Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.
Энэ сарын 13-ны өглөө 06.00 цагийн орчимд Их дэлгүүрээс урагш, АСА цирк орох зам дагуу байрлуулсан гэрэлтүүлгийн шон унасан асуудлыг холбогдох хүмүүсийг байлцуулан хэлэлцлээ.
Гудамж төслөөс мэдээлснээр уг гэрэлтүүлгийн шонг байрлуулах ажлыг Эдийн засгийн хөгжлийн яамны Гудамж төслийн захиалгаар “Велдедлайне Монголиа” ХХК хийж гүйцэтгэжээ.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд чанаргүй ажил гүйцэтгэсэн компани, хариуцлагагүй хандаж уг ажлыг хүлээн авсан албаны хүний тайлбарыг сонссон юм.
“Велдедлайне Монголиа” ХХК-ийн төлөөлөгч Г.Бавуудорж “Уг ажлыг хүйтний улиралд хийж гүйцэтгэсэн. Гэрэлтүүлгийн шонгийн суурийг хийхгүйгээр байрлуулсан нь үнэн” гэсэн бол
ажлыг хүлээж авсан Гудамж төслийн цахилгааны инженер А.Ермек “Гэрэлтүүлгийн шонг шууд газартай нь бэхэлж байрлуулсныг ажил хүлээн авахдаа мэдэж байсан” гэлээ.
Харин нийслэлийн Засаг дарга “Ийм хариуцлагагүй үйлдэл хийж нийслэлийн иргэдийн эрхэд ноцтойгоор халдаж байгааг санаатай үйлдэл гэж үзэж байна.
Хэдийгээр Эдийн Засгийн хөгжлийн яамны Гудамж төслийн захиалгаар хийж гүйцэтгэсэн ч нийслэлийн нутаг дэвсгэрт хийгдсэн ажил, осол учраас уг ажлыг хийж гүйцэтгэсэн компани, хүлээн авсан албаны хүнд хариуцлага тооцох саналыг Эдийн засгийн хөгжлийн яамд хүргүүлье.
Мөн өнөөдрийн байдлаар тухайн байршилд байрлуулсан гэрэлтүүлгийн 10 шонг шалгах ажлыг зохион байгуул” гэсэн "лүндэн" буулгалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!