Украйнд үүссэн асуудалтай холбоотойгоор ОХУ-д Европын холбоо болон АНУ зэрэг олон улс орон хориг арга хэмжээ аваад байгаа билээ.
АНУ дахин хориг арга хэмжээ авах болсны дотор энэ удаад Оросын батлан хамгаалахын болон эдийн засгийн технологийн секторуудад чиглэгдсэн байна. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөхийн Үндэсний аюулгүй байдлын асуудлыг хариуцсан орлогч Тони Блинкен мэдэгдсний дээр энэхүү хориг арга хэмжээ дөрөвдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн үйлчилнэ хэмээн мэдэгджээ.
“Бид Оросын Ерөнхийлөгч Владимир Путины хүрээлэлд багтдаг хүмүүс, тэр дундаа Оросын эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлдэг этгээдүүд болон тойрон хүрээллийнхэн нь хяналтандаа байлгадаг компаниудыг онцолж байна.” хэмээгээд батлан хамгаалахын үйлдвэрлэлийн өндөр технологийн тоног төхөөрөмжийн экспортыг зогсоохоор шийдсэн тухай хэлжээ.
Блинкений мэдэгдснээр Орос улс Дорнод Украйнтай холбоотой хэлэлцээрээ биелүүлэлгүй, Оросын талыг дэмжигч зэвсэгт этгээдүүд Засаг захиргааны хэд хэдэн байрыг хяналтандаа авсантай холбоотойгоор ийнхүү шинэ хориг арга хэмжээ авахаар болжээ. “Путинд хүндхэн сонголт тулгарч байна. Тэр Украйнд явуулж буй бодлогоо үргэлжлүүлж, эсвэл бодлоосоо ухарч, сөргөлдөөнийг дипломат аргаар шийдэж болно” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх мэдэгджээ.
Түүнчлэн Крымийг Орост нэгдснээс хойш авсан хориг арга хэмжээнүүд үр дүнгээ өгсөн гэнэ. “Хориг арга хэмжээнүүд Оросын эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлсэн. Оросын санхүүгийн зах зээл оны эхнээс хойш 22 хувиар суусан, харин рубль хамгийн доод түвшинд байна” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!