
Украйны зүүн хэсгийн Донецк, Луганск, Харьков мужид Оросын талыг баримтлагчид эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж, орон нутгийн захиргааны байрыг эзэлж авсан тухай бид мэдээлж байсан билээ.
Тэгвэл Засгийн газрын цэргүүд өчигдөр өглөө Донецк мужийн Славянск хотноо босогчдын эсрэг тусгай ажиллагааг эхлүүлсэн байна.
Хохирлын талаар тодорхой мэдээлэл байхгүй ч ямартай ч байсан хүний амь үрэгдэж шархадсан талаар хойд хөршийн хэвлэлүүдэд мэдээлж байгаа юм.
Украйны дотоод хэргийн сайд Арсен Аваков ням гарагийн өглөө өөрийн фейсбүүк хуудсандаа “Эсэргүүцэгчдийг дарах ажиллагаа Донецкийн Славянск хотоос эхэллээ. Бурхан өршөөг” хэмээн бичсэн байсан бөгөөд үүний өмнө тэрбээр эсэргүүцлийн хөдөлгөөн дэгдсэн хотуудад буудалцаан гарч байгаа талаар мөн мэдээлж байсан юм.
Зүүн мужууд дахь салан тусгаарлагчдын эсрэг тусгай ажиллагаа явуулж эхэлсэн гэсээ энэхүү мэдээллийг Иитерфакс агентлаг баталж байна. Славянск хотын дээгүүр байлдааны нисдэг тэрэг эргэлдэж, салан тусгаарлагчид орогнож байгаа хотын захиргааны байр, төв талбай руу очих замын хөдөлгөөнийг хаажээ.
Хотын бүх замууд дээр тусгай эргүүл гарч, жолооч нарын бичиг баримтыг шалгаж байгаа юм байна.
Эсэргүүцэгчид хотын төвд хэд хэдэн бэхлэлт үүсгэн байрлаж байгаа ч тусгай хүчнийхэн эхнээс нь эзэлж эхэлжээ. Оросын талыг баримтлагчдаас бүрдсэн өөрийгөө хамгаалах бүлэглэл гэгч нь эсэргүүцэгчдийн хяналтад байгаа зарим гол байруудыг Засгийн газрын цэргүүдээс хамгаалж байгаа юм байна.
Интерфаксын дамжуулсан мэдээлэл ийм байгаа бол Украйны хэвлэлүүдэд Славянск хотыг эсэргүүцэгчдээс бараг л бүрэн чөлөөлсөн гэсэн мэдээлэл цацаж байна. Тухайлбал Дээд радын гишүүн Александр Бригинец “манай цэргүүд хотын захиргааны байр болон хотын цагдаагийн газрын байрыг эзэлж аваад байна” хэмээн мэдэгджээ.
Түүний хэлснээр бол тусгай ажиллагаа явуулах үед талууд буу, гаранат шидэгч ашигласан гэнэ. Мөн босогчдыг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан Славянск хотын мэр Нелли Штеп тэргүүтэй хүмүүс хотыг орхин явжээ. Орос-ыг үзэн яддаг Барууны сектор хэмээх бүлэглэлийн 150 дайчин эсэргүүцэгчдийн хяналтад байгаа Славянскийн нисэх буудалд очоод байгаа бөгөөд удахгүй дайралтаа эхлүүлнэ гэсэн мэдээллийг мөн цацаж байгаа юм.
Төрийн захиргааны байруудыг чөлөөлөх энэхүү тусгай ажиллагааны үеэр нэг хүний амь үрэгдэж, есөн хүн шархадсан гэсэн мэдээллийг Интерфакс агентлаг өгч байна. Түүнээс гадна Славянск, Артемовск хотуудыг холбосон замын дагуу маргалдаан болж байгаа юм байна.
Украйны дотоод хэргийн сайд Арсен Аваков Засгийн газрын талаас нэг хүний амь хохирч, таван хүн шархадсан гэсэн мэдээллийг хамгийн сүүлд хийсэн бөгөөд эсэргүүцэгчид ч хохирол амссан гэхдээ хэд гэдгийг нь мэдэхгүй гэжээ.
Славянскт ийнхүү тусгай ажиллагаа явагдаж эхэллээ.Тусгай ажиллагаа эхэлсэн өдөр буюу ням гарагт Украйны Ерөнхийлөгч асан Виктор Янукович Доны Ростов хотноо хэвлэлийн бага хурал хийлгэж, АНУ Украйнд цус асгаруулахыг хүсч байна хэмээн ихээр шүүмжилсэн мэдэгдэл хийсэн юм.
Тэрбээр Украйн дампуурлын зүгтээ явж байна, ард иргэд хэзээ ч үндсэрхэг үзэлтнүүдийн дарамтан дор амьдарч чадахгүй гэж үзэж байгаа гээд “Цөөнх болох үндсэрхэг үзэлтнүүд олонхийгоо захирах санаа сэдэж Майданд жагссанаар энэ бүхэн эхэлсэн.
Тэд хүсэл бодлоо олонхид тулгаж, хүлээн зөвшөөрөхгүй болохоор зэвсэг хэрэглэсэн. Улс орноо ийм байдалд оруулсан сөрөг хүчний нөхдөд эрүүгийн хариуцлага тооцох ёстой” гэсэн байна.
АНУ-ын ТТГ-ын дарга Жон Бреннан Киевт айлчилж, түр зуурын ерөнхийлөгч Олександр Турчинов, Дотоод хэргийн сайд Арсен Аваков нартай уулзсаны дараа Украйны ҮАБЗ хуралдаж, зүүн Украйн руу цэрэг илгээх шийдвэр гаргасан явдлыг тэрбээр холбоотой гэж үзэж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн юм.
НҮБ өнөө өглөө Нью Йорк хотноо Аюулгүйн зөвлөлийн ээлжит бус хурал зарлан хуралдуулсан.
ОХУ-ын шаардлагаар зохион байгуулсан энэ хурал дээр ОХУ-аас НҮБ-д суух байнгын төлөөлөгч Виталий Чуркин “Майданчууд болон үндэсний үзэлт неонацистуудыг санхүүжүүлэгч барууны орнууд, тэдний ар талд зогсож байгаа АНУ украйны жирийн иргэдийг хооронд нь эвдрэлцүүлэхээр турхирч байна” хэмээн мэдэгдээд “ОХУ Украйны хилийн ойролцоо цэргийн хүч хуралдуулж, цөмрөн орохоор завдаж байгаа гэсэн мэдээлэлд итгэхгүй байхыг дэлхийн нийтэд хандан уриалсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!