УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн зарчмын зөрүүтэй саналуудад Ардчилсан намын бүлэг ямар байр суурь илэрхийлэх тухай хэлэлцэж шийдвэрлэжээ.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэж байсан ч тус хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсэг зарим зүйлийг нягталж үзэх шаардлагатай гэсэн учраас намрын чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд тус хуулийг хэлэлцэхээр болсон. Тус хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй хэд хэдэн саналуудад тус намын бүлэг байр сууриа нэгтгэхийн зэрэгцээ УИХ дахь бусад нам эвслийн бүлгүүдтэй нэгдмэл ойлголцолд хүрэх нь зүйтэй гэж үзжээ.
Тухайлбал мега төслүүдийг Хөрөнгө оруулалтын тухай хуулиар Засгийн газрын гэрээний үндсэн дээр зохицуулахтай холбоотойгоор хөндлөнгийн санал орж ирснийг хэлэлцсэн. Уг хуулийн төсөлд “500 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт хийж буй аж ахуйн нэгж өөрөө хүссэн тохиолдолд Засгийн газартай гэрээ байгуулж болно” гэсэн заалтыг дэмжиж оруулах нь зүйтэй. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд “шалгалт” оруулах тухай заалтыг “хяналт” болгох нь зөв гэж гишүүдийн олонх нь дэмжсэн байна.
Дараагийн хэлэлцсэн асуудал нь 2024 он хүртэл Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын тухай УИХ-ын тогтоолын төсөл. Хэлэлцэх эсэхийг нь чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжиж, нэлээд хэдэн сар өнгөрсөн байсан баримт бичгийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхэд ямар асуудлуудыг анхаарч ажиллах талаар ажлын хэсэг болон Уул уурхайн сайдын мэдээллийг сонсож, 2024 он хүртэл баримтлах бодлого учраас нухацтай хэлэлцэж нэн түрүүнд ҮАБЗ-ийн хурлаар оруулж санал авах хэрэгтэй гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!