бол зах зээлийнхээ жамаар аяндаа “арчигдах” байсан. Гэтэл тэд “арчигдах” нь бүү хэл улам хүрээгээ тэлсэн.
Ер нь микронд ам сайтай хүн гэж байдаггүй байх. Зөвхөн микро ч гэлтгүй том оврын автобус ч ялгаагүй. Манай улс нийтийн тээврийн салбартаа онцгой анхаарал хандуулж, хөгжүүлэх шаардлагатай юм шиг санагддаг. Дээрээс нь жолооч, кондукторууд харилцаа, хандлагадаа анхаарах хэрэгтэй юм шиг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!