Орос хэлтэн хүн ам голлон суудаг Украйны дорнод мужуудад байдал хүндэрлээ. Өчигдөр гэхэд Словянск, Краматорск, Дружковка зэрэг хэд хэдэн хотуудын захиргаа, цагдаа зэрэг гол байгууламжуудыг нүүрэндээ баг зүүж, зэвсэглэсэн этгээдүүд эзлэж аваад байна.
Тэдний шаардлага Украйнаас тусгаарлаж ОХУ-ын бүрэлдэхүүнд орох. Бүр Москвагаас дэмжлэг хүссэн тухай ч мэдээлж байна.
Тэгвэл өчигдөр эзлэгдсэн хотуудын нэг болох Словянск хотыг чөлөөлөх ажиллагааг Украйны засгийн газар зохион байгуулж эхэлсэн талаар тус улсын дотоод хэргийн сайд Арсен Аваков хувийн Facebook хуудсандаа мэдээлжээ.
Ажиллагааны үеэр зэвсэгт мөргөлдөөн болж Украйны тусгай албаны нэг албан хаагч амиа алдаж, таван хүн шархдсан байна. Оросын талынхан гудамжуудад бэхлэлт байгуулан эсэргүүцэж эхэллээ.
Одоогоор Оросын зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд Украйны зүүн хил дээр бөөгнөрөөд байгаа билээ. Энэ мэтээр үйл явдал цааш өрнөвөл Крымийн түүх дорнод Украйнд давтагдахаар боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!