Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан өнөөдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэх Засгийн газрын гишүүдийн “давхар дээл”-ийг тайлах тухай хуулийн санал хураалтад оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ.
УИХ дахь МАН-ын бүлгээс Засгийн газрын сайдын албыг давхар хашдаг 17 гишүүнийг өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлын санал хураалтад оролцохгүй байхыг сануулсан албан бичиг илгээжээ.
Ингэхдээ нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтуудыг мөрдөхийг анхааруулсан юм. Түүнчлэн сайд нар ямар шийдвэр гаргахыг ард түмэн хүлээж байгааг ч сануулсан.
Уг албан бичгийн хариуг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан дээрх байдлаар өгсөн гэнэ.
Гэхдээ Засгийн газрын гишүүдийг тодорхой хэсэг нь УИХ-ын гишүүн байх заалтын хувьд саналаа өгөх холбогдох хуулиудыг зөрчихгүй гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Харин хуулийг мөрдөх хугацааны хувьд санал хураалтад оролцохгүй байх нь дээрх хуульд нийцнэ гэж үзэж байгаа аж.
Тиймээс уг хуулийг мөрдөх хугацаатай холбоотой санал хураалтад оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн нь энэ юм.
Ерөнхийлөгчийн хувьд уг хуулийн төслийг өргөн барихдаа хэрэгжих хугацааг нь 2016 оны долдугаар сарын 1-нээс мөрдөхөөр тусгасан.
Харин сөрөг хүчин болох МАН-ын бүлэг 2014 оны долдугаар сарын 1-нээс мөрдье гэх саналыг гаргаад буй. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гаргасан зарчмын саналаар санал хураалт явуулах хуультай. Харин энэ асуудлаарх санал хураалтад Засгийн газрын 17 сайд оролцох нь ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж үзэгсэд олон бий.
Ингэж үзэгсдийн эхний эгнээнд мэдээж сөрөг хүчин буюу МАН-ын бүлэг зогсоно. Харин “Шударга ёс” эвсэл дундыг барьж байгаа бол, Ардчилсан намын бүлэг эсрэг байр суурьтай байгаа. Гэхдээ Ардчилсан намын бүлгийн 34 гишүүн бүгд биш л дээ.
Бүлэг доторх цөөнхийн нэг нь Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан бололтой. Өөрөөр хэлбэл өнөөгийн сайдууд УИХ-ын гишүүний албаа давхар хашаад, араас нь гарч ирэх Засгийн газар л засаглалын зөв хэлбэртэй орог гэсэн санааг тэрбээр дэмжихгүй байна.
Үнэхээр ухаалаг төрийг УИХ өөрөөсөө эхэлж, давхар дээлээ дан болгох эр зоригийг Ц.Баярсайхан сайд гаргаж байгаа бол түүнд “браво” гэж хэлье. Харин бусад сайдууд ямар алхам хийхийг харах л үлдлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!