Эстони Улсын нийслэл Таллинн хотноо эхэлсэн “Онлайн Эрх чөлөө” эвслийн 4 дүгээр Бага хуралд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
Бага хуралд нийт 64 орны 400 гаруй төлөөлөгч оролцож байгаа. Түүний дотор эвслийн гишүүн 23 орны Гадаад хэргийн болон Мэдээллийн технологийн сайд нар, иргэний нийгмийн болон бизнесийн 180 гаруй төлөөлөгч байна.
Эвслийн бага хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Эстони, Гүрж Улсын Ерөнхийлөгч, Кени Улсын Парламентын дарга зэрэг хүндэт төлөөлөгчид үг хэлэв.
Сайд нарын хурлаас интернет эрх чөлөөг хэрэгжүүлж байгаа улс орныг эгнээндээ нэгтгэсэн дэлхийд нэр хүндтэй тус олон улсын байгууллагыг даргалах улсаар Монгол Улсыг санал нэгтэй сонгон баталлаа.
“Онлайн эрх чөлөө” Эвсэл нь 2011 онд Гааг хотноо болсон засгийн газар хоорондын олон улсын бага хурлын шийдвэрээр байгуулагдсан, интернэт дэх хүний эрх эрх чөлөөг хангах, энэ эрхийг хязгаарлахад чиглэсэн аливаа алхмаас сэргийлэх үйл хэрэгт гишүүн улс орнуудын хүч чармайлтыг нэгтгэж, энэ асуудалд олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг хандуулах зорилготой санаачилга билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!