Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/28-НД НИЙТЛЭГДСЭН

Луганскд бүх нийтийн санал асуулга явуулна

Б.Ууган, iKon.mn
2014 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Украйнд болж буй үймээн самуун болон Крым Украйнаас салж, ОХУ-ын бүрэлдэхүүнд орсны дараагаас тус улсын хэд хэдэн бүс нутаг статусаа шинэчлэн тогтоох, ОХУ-ын бүрэлдэхүүнд орохоор олон нийтийг хамарсан жагсаал цуглаан өрнөөд байгаа билээ.

Луганск мужид гэхэд өчигдөр шөнө дүл хүртэл тус мужийн оршин суугчид Аюулгүй байдлын албаны байрны гадаа зогсон, ардын хурлаас ямар үр дүн гарахыг хүлээн зогссон байна. Ардын хурлын төлөөөлөгчдийн гаргасан шийдвэрээр тус бүс нутгийн хувь заяаг шийдэхийн тулд хоёр үе шаттай олон нийтийн санал асуулга явуулахаар болжээ.

Санал асуулгын эхний шат нь ирэх сарын 11-нд товлогдсон байна.

Олон нийтийн санал асуулгаар мужийн эрхзүйн статусыг хэвээр үлдээх үү эсвэл Украйны бүрэлдэхүүнд өргөтгөсөн бүрэн эрхэт автономт бүгд найрамдах улс болох ёстой гэсэн асуултыг асууж, иргэдээсээ санал авах юм.

Үүний дараа, үр дүнгээс нь хамаарч долоо хоногийн дараа буюу тавдугаар сарын 18-ны өдөр Луганщиний тусгаар тогтнолын талаарх асуудлыг шийдэх гэнэ.

“Бид сүүлийн 3-4 сар үүний төлөө л тэмцсэн, харин сэтгэл дотроо бол насан туршдаа тэмцэж байлаа. Бид эртнээс л үүнийг хүссэн, хүсч байна, хүсэх ч болно. Гэвч бидний үгийг сонсохгүй, Украйны телевизээр үнэнийг биш харин худал хуурмаг зүйлийг мэдээлж байна. энэ үнэн шүү ” хэмээн жагсаалд оролцогч хэвлэлийнхэнд өгүүлжээ.

Эргэн сануулахад, саяхан Луганск мужийн ард түмний саналаар баруун урд хэсгийн армийн дарга гэгдэх Валерий Болотов засаг даргаар  сонгогдсон юм. Тэрбээр ойрын хугацаанд хүчний байгууллага тэр дундаа дотоод хэргийн байгууллагуудын асуудлууд, түүнчлэн шүүхийг  цэгцлэх гэнэ. 

Үүний зэрэгцээ Харьков хотод ч олон нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй гэж оршин суугчид шаардаж байгаа юм. Харьков хотын иргэд мужийн зөвлөлийн хамгийн ойрын чуулганд энэхүү шаардлагаа хүргүүлэхээр бэлтгэж байгаа юм байна.