Виктор Янукович болон түүний тойрон хүрээллийнхний хулгайлан, хилийн чанад руу гаргасан байж болзошгүй хөрөнгийг Украйнд буцаахтай холбоотой олон улсын хэлэлцээр энэ долоо хоногт Их Британид болох гэнэ.
Дөрөвдүгээр сарын 29-30-ны өдрүүдэд Лондон хотноо болох уулзалтанд хорь гаруй орны Засгийн газрын түшмэлүүд, санхүүгийн шинжээчид, прокурорууд оролцох юм байна.
Их Британийн Дотоод хэргийн сайд Тереза Мэй энэхүү уулзалтын зорилго нь Украйнд туслаж, хөрөнгийг буцаах зорилготой хэмээн мэдэгдэж байсан юм. “Хөрөнгийг буцаах тал дээр хийсэн бидний шинжилгээний дүн дээр үндэслэн Януковичийн дэглэмийн үед алга болсон хөрөнгийг илрүүлэх, буцаах тал дээр Украйны засгийн газарт удирдамж, дэмжлэг үзүүлнэ” хэмээн Британийн сайд мэдэгдсэн байна.
Энэхүү форумд Украйны талаас Дотоод хэргийн яамны тэргүүн Арсен Аваков оролцох юм. Тэрбээр энэ талаар фейсбүүк хуудаснаа “Лондонд дээд хэмжээний төлөөлөгчдийн оролцсон уулзалт болно. Тодорхой хэргүүдийг хэлэлцэнэ. Тэр дундаа хилийн чанадад гарсан хөрөнгө, банкны дансыг царцаах талаар хэлэлцэнэ. Гадны хамтрагчид олон сонирхолтой зүйлийг бэлдсэн ” хэмээн бичжээ.
Дашрамд дурдахад Америк Киевд туслах зорилгоор прокурор болон мөрдөн байцаагчдын багийг илгээхээр төлөвлөж байгаа юм.
Одоогийн байдлаар Киевд Холбооны мөрдөх товчооны ажилтнуудын баг “хулгайлагдсан” хөрөнгийн ул мөрийг олохоор ажиллаж байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!