Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч Ян Хансенаас зарим зүйлийг тодрууллаа.
-Манай улсын эдийн засаг сэргэхэд гаднаас нөлөөлөх хүчин зүйл юу байна вэ?
-Монголын эдийн засгийн энэ жил болон ирэх жилийн байдлыг авч үзэхэд Оюутолгой чухал байр суурьтай байна. Уг төсөл эдийн засгийн сэргэлтэд гол хүчин зүйл болно. Уул уурхайгаас бусад салбарын хувьд нэг их нөлөөлөхгүй.
Мөн бодлогын өөрчлөлтийг маш зөв хийх хэрэгтэй. Дэлхийн хөгжиж буй орны эдийн засаг тогтворжиж байгаа нь эерэг нөлөө үзүүлнэ. Мөн Хятадын эдийн засаг чухал үзүүлэлт болно.
-Инфляцийн өсөлтийг бууруулахын тулд юу хийх ёстой вэ?
-Төсөв санхүү, мөнгөний бодлого нь тэлсэн байгаа энэ нөхцөлд төгрөгийн ханшийн сулрал үүсч байгаа юм. Сүүлийн хэдэн. сарын дотор төгрөгийн ханш 26 хувиар суларсан байна. Энэ нь импортын барааны үнэ, инфляц өсөхөд нөлөөлдөг. Ирэх саруудад энэ байдал үргэлжлэнэ гэж харж байна. Гэхдээ бодлогоо чангатгаснаар үүнээс гарч болно. Мөн Хөгжлийн банкнаас гарч буй мөнгөний зарцуулалтыг хянах хэрэгтэй.
-Хөгжлийн банкнаас хийж байгаа мөнгөний зарцуулалтыг зохистой болгох талаар хэлж байна. Ямар байдлаар хийх вэ?
-Хөгжлийн банкны мөнгөний зарцуулалт одоогоор төсвийн гадуур байгаа. Хэрэв үүнийг төсөвт хамааруулвал тогтвортой байдлын хуулийн үйлчлэлд хамрах болно. Тиймээс ирэх жилээс төсөвт оруулах хэрэгтэй. Үүний үр дүнд төсвийн алдагдал тоггворжиж, хяналттай болох юм.
Тухайлбал, өнгөрсөн жилийн төсвийн алдагдал нь мөнгөн алдагдал 1.4 хувь байсан бол тэнцвэржүүлсэн нь 1.7 хувьтай байсан. Харин төсвөөс гадуурх зарцуулалтыг оролцуулан тооцвол 11 хувийн алдагдалтай байсан.
-Валютын ханшийн өсөлтөд нөлөөлж буй нь мөнгө, төсвийн зөөлөн бодлого гэж байна. Хатуу бодлого барихын тулд юу хийх ёстой вэ?
-Тодорхой тоо нэрлэх боломжгүй. Гэхдээ одоо байгаа нөхцөлд тогтворжих болов уу гэж бодож байна.
ОУВС-гаас гаргасан судалгаагаар Монгол Улсын үндэсний валют байх хэмжээнээс илүү үнэлэмжтэй байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг.
Тиймээс одоогийн нөхцөл нь байх ёстой хэмжээнд нэлээд ойртож байна гэж харж байна. Үүнээс гарч буй үр дагаварын талаар ярьж байна. Тэгэхээр эдийн засгийн бодлого зөв зүйтэй явбал төгрөгийн ханш тогтвортой байх боломжтой.
-Хэт зөөлөн байдлыг хэрхэн сайжруулах вэ?
-Монгол Улс 2012 оны сүүлчээр худалдааны нөхцлийн шоконд орсон. Нүүрснээс олох орлого үлэмж хумигдаж, гадаадын хөрөнгө оруулалт 50 орчим хувь буурч байсан.
Монгол Улсын Засгийн газар, Төвбанк эдийн засгийг дэмжих шаардлагатай гэж үзэн их хэмжээний мөнгийг эдийн засагт оруулсан. Энэ нь импортыг дэмжиж зарцуулалт хяналтаас гарсан нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!