• 6 сарын 15, Ням
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Цагийн ажил өдрийн 15-20 мянга бол байнгын ажлын байр 40-50 мянган төгрөг

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 4 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Монголын залуучуудын холбоо ХУИС-ийн дэргэдэх HRM клубтэй хамтран “Төгсөгч-2014” ажлын байрны яармагийг өнөөдөр зохион байгуулж байна.

Уг өдөрлөгт “Найрамдал” зуслан, “Эрэл” банк, “Капитал” банк, “Женко тур” зэрэг ажил олгогч 15 компани оролцож байв.

14.30 цагийн үед 500 орчим оюутан залуус тус өдөрлөгт оролцож, өөрийн сонирхсон цагийн болон байнгын ажлын байрандаа анкет бөглөсөн байлаа.

Цагийн ажил өдрийн 15-20 мянга бол байнгын ажлын байр 40-50 мянган төгрөг байна

Өдөрлөгийг зохион байгуулагч HRM клубын тэргүүн Г.Намуулангаас зарим зүйлийг тодруулсан юм.

-Одоогийн байдлаар /14.30 цаг/ яг хэчнээн оюутан ажлын байрны өдөрлөгт хамрагдаад байна вэ?

-Хэдийнээ 500 гарчээ. Ер нь оюутнуудын идэвхи маш сайн байна.

-Оюутнууд голчлон цагийн ажил хайж байна уу, байнгын ажил хайж байна уу?

-Сургуулиа төгссөн оюутнууд ивэхчлэн байнгын ажлын байр хайж байна. Харин I, II, III курсийн оюутнууд зуны амралтаараа хийчих цагийн ажил сонирхож байх шиг.

-Ажлын байрны өдөрлөгийг цаашид тогтмол явуулах уу?

-Манай клуб энэхүү өдөрлөгийг ХУИС-ийн хэмжээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Харин энэ жил илүү өргөжүүлж, илүү олон оюутан хамруулж ажлын байраар хангах үүднээс МЗХ-нд хандаж, хамтран ажиллаж байна.

-Өдөрлөгт ажил олгогч 15 компани оролцож байгаа юм байна. Цөөн юм шиг санагдлаа. Ер нь ажлын байрны өдөрлөгт ажил олгогчид хэр идэвхитэй оролцдог вэ?

-Уг нь идэвхи сайн. Харамсалтай нь зохион байгуулагч бидний зүгээс цаг хугацааг нь тулгаж хэлсэн учраас зарим байгууллагууд маань амжсангүй бололтой.

“Төгсөгч-2014” ажлын байрны яармагт МЗХ-ны дэргэдэх “Хөдөлмөрч залуучууд” төв оролцож байв. Тус төв оюутнуудыг ажлын байраар хангах байнгын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэргүүнээр нь Б.Баасандорж гэгч залуу ажилладаг аж.

-Өнөөдөр танай төвд хэчнээн ажлын байр бүртгэлтэй байна вэ. Оюутнууд хэр хандаж, үйлчлүүлдэг вэ?

-725 ажлын байр байна. Өдөрт дунджаар 50 оюутан ханддаг. Харин ачаалал ихтэй өдөр ажил хайсан оюутнуудын тоо 100 гарах нь бий.

-Оюутнууд ихэвчлэн ямар ажил сонирхож байна. Цалин хөлсний хувьд хэр хэмжээтэй байх юм?

-Ихэвчлэн байнгын ажлын байр хайж байна. Өөрөөр хэлбэл, тогтвор суурьшилтай ажиллах ажлын байр. Харин цалин хөлсний тухайд цагийн ажил өдрийн 15-20 мянга бол байнгын ажлын байр 40-50 мянган төгрөг байна гэж хариулсан юм.

Ажлын байрны өдөрлөгт оролцож байгаа олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн тухайд есөн ажлын байранд 20 оюутан шалгаруулж авахаар ирсэн хэмээн тус газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга М.Мядагмаа хэлж байлаа.

-Нийтдээ 20 оюутанг ажлын байраар хангах юм байна. Одоогоор хэчнээн оюутан анкет бөглөөд байна вэ?

-50 гаруй оюутан анкет бөглөөд байна. Эдгээр оюутнуудаас сонгон шалгаруулж, тэнцсэнийг нь ажилд авах юм. Сонгон шалгаруулалт энэ сарын 19, 20-нд Монголын хүүхдийн ордонд болно.

-Ажлын байрны тухайд дэлгэрүүлээч. Оюутнуудад ямар ажлын байр санал болгож байна вэ?

-Зуны бүлгийн удирдагч багшийн орон тоонд 12 оюутанг ажилд авна. Мөн мэргэжлийн чиглэлээр сургууль төгссөн оюутнуудыг тодорхой шалгуур үзүүлэлтийн хүрээнд үндсэн ажилтнаар авах бодолтой байгаа.

-Аливаа албан байгууллага ажилласан жилийн туршлага ихээхэн хардаг. Танай төвийн тухайд?

-Биднээс тавьсан шалгуурыг бүрэн хангаж байвал заавал 2-3 жил ажилласан байх шаардлагагүй гэж үзэж байгаа. Түүнчлэн бид өөсрдөө тодорхой хэмжээний сургалтуудыг дотооддоо тогтмол зохион байгуулдаг учраас шинэ ажилтны ур чадварыг дээшлүүлээд  байх боломжтой.

-Мэдээж “Найрамдал” зуслан олон улсын хүүхдийн төв гэдэг утгаараа ажлын байрны нэг шалгуур нь гадаад хэл байх?

-Тийм ээ, тухайн ажилтан англи, орос, япон, солонгос гээд гадаад хэлний тодорхой хэмжээний мэдлэгтэй байх шаардлагатай. Дор хаяж бүлгийн хоёр багшийн нэг нь заавал гадаад хэлтэй байх шаардлага тавьдаг гэлээ.

Харин  “Төгсөгч-2014” ажлын байрны өдөрлөгт ирсэн оюутнуудын бодлыг сонсож байхад тогтмол гэхээсээ илүүтэй цагийн ажлын байр түлхүү байгааг хэлж байлаа.

Өдөрлөг 17.00 цагт дуусна.

1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг