Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

“Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийг зохион байгуулна

ikon.mn
2014 оны 4 сарын 8
www.ikon.mn
Зураг зураг
“Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийг зохион байгуулна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан ХЭҮК-ын Ажлын хэсэг энэ сарын 7-нд Өвөрхангай аймгийг зорьсон билээ.

Тус ажлын хэсэг нь энэ сарын 11-нийг хүртэл Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулах юм байна.  

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комисс нь "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Монгол Улсын 21 аймагт зохион байгуулж ирсэн уламжлалтай. Тус арга хэмжээ нь ХЭҮК-ын үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд сурталчлах, хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлэх, иргэд, олон нийт, төрийн байгууллага, албан тушаалтнуудын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой сургалт, сурталчилгаа, хяналт шалгалтын цогц арга хэмжээ юм.

Энэ удаагийн арга хэмжээг ХЭҮК НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байна. Хүний эрхийн өдрийн хүрээнд аймгийн удирдлагуудтай уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулж, "Төрийн үйлчилгээн дэх хүний эрхэд суурилсан хандлага" зэрэг сэдэвт хүний эрхийн сургалтуудыг тус аймгийн ЗДТГ, ИТХ болон иргэдэд үйлчлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны албан хаагчдад явуулна.

Мөн аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, эрүүлжүүлэх, цагдан хорих байр, хорих анги, цэргийн анги салбарын хүний эрхийн нөхцөл байдалтай танилцаж, хяналт шалгалтын ажил зохион байгуулах, аймгийн Засаг дарга, ИТХ-аас сүүлийн хоёр жилд гаргасан нийтээр дагаж мөрдөх захирамж, тогтоол, шийдвэрүүдэд хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийхээр тус тус төлөвлөөд байна.

Тус өдөрлөгийн үеэр ХЭҮК иргэдээс хүний эрх, эрх чөлөөний асуудлаар гомдол хүлээн авч ажиллах бөгөөд хууль зүйн зөвлөгөөг өгч үйлчлэх юм байна.