- Эдийн засгийн онцлох мэдээ -
Өнгөрсөн оны аравдугаар сарын 25-нд Mongolian Mining Corporation, "Эрдэнэс таван толгой", "Таван толгой", Хятадын "Шинхуа" компаниуд Монголын нүүрсийг Хятад руу нийлүүлэх, цаашилбал дэлхийн зах зээлд гаргаж худалдахад хамтран ажиллахаар болж, санамж бичиг байгуулсан билээ.
Я.Батсуурь: Төмөр зам баригдсанаар одоогийн нүүрсний тээвэрлэлтийн зардал тонн тутамд 8 ам.доллараас 2 ам доллар хүртэл буурах боломжтой.
Тэгвэл “Монгол ба Хятадын хилийн боомт Гашуунсухайт - Хятадын Ганцмод”-ны боомтыг холбох төмөр замын ажлыг хийхээр талууд өчигдөр гэрээ байгууллаа. Гэрээг хэрэгжүүлэхийн тулд хоёр талын хамтын хөрөнгө оруулалттай компани байгуулж байгаа. Ингэснээр "Эрдэнэс таван толгой" болон "Таван Толгой" ХК, ММС нь тус бүр 17 хувь буюу нийт 51 хувийг эзэмших бол "Шинхуа" нь 49 хувийг эзэмших юм.
Эхний хөрөнгө оруулалт 500 мянган ам.доллар ба гэрээ үзэглэгдсэнээс хойш ажлын 10 хоногийн дотор талууд өөрсдийн эзэмшиж буй хувьцааны хувьд ногдох хэмжээний хөрөнгө оруулалтыг хийх юм.
Энэхүү хөрөнгө оруулалтаар 2014 оны эхний хагаст багтаан судалгаа ба инженерийн ажлыг хийхээр төлөвлөжээ. Үүнийг хийснээр төмөр зам барихад шаардлагатай хөрөнгө оруулалтын хэмжээ тодорхой болох аж.
Уг төмөр зам баригдсанаар одоогийн нүүрсний тээвэрлэлтийн зардал тонн тутамд 8 ам.доллараас 2 ам доллар хүртэл буурах боломжтой гэж ЭТТ-тийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь хэллээ. Мөн тээвэрлэлийн хүчин чадал 25-30 сая тн болж өсөх юм. Шинэ төмөр зам баригдсанаар жилд 25-30 сая тонн нүүрс тээвэрлэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!