Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашиглалтын төлбөр хураах ажил нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.
Энэ ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт албан татвар, төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ дөрөвдүгээр сарын нэгнээс “Монгол Хьюндай Автомотив”-ийн байранд ажиллаж эхэлсэн.
Мөн тус дүүргээс авто тээврийн хэрэгсэл эзэмшдэг 84 байгууллагад татвар, төлбөр, хураамждаа 5 дугаар сарын 01-ний дотор хамрагдахыг сануулсан албан бичиг хүргүүлж эхний ээлжинд 24 аж ахуйн нэгжийг хуульд заасан хугацаанд татварт хамруулсан байна.
Харин энэ сарын 15-наас эхлэн явуулын авто оношилгоо хийж эхэлсэнтэй холбоотойгоор дүүргийн “Авто жим” НӨҮГ-т даатгалын компаниуд, арилжааны банк, татвар хураах ажлуудыг нэг дор байрлуулан иргэд нэг цэгээс бүх үйлчилгээг авах боломжийг бүрдүүлжээ.
Түүнчлэн авто оношилгооны төв, дүүргийн татварын хэлтсүүдэд татвар төлөлттэй холбоотой мэдээллийн самбар ажиллуулж байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!