Хууль зүйн ухааны доктор Ш.Сүхбаатарын “Монгол төрийн мэргэн өвөө” номын нээлт “Интерном” номын дэлгүүрт боллоо.
Энэ ном бол номын гол баатар Монгол төрийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуу гуайн талаархи бодит хүмүүсийн эгэл дотно хууч яриа, аман түүхээс бүрдэж буй бөгөөд тэдний ажил амьдрал, өнгөрсөн он жилүүдэд өөрчлөгдөн хувьссан хэдий ч аль болох тухайн цаг үеийнх нь ажил алба, алдар гуншинг нь өөрчлөлгүй бичжээ.
Уг ном нь зохиол бус бүхэлдээ бодит хүний үнэн амьдрал, улмаар XX зууны монголчуудын туулж ирсэн амьдралын түүхэн дүр төрхийг эгэл нэгнээр дамжуулан тодотгосон тодотгол юм.
Хууль зүйн ухааны доктор Ш.Сүхбаатар төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн амьдралыг сонирхон судалсан арвин баримтыг номдоо багтаажээ. Ж.Самбуу нь 50 жил тасралтгүй төрд алба хашсан. Анх хошуу тамгын хавсраа бичээчээс, Сангийн яамны тэргүүн зэргийн нягтлан бодогч, Төв аймгийг Богд хан уулын аймаг байхад нь анхны дарга, Өмнөговь аймгийн анхны дарга байжээ.
Орон нутагт төр төвхнүүлэх ажлыг хийгээд зогсоогүй Хөдөө аж ахуйн яам, Гадаад яаманд хэлтсийн дарга, дараа нь Гадаад яамны орлогч сайдаар ажиллаж, ОХУ-д есөн жил, хойд Солонгост хоёр жил Элчин сайдаар суусан дипломат хүн. Монгол төрийн тэргүүнээр 18 жил ажилласан.
Түүний төрийн хүний төв ухаан, ноён нуруу, зангарагийг дандаа сайн сайхнаар хүмүүс дурссан байдаг. Ю.Цэдэнбал дарга “Монгол төрийн гарамгай зүтгэлтэн, хашир туршлагатай мэргэн өвөө” хэмээсэн.
Америкийн нэрт Монголч эрдэмтэн Оуэн Латимор “Ж.Самбуугийн хүмүүнлэг чанарыг хүндэтгэдэг” гэсэн байхад манай улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Ж.Самбуу даргын ард түмнээ хайрладаг хайр, хүнлэг, энгийн өөриймсөг сэтгэл, мал аж ахуйг эрхлэх ухаан, төлөв төвшин, онч мэргэн үгс түмэн олны хүндэтгэлийг өөрийн эрхгүй татаж чадсан билээ” гэжээ.
Ж.Самбуу “Төрийн алба хаагч хүн амнаас гарах хийгээ бодож хэл, эхлээд хүний үгийг сайн сонс. Үг хэлэх амархан. Засахад хэцүү. Төрийн хүн сууж сурах хэрэгтэй. Түвшин сайхнаар хүн рүү харж ярь, үгийг нь сонсохын тулд нүд рүү нь хар. Хүрз зээтүү барьж, малын шивтэр бууц үнэрлэж байж төр удирдах хүн болно. Тиймээс төрийн том албанд хэнийг ч оюутны ширээнээс шууд тавьж болохгүй.
Төрд хүнийг бэлтгэхдээ ийм зарчим барьж бай” гэдэг байсан хэмээн олон хүн дурсдаг юм билээ. Монголын төрд Самбуу шиг хүнийг олон болгох зорилгын үүднээс энэхүү номоо зохиогч бичжээ.
Тиймдээ ч номын нээлтэд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Содном, Ардын уран зохиолч Д.Цоодол, П.Бадарч зэрэг олон хүндтэй зочид хүрэлцэн ирсэн юм. Тиймдээ ч хүндэт зочид “Ш.Сүхбаатарын ном цагаа олсон бүтээл болжээ” хэмээн үнэлж байсан юм. Номын нээлтийн үеэр Хууль зүйн ухааны доктор Ш.Сүхбаатарын сэтгэгдлийг сонслоо.
Ш.Сүхбаатар: Монголын төрд Ж.Самбуу дарга шиг хүн олон байхыг хүсч номоо туурвисан
-Би 1982 оноос энэ мундаг хүний талаар судалж эхэлсэн. Намайг бага байхад манай нутгийн хөгшчүүл Ж.Самбуу гуайн талаар маш сайхан үлгэр домог шиг яриа өрнүүлдэг байлаа. Энэ бүх дуулж сонссон аман түүхээ “Монгол төрийн мэргэн өвөө” нэртэй ном болгож 2003 онд хэвлүүлсэн.
Өнгөрсөн арван жил Ж.Самбуу гуайн түүхийг нарийвчлан судлаад нэмж тодотгосон хоёр дахь хэвлэлээ одоо гаргаж байна.
Ж.Самбуу гуай насан туршдаа тавин жил тасралтгүй төрдөө алба хашиж ирсэн хүн. Монгол төрийн тэргүүнээр 18 жил ажилласан. Ийм хүний амьдралыг сонирхон судлах бүр ухаад баршгүй уурхай шиг арвин баримтууд олддог юм. Энэ бүхний сэжүүрээс энэ ном бүтсэн. Төрийн албыг төвшин, ноён нуруутай, буурь суурьтай яаж хашдагийн үлгэр жишээ бол Ж.Самбуу гуай юм” хэмээсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|