Хаягдал ус цэвэршүүлэх замаар эрчим хүч үйлдвэрлэх төслийг эхлүүлэхтэй холбоотойгоор “Туул сонгино усны нөөцийн цогцолбор” төслийн концессийн гэрээг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, “Морьт импекс” ХХК-ийн ерөнхий захирал Г.Ганбат нар үзэглэлээ.
Төслийн хүрээнд концесс эзэмшигч “Морьтимпекс” ХХК нь үндсэн хоёр байгууламжийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр барьж байгуулах ёстой. Нэгдүгээрт, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжаас хаягдаж байгаа бохир усанд дахин гүн цэвэршүүлэлт хийх 200 мянган куб метр бохир ус цэвэршүүлэх хүчин чадал бүхий үйлдвэр барих юм.
Одоогийн байдлаар Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж нь нийслэлээс гарч буй бохир усны дөнгөж 30 хувийг цэвэршүүлж байгаа бол дээрх үйлдвэр ашиглалтад орсноор хаягдал усыг 90 хүртэл хувиар гүн цэвэршүүлэх боломжтой болох юм.
Улмаар цэвэршүүлэх байгууламжаас гарах усаар Төвийн эрчим хүчний системийн ачаалал тохируулах 100 МВт хүчин чадал бүхий “Усан цэнэгт цахилгаан станц” барих нь концесс эзэмшигчийн байгуулах ёстой хоёр дахь обьект болж байна.
Цахилгаан станц нь шөнийн буюу бага ачааллын 22.00-06.00 цагийн хооронд цэвэршүүлсэн усыг уулын оройд байгуулах дээд усан сандаа насосоор шахаж бэлтгэнэ. Бэлтгэсэн усаа оройн оргил ачааллын үе болох 16-22 цагийн хооронд доод усан сан руу буулгах ба энэ замд нь турбин эргүүлж, цахилгаан үйлдвэрлэн Төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлэх юм.
Гэрээг үзэглэсний дараах есөн сарын хугацаанд концесс эзэмшигч нь төслийн эхний ээлжийн санхүүжилтийг Монгол Улсын аль нэг арилжааны банкинд байршуулах учиртай юм.
Санхүүжилтийг байршуулахаас гадна нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл, урьдчилсан зураг төслийг боловсруулан төрийн захиргааны холбогдох байгууллагаар батлуулснаар концессийн гэрээ хүчин төгөлдөр болох ажээ.
Концессийн гэрээний хугацаа 23 жил байх бөгөөд концесс эзэмшигч нь эхний гурван жилд барилгын ажлыг дуусган, үлдсэн 20 жилд концессийн зүйлийг өмчлөн ашиглана. Төрийн зүгээс ямар нэгэн төсвийн дэмжлэг, баталгаа гаргахгүй, харин үйлдвэрлэсэн цахилгааныг нь худалдаж авах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!