Сансар судлаачид, мэргэжлийн хүмүүс техникийн олон алдааг нь шүүмжилж байсан ч “Gravity” кино өнгөрөгч гурав дугаар сард Оскарын долоон шагнал хүртсэн билээ. Харин эдгээр шүүмж дундаас ганц л талархууштай зүйл байсан нь хиймэл дагуулын ослыг үнэмшилтэй харуулж чадсан явдал гэнэ.
Үнэндээ сансрын хог хаягдал нь сансар судлалд маш том асуудал болоод байна.
Тойрог замд тэнүүчилж яваа нийт хог хаягдлын барагцаагаар 23,000 ширхэг нь 10 см-ээс дээш хэмжээтэй, 300,000 орчим нь 1-10 см хэмжээтэй, 135 сая ширхэг нь 1 см-ээс бага хэмжээтэй хэлтэрхийнүүд байгаа ажээ. Эдгээр нь нам орбитод буюу газраас дээш 160-1900 км-ын бүсэд цагт 29,000 орчим км хурдтай аялаж яваа юм.
Эдгээрийн хамгийн жижиг хэлтэрхий нь ч хиймэл дагуул, сансрын хөлгийг гэмтээх чадвартай.
Харьцуулбал ийм хурдтай яваа өчүүхэн хэлтэрхий нь 480 км цагийн хурдтай яваа боулингийн бөмбөгтэй ижил кинетик хүч үзүүлэх боломжтой гэж НАСА тодорхойлжээ.
Эдний хамгийн нам тойрогт эргэлдэж байгаа нь жилийн дотор Дэлхийн татах хүчинд орж агаар мандалд шатаж алга болдог. Харин алс тойрогт байгаанууд нь хэдэн арван жил, бүр хэдэн зууны турш оршиж өөр хоорондоо мөргөлдөн илүү олон хэлтэрхий нэмж үүсгэх боломжтой. Энэ үзэгдлийг Кесслерийн синдром гэдэг.
Түүхээс харвал ийм хог хаягдал хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй бий болж эхэлжээ. Тухайлбал ашиглагдахаа больсон хөлөг, дууссан баттерей, пуужингийн эд ангиуд зэрэг. Анхны 10,000 хэсэг хаягдал бий болоход 40 жил болсон бол сүүлийн 10 хүрэхгүй жилд 13,000 хаягдал бий болжээ.
Ингэж огцом өсөх болсон нь хоёр шалтгаантай.
Нэгд, хүний алдаа, хариуцлагагүйгээс. Жишээ нь 2009 оны хоёр дугаар сард АНУ-ын Иридиум хиймэл дагуул, Оросын ашиглалтаас гарсан хиймэл дагуул хоёр 500-гаад метр зайтай зөрөх байсан ч мөргөлдсөн юм.
Үүнээс болж энэ хоёр хиймэл дагуулаас үүссэн ширхэг бүр нь 10 см-ээс том 2100 хэсэг сэг бий болжээ.
Хоёр дахь нь хүний санаатай үйлдэл. 2007 оны нэг дүгээр сард Хятадууд хиймэл дагуул устгах туршилт өөрийн ашиглалтаас гарсан Фэнгюн-1C цаг уурын дагуул дээр хийж тэр дороо 4,500 орчим хэлтэрхий үүсгэжээ. Энэ туршилтыг хэн санаачилж хийсэн нь тодорхой биш. Тухайн үед АНУ-ын Батлан Хамгаалах Яамны сайд Роберт Гэйтс: “Энэ туршилтыг Хятадын Ардын Чөлөөлөх Армийнхан Бээжингийн иргэний байгууллагуудад мэдэгдэлгүйгээр хийснийг бид олж тогтоосон” гэж бичиж байлаа.
Өөр эх сурвалжууд энэ бол Хятадын эрх баригчдын санаатай зохион байгуулсан туршилт гэж баталдаг.
Хэрэг явдал ил болсны дараа АНУ-ын засаг захиргаа дахин ийм туршилт хийхгүй байхыг БНХАУ-аас шаардаж байжээ. Харамсалтай нь Хятадууд 2010, 2013 онуудад үүнийгээ давтан хийсэн байна.
Хэрвээ Хятадын энэ жишээн дээр суралцан бусад улсууд, тухайлбал Хойд Солонгос, Иран, Энэтхэг пуужингийн туршилт хийвэл хог хаягдлын тоо хэтэрч, нам орбитын тодорхой хэсэг ашиглах аргагүй болно гэж үздэг.
Иймээс АНУ тэргүүтэй сансрыг ашиглагч улс орнууд, байгууллагууд цаашдаа хог хаягдал нэмж үүсгэхгүй байх, сансрыг хог хаягдлаас цэвэрлэх технологи хөгжүүлэх тал дээр хамтарч ажиллаж эхэлсэн байна. Тэдний үүсгэсэн байгууллагыг JSpOC (Joint Space Operations Center) гэдэг. Энэ бол зөвхөн хэдхэн улс орны асуудал биш, сансрын технологийн үр шимийг хүртдэг бүх хүн төрөлхтний тулгамдсан асуудал, бүх нийтийн үйлс болоод байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!