“Иргэдийн оролцоо ба шилдэг агентлаг тодруулах аян”-ы хүрээнд Eagle.mn сайтын сэтгүүлч Л.Энхдэлгэр Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайтай ярилцсаныг хүргэж байна.
-Нийслэлд 52 байршилд иргэдэд газар өмчлүүлэхээр болсон. Мөн гэр хороололд дахин төлөвлөлтийн ажлуудыг эхлүүлсэн. Танай газрын хувьд эдгээр ажлыг хэрхэн зохион байгуулж, хамтарч байгаа вэ?
-Ямар ч тохиолдолд газрыг төлөвлөлттэйгөөр олгох ёстой. Төлөвлөлтгүйгээр газар авсан учраас дараа нь дахин төлөвлөлтийн асуудал яригдаж байна. 20 жил амьдарсан хүний газарт дахин төлөвлөлтөд орно гэхээр тогтсон амьдрал, тэнд оруулсан хөрөнгө хайран болно шүү дээ. Тэгэхгүйн тулд энэ газрыг бид суурьшилд зориулж олгож байгаа. Бэлчээр, тариалан гэвэл тэс өөр асуудал болчихно. Тэгэхээр Улаанбаатар хотын хувьд нэгэнт замбараагүй суурьшил үүсчихсэн байгаа.
Бид гэр хорооллыг төлөвлөлтгүй суурьшил гэдэг. Үүнийг яаж төлөвлөлттэй болгох вэ гэдэг дээр хотын удирдлагуу байна. Жишээлбэл, эхний ээлжинд хотын захад 52 байршилд газар олголт хийе. Дээр нь хотын төвийн болон тэнд ойр байгаа гэр хороололд дахин төлөвлөлт хийх зарчмаар.
-Та газрыг эдийн засгийн утгаар нь харах хэрэгтэй гэж хэлж байсан. Үүнийг тодруулахгүй юу?
-Хот төлөвлөлтийнхөн төлөвлөлтөө л ярьдаг. Харин газар зохион байгуулалтынхан менежментээ хийдэг. Өөрөөр хэлбэл, тухайн газрыг тариалангийн чиглэлээр ашиглах уу, бэлчээрээр нь үлдээх үү, эсвэл уул уурхайнх болгох уу гэдгийг бүртгээд мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг.
Үнэн хэрэгтээ газрыг төлөвлөлтгүйгээр, эдийн засгийн эргэлтэд замбараагүй оруулж байгаа нь газар усаа хүндлэн, хайрладаг, тахин шүтэж амьдардаг нүүдэлчин соёлтой монголчуудад таарахгүй байна. Тэгэхээр эхлээд газар бүр өөрийн гэсэн онцлогтой гэдгийг ойлгох ёстой. Заавал зам, эсвэл төвлөрсөн дулаан хангамж тавихгүйгээр байгалийн өөрийнх нь дэд бүтэцтэй газар гэж бий. Жишээлбэл, байгалиасаа өөрөө шар усны үерийг аваад үлддэг бол усжуулалттай газар байж болно.
Сэлэнгийн сав газрын бүс нутагт найман аймгийн газрыг хамруулаад иргэд амьдарч болох байршлуудыг судалж байна. Удахгүй энэ байршлуудад газар олгож эхэлнэ.
Тэнд жимс, жимсгэнэ тарих боломжтой. Энэ мэтчилэнгээр байгалийн онцлогийг мэргэжлийн талаас нь судалсны үндсэн дээр “Энд ийм төрлийн бизнес хийж болох юм байна” гэдэг санал гаргах юм. Үүнийг холбогдох яам нь судлаад, “Энэ газар зөвхөн жимс, жимсгэнэ тариалах чиглэлээр төлөвлөгдлөө” гэх мэтээр тогтох ёстой. Энэ нь газрыг зөвхөн олгохоосоо гадна эдийн засгийн утгаар нь харж, бизнес хийх боломжийг давхар нээж өгөх л асуудал.
-Нийслэлийн 52 байршилд газар олгож байгаа нь хангалттай байж чадах уу. Танай байгууллагын зүгээс газар олголтын чиглэлээр цаашид хэрхэн ажиллах вэ?
-Одоогийн 52 байршил хангалтгүй. Тиймээс манай байгууллагаас цаашид дахин төлөвлөлтийг үе шаттайгаар хийнэ. Түүнчлэн орон нутагт иргэд амьдраад, тэндээ бизнес эрхэлж болохуйц газрын байршлуудыг судалж, тогтоон, суурьшуулах ажлыг зохион байгуулна.
Бид сүүлийн хоёр жил улсын болон орон нутгийн чанартай замын дагуу иргэдэд өмчилж болох байршлын судалгаа хийсэн. Түүнчлэн Сэлэнгийн сав газрын бүс нутагт найман аймгийн газрыг хамруулаад иргэд амьдарч болох байршлуудыг судалж байна. Удахгүй энэ байршлуудад газар олгож эхэлнэ. Мэдээж эдгээр үйл ажиллагааг тодорхой үе шаттайгаар явуулна. Өөрөөр хэлбэл, инженер, эдийн засаг, эрх зүй гэсэн гурван асуудал цогцоороо явж байж, тухайн газрыг авч байгаа хүндээ ч байгаль орчиндоо ч илүү үр өгөөжтэй. Ашиг олно, эдийн засаг хөгжинө.
Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн ажил явагдаж байгаа. Гэхдээ энэ асуудлыг цогцоор нь авч үзэхгүй бол зөвхөн нийслэлийг гээд байвал бүгд л Улаанбаатар луу нүүнэ.
-Газар эзэмших хүсэлт бүртгэлийг цахимаар явуулахаар болсон. Гэтэл цахим орчны мэдлэг, мэдээлэл дутмаг хүн цөөнгүй. Ийм тохиолдолд энэ хүртээмжтэй үйлчилгээ байж чадах уу?
-Цахимаар хэн хурдан бүртгүүлж чадна, тэр хүмүүст өгнө гэсэн журамтай. Хэлж байгаачлан цахим системд ажиллаж чадахгүй иргэд бий. Тиймээс залуучууд ээж, аав, ахмадууддаа туслах ёстой. Тэгэхгүй бол хүнээр дамжуулж газар олгох ажлыг зохион байгуулахаар маш их хүндрэл үүсэж байна. Үүнийг л шийдэх арга гэж ойлгож байгаа.
-Нийслэлийн гэр хорооллуудад дахин төлөвлөлт хийж, зарим хэсэгт инженерийн шугам сүлжээ хүргэчихсэн, амины орон сууцны хороолол байгуулна гэж байгаа. Танай судалгаагаар инженерийн дэд бүтэц хүргэх боломжтой байршил хэр их байна вэ?
-Гэр хороололд 160 мянган өрх амьдарч байгаа. Тэдэнд зориулсан амины орон сууцны хороолол, эсвэл нийтийн байрны газрыг өгөх л ёстой. Өөрөөр хэлбэл, газрын менежмент гэдэг маань зөвхөн хоосон газар олгохыг хэлдэггүй. Обьект барьчихсан эсвэл муу төлөвлөгдсөн газарт дахин төлөвлөлт хийж, сайжруулах замаар газрын зах зээлийг хөгжүүлнэ. Жишээлбэл, “Өгөөж” үйлдвэрийн байр байна. Бид хотын төвд орон сууц байх ёстой гэсэн бодлого явуулж байгаа. Тиймээс “Өгөөж”-ийнхэн газар дээрээ орон сууц бариад, мөнгө олно.
Түүнчлэн тэд үйлдвэр барьж болох газар очоод гурван үйлдвэр барьж байгаа. Үүнийг л газрын зах зээл, газрын менежмент гэдэг. Үнэн хэрэгтээ ийм зарчмаар хөгжих ёстой.
-Танай агентлаг шинээр олгох газруудад ямар нэгэн таних тэмдэг байршуулах зэрэг ажил хийдэг үү. Тэмдэглэгээгүйгээс дураараа хашаа хатгах, хэмжээгээ илүү авсан гэх мэт маргаанууд үүсдэг шүү дээ?
-Кадастрын хууль, кадастржуулах журамд заавал хашаа барина гэсэн заалт байхгүй. Харин тухайн цэгүүдэд зориулалтын тэмдэг, тэмдэглэгээг газар доор нь хийж өгнө гэсэн байгаа. Энэ журмын дагуу тэмдэг, тэмдэглэгээг хийх учиртай.
Үүнийг нь тухайн орон нутгийн засаг захиргаанаас иргэддээ зориулан хийх ёстой нийгмийн асуудал. Үүнийг орон нутаг өөрөө төлөвлөөд, тэмдэг, тэмдэглэгээг нь тавиад иргэддээ эзэмшүүлнэ. Түүнээс биш замбараагүй өгөхгүй гэдэг нь ойлгомжтой.
-Өнөөгийн нөхцөлд нэгэнт төлөвлөлтгүй, замбараагүйгээр суурьшаад, хашаа хатгачихсан газар нийслэлд маш их бий. Тухайлбал Баянзүрх хайрханы орчим байна. Энэ асуудлыг цаашид шийдвэрлэх боломж бий юу?
-Баянзүрх хайрханы урд замбараагүй, төлөвлөлтгүй буучихсан иргэдийг орон нутагтаа очоод, бизнес, аж ахуй эрхэлж болох байрлалуудыг судлаад, тэндхийнхээ холбогдох газрын албанд асуудлаа тавиач ээ гэдэг зөвлөгөөг өгч байгаа. Холбогдох зураг төслөө мэргэжлийн байгууллагаар хийлгээд, “боломжтой” гэсэн бичиг баримтаа гаргуулаад, орон нутгийнхаа тусламжтайгаар, эсвэл найз нөхөд, ах дүүстэйгээ хамтраад, орон нутагтаа бизнес хий.
Энэ боломжийг төр дэмжинэ. Яагаад гэвэл Засгийн газар өөрөө төсвийн ихэнхийг орон нутагт хуваарилж байна шүү дээ. Энэ нь тэнд байгаа иргэдийг дэмжиж, ажлын байр бий болгохын төлөө хийж буй ажил.
Үүнийг дагаад газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас холбогдох бүхий л ажлуудыг нь хийж, мэргэжлийн туслалцаа үзүүлэх болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!