Халдварт өвчин судлалын үндэсний төвд хачигт хазуулсан гэх иргэд хандах нь олширсон байна. Энэ сарын эхээр л гэхэд 37 хүн тус төвд хандаж, тэднээс гурав нь хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Иймд иргэд ой модтой газар, хөдөө хээр явахдаа хачигт халдвараас сэрэмжлэхийг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж байна.
ХАЧИГ ГЭЖ ЯМАР АМЬТАН БАЙДАГ ВЭ?
Хачиг нь үе хөлтний хүрээ, аалз хэлбэртний ангид багтах бөгөөд дэлхий дээр 3000 гаруй зүйл хачиг бүртгэгдсэнээс манай улсад 462 зүйл хачиг байдаг нь тэмдэглэгдсэн байна. Хачгууд нь өвчин үүсгэгч вирус, нян, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, мал, амьтдын цусыг сорохдоо хүн, амьтанд дамжуулдаг.
Цаг уур ба газарзүйн байрлал, улирлын байдал зэргээс шалтгаалан хачиг нь 4-5 дугаар сарын дунд үед ичээнээс гардаг. Бие гүйцсэн хачгийн идэвхтэй үе нь хавар, зуны улирал байдаг аж.
Манай улсын ойн болон бэлчээрийн хачгийн тодорхой хувь нь хачигт энцефалитын вирус, боррели, риккетсээр халдварлагдсан байдаг.
Иймээс хачигт хазуулсан хүн бүр өвчилдөггүй. Иргэд хачигт хазуулсны дараа хазсан хэсэгт улайх, өвдөх, ойролцоох тунгалгийн булчирхай үрэвсэх, толгой өвдөх, халуурах, хүзүү хөших, бөөлжих зэрэг зовиурууд илэрвэл эмчид хандах хэрэгтэй.
Хачигт энцефалит ба хачигт боррелиозын хөнгөн, дунд, хүнд аль ч хэлбэрийг орон нутгийн эмнэлэгт эмчлэх боломжтой юм.
БИЕД ШИГДСЭН ХАЧГИЙГ ХЭРХЭН ЗӨВ АВАХ ВЭ?
Хачиг хазалтаас үүссэн шархыг халдваргүйжүүлэх нь бохирдох, буглаа үүсэхээс сэргийлдэг. Иймд, хачиг дээр ургамлын тос түрхээд 1-2 минутын дараа хачгийн ил хэсгээс хавчаараар барьж, 45 хэмийн налуу өнцгөөр зөөлөн дээш татаж авна.
Мөн арьсанд шигдсэн хачигны хошууг нарийн утсаар оосорлож хоёр үзүүрийг хачгийн ил хэсгийн хоёр талд үлдээнэ. Утасны хоёр үзүүрийг хачигны хошууг тойруулж зангилаад зөөлөн ганхуулах замаар хошуутай нь сугалж авна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!