Дэлхийн анхны хувийн сансрын тээврийн компани болох Space X өчигдөр Dragon сансрын хөлгөө амжилттай хөөргөлөө.
Энэ удаагийн нислэгийн зорилго нь 2008 онд НАСА-тай хийсэн гэрээнийхээ дагуу нийт 12 удаагийн хангамжийн ачааг Олон Улсын Санрын Станцад хүргэхээс гурав дахийг нь тээвэрлэж хүргэх юм. НАСА-тай байгуулсан гэрээний дүн 1.6 тэрбум доллар.
Dragon хөлөг 1.8 тонн жинтэй хангамжийн материал тээвэрлэж яваа юм.
Нислэгийг уг нь Даваа гарагт гүйцэтгэсэн боловч пуужингээс гелийн хий алдагдсан тул буцааж дахин засварлаад Баасан гарагт хоёр дахь оролдлогоо хийжээ.
Энэ удаагийн нислэгийн онцлог нь Dragon хөлгийг цоо шинэ Falcon 9 пуужингээр зөөвөрлөж байгаа юм. Falcon 9 нь дөрвөн хөлтэй анхны загварын пуужин. Хөлгийг тойрог замд хүргэснийхээ дараа буцаж дэлхийд газардахад энэ нь зориулагдсан юм.
Өөрөөр хэлбэл пуужинг газарт амжилттай буцааж чадвал дахин сэргээж засварлаад дараагийн нислэгт ашиглах боломжийг туршиж байгаа.
Space X компаний хэтийн зорилго нь сансрын аялалын өртгийг эрс бууруулснаар сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэх.
Одоогийн нөхцлөөр бол сансарт хөөргөх пуужинг нэг удаа бүтээж нэг удаа ашигладаг. Иймд маш өндөр зардалтай болдог юм. Харин пуужинг олон удаа ашиглах боломжтой болвол зардал маш их буурах ажээ.
Тиймээс бид энэ удаа Falcon 9 пуужинг дахин ашиглах туршилтын үр дүнг харж болохоор боллоо. Тэгж чадвал сансрын шинжлэх ухаанд том дэвшил гарах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!