Нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор “Самбалхүндэв”-ийн буюу 70 давхрын оршуулгын газрыг Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгохоор баталсан.
Улаанбаатар хотын төв хэсэгт Чингэтэй дүүргийн 12 дугаар хороонд 137 га талбай эзлэн гэр хороололтой хаяа нийлэн байрлаж байгаа тус оршуулгын газар нь 1927 оноос хойш үүсэн бий болж,1987 онд Ардын депататутын хурлын 72 тоот тогтоолоор албан ёсоор хаагдсан боловч иргэд одоог хүртэл бурхан болоочдоо сул зай олон нутаглуулсаар байгаа юм.
Энд 47.586 шарил байдгаас хашааны гадна, айлуудын хашаанд 61 булш тоологдсон гэж албаныхан хэллээ. Нийт булшны 30.241 нь хэвийн, 16.767 нь эвдэрсэн, 517 нь ухагдан тоногдсон байдалтай байгаа юм байна
Тус оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох талаар иргэд, олон нийтээс санал авсан бөгөөд саналаа өгсөн иргэдийн 70 орчим хувь нь дэмжсэ байна.
2016 оны 11 дүгээр сард бүтээн байгуулалтын ажлыг дуусгахаар төлөвлөж байгаа.
“Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-д Схамбалхүндэвийн эргэмжийн газар буюу Далан давхрын оршуулгын газрыг “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн” байхаар тусгагдсан. Уг төсөл нь нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх бөгөөд 2016 оны 11 дүгээр сард бүтээн байгуулалтын ажлыг дуусгахаар төлөвлөж байгаа юм.
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын хийсэн төлөвлөлтийн зургаар тус төлсийн байршлын архитектур орон зайн шийдэл нь 3гурван хэсгээс бүрдэх бөгөөд төв хэсэгтээ үндэсний соёл, уламжлал, орчин үеийн архитектур орон зайг харуулсан дурсгалын цогцолбор, зүүн баруун хэсэгт байнгын үйл ажиллагаа бүхий шашны цогцолбор байх бөгөөд эдгээрийг холбосон цэцэрлэгт гудамж бүхий тохижилт, явган хүний болон авто зам байхаар төлөвлөжээ.
Нэгдүгээр багц буюу концесс эзэмшигчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулах ажлыг 2014 оны 10 дугаар сарын 1-нд дуусгахаар төлөвлөж байгаа юм байна. Гэрээ байгуулсаны дараа бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх бөгөөд шалгарсан концесс эзэмшигч нь зургаан сараас дээшгүй хугацаанд ар гэрийнхэнийг нь эрэн сурвалжилж бүртгэл мэдээллийн сан бүрдүүлж, цаг агаар дулаарах үеэс эхлэн чандарлах үйл ажиллагааг эхлүүлэх аж.
Дараагийн хоёрдугаар багц нь инженерийн дэд бүтцийн ажил юм. Ирэх жилийн гуравдугаар сараас эхлэн концесс эзэмшигчийг сонгон шалгаруулах ажил эхэлж бүтээн байгуулалтыг 2016 оны гуравдугаар сараас эхэлж 11 дүгээр сард дуусгахаар төлөвлөжээ.
Уг ажлын хүрээнд цахилгаан ба дулаан хангамжийн ажлуудыг хийх юм байна.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!