Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Байнгын хороод дахь гишүүдийн хуваарилалтыг хуульд нийцүүлэхийг шаардана гэв

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 10 сарын 1
iKon.MN
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа

УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-ын намрын ээлжит чуулганы анхны хуралдаанаа хийлээ. 

МАН-ын бүлгийн хувьд ээлжит бус чуулганаас намрын чуулганд хэлэлцүүлэхээр шилжүүлсэн таван хуулийн төслөөс Хөрөнгө оруулалтын тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөлд тусгах саналуудын талаар байр сууриа нэгтгэсэн байна. Харин үлдсэн хуулийн төслүүдийг Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлого батлагдсаны дараа хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар "Урт нэртэй" хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг өргөтгөх, лицензийн асуудал яригдаж байгаа газруудтай намуудын бүлгийн гишүүд очиж танилцах, энэ асуудлаар нэгдсэн ойлголттой болсны дараа үргэлжлүүлэн хэлэлцэхээр ойлголцсон гэж МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд хэллээ. 

УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр хэлэлцэгдэж буй хуулиудын төслийн талаар МАН-ын бүлгээс гаргасан дүгнэлт, мэдэгдэлдээ эдийн засаг, санхүүгийн байдал хүндэрсний бурууг бусдаас хайхаас илүүтэй намууд санал бодлоо уралдуулж хүндрэлийг даван туулах зөв гарц олох шаардлагатайг эрх баригчдад сануулсан.

Мөн ийм байдалд хүргэсэн албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг шаардсан билээ. Гэвч өнөөг хүртэл эрх баригчид мэдэгдэлд хариу өгөхгүй байгаа учраас дахиад албан бичгээр шаардахаа МАН-ын бүлгийн дарга мэдэгдлээ.