Монгол үндэсний бахархал өв соёл болсон дээлийг улстөрчид хууль гаргахын төлөө, ямар нэгэн шинэ зүйл хийхдээ хавчуулж байгааг Монгол Улсын гавъяат жүжигчин, дуучин С.Жавхлан эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр:
Би дээлээ өмсдөг. Би дээдсээ хүндэлдэг Монгол хүн гэтэл энэ сайхан үндэсний хувцасыг минь хэрүүл уруулдаа хавчуулж байна. Заавал дээл гэхгүй давхар пиджакаа тайл гэж яагаад ярьж болдоггүй юм бэ? Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та энэ зүйлд яагаад дээл гэдэг үг оруулаваа. Энд дээл ямар хамаа байнаа. Нэг хэсэг нь дээлээ өмс гэж байхад нөгөө хэсэг нь дээлээ тайл гээд уриалаад яваад байдаг. Энэ сайхан үндэсний өв соёлоо ийм хэрүүл уруулд оруулаад байдаг үүнд би харамсаж байна. Ерөнхийлөгчид гомдож байна би.
Өөрсдийн хутгасан заваан жанхуундаа Монголын өв соёлыг хутгаж, Монгол дээл тайлахын тухайд сурталчилдагаа больцгоо.
Монголын өвөг дээдсийн үлдээсэн хамгийн том өв соёлоороо оролдож, хууль яриад суух эрх хэнд ч байхгүй. Өөрсдийн хутгасан заваан жанхуундаа Монголын өв соёлыг хутгаж, Монгол дээл тайлахын тухайд сурталчилдагаа больцгоо.
Би хөдөө орон нутагт хийж явсан тоглолтоо цуцлаад ирлээ. Орон нутгийнхан маш их бухимдалтай байна.
МАН-ын нөхдүүд Чингис хааны талбай дээр жагсаал цуглаан зохион байгууллаа. Хэн нь жагсаж, хэн нь гэрээ барьж, хэн нь өлсгөлөнгөө зарлах нь над огт хамаагүй. Тэртэй тэргүй хаврын хаварт монголчууд дандаа муудалцдагаас хойш.
Гэхдээ МАН-н нөхдүүд ямар муухай дээл өмсөө вэ? Тэдэнд бүгдэнд нь наадмаар өмсдөг гоёл байгаа шүү дээ. Хэнээс ч илүү үйтэн хуар, хэнээс ч илүү үнэтэй балбын торгон дээл байдаг байлгүй дээ. Хэний өмнө хэнийг доромжлох гээд байгаа юм бэ? Монголын мянга мянган залуус бид та нарын энэ үйлдэлд харамсаж байна.
Тэнд буриад дээл хүртэл өмссөн байна. Өнөөдөр буриадууд шиг их хэлмэгдсэн омогтон ястан Монголд байхгүй. Яагаад өнөөдөр тэгтлээ их хэлмэгдэж, тэгтлээ их зүдэрсэн буриад хүмүүсийн дээлийг өмсөж зогсож байгаа юм бэ? “Монголоо нэгтгэж, монголчуудыг сайхан амьдруулна” гээд байсан хүмүүс үндэстэн ястнаар нь доромжилж, улс төр хийж байна.
МАН-ын нөхдүүд та нар буриад ахан дүүсээс албан ёсоор уучлалт гуй.
Монголын үндэсний өв соёлоороо хоорондоо “дайтах” гэж байгаа бол бид зогсоож чадна. Чамин тансаг ур хийцтэй буриад түмний өв соёлыг доромжилсныхоо төлөө МАН-ын нөхдүүд та нар буриад ахан дүүсээс албан ёсоор уучлалт гуй гэсэн юм.
Эцэст нь тэрбээр дээлээ тайлахын эсрэг дээлээ өмсөхийг уриалсан өдөрлөгийг маргааш Чингисийн талбайд 09.00 цагаас зохион байгуулах гэж буйгаа дуулгалаа.
Монгол түмний их өв соёл, 37 алтан ургийн их хаадуудын үе, үедээ өмсөж эдэлж ирсэн алтан цадигт үндэсний сайхан дээл хувцсаа бид хамгаална. Монгол хүн дээлээ тайлдаггүй харин өмсдөг юм гэв.
Иймээс Монголын бүх залуучууд, Монгол эх орондоо хайртай, өв соёлдоо хайртай бүх монгол хүмүүсийг дээлтэйгээ ирэхийг уриаллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!