Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хаврын чуулганы нээлт хашгичсан иргэдийн жагсаалтай зэрэгцэв

М.Санчир
2014 оны 4 сарын 8
MorninigNews.mn

УИХ-ын хаврын ээлжит чуул­ганы нээлт өчигдөр шинэ хуваарийн дагуу 09:00 цагт ги­шүүдийн 71.4 хувь ирцтэйгээр эхлэв.

Уламжлал ёсоор чуул­ганы ажиллагааг нээж УИХ-ын дарга З.Энхболд үг хэлж, гишүүдэд идэвхтэй ажиллахыг санууллаа.

Мөн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Монгол Улс дахь гадаад орнуудын дипломат төлөөлөгчдийн газруудын тэр­гүүн нар оролцсон юм.

Харин энэ удаагийн чуулганы нээлт өмнөх нээлтүүдийг бодвол УИХ-д суудалгүй улс­төрийн намуудын төлөөлөл оролцсоноороо онцлог болов.

Гэхдээ энэ чуулганд улс­төрчид болоод ажиглагчид дуу нэгтэйгээр “завгүй чуулган” гэдэг албан бус нэр оноогоод байгаа. Учир нь хаврын чуулганы хугацаанд хууль са­наачлагчид, Байнгын хороод, УИХ дахь намуудын бүлэг, эвслээс 252 хууль, тогтоолын төсөл хэлэлцүүлэхээр санал гар­гасан. Гэсэн хэдий ч эдгээрээс ердөө 52 нь өргөн баригдсан байна.

Хачирхалтай нь өргөн баригдсан эдгээр 52 хуулийн төсөлд улс орны нийгэм, эдийн засагт тулгамдаад буй асуудлаас хэрхэн гарах, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар нарийн тооцоо, судалгаатай зүйл алга гэдгийг УИХ-ын дарга нээлтийн үеэр онцолж байлаа. Түүнээс гадна төсвийн тодотгол гээчийг яаралтай хийх ёстой тиймээс уг чуулганыг “завгүй” гэж нэрлээд байгаа аж.

Хаврын чуулган ийнхүү нээлтээ хийж эрхэм гишүүд саарал ордноо цугларч төрийн түшээдийн ажил ундрах нь тэр. Гэтэл саарал ордны хаяанд төв талбайд тэднийг нэгдэхийг отож байсан аятай иргэний хөдөлгөөнийхөн цугларч, уриа, лоозонгоо барин, хөгшид нь сууж, залуус нь засгийг муулсан лоозонгоороо нүүрээ тагласан байдалтай өдрийн талыг барав.

Тэд “Ц.Мөнхбаярыг сулла, ураны хаягдал булшлахаа боль, хэлмэгдэгсдийн ар гэрийнхний хохирлыг барагдуулж өг, Зас­гийн газар амлалтаа биелүүл, хамгийн гол нь наад давхар дээлээ тайл. Дулаарчихаад бай­хад давхар дээлтэй яваад шатаж үхэх нь дутаа юу” гэх утгатай лоозон барьж зогсон сүүлд нь “Халуун элгэн нутаг”-аа дуулан тарж одов. 

Харин өмнөх жагсаалуудаас өөр гэж хэлэхээр ганц зүйл нь шүглийн дуу байв. Жагсагчид индэр дээр үг хэлж байгаа хүний үгийг дэмжихдээ орилох биш шүгэлдэж байсан нь бас л сонирхолтой. Уг нь “Шударга иргэдийн фронт” хөдөлгөөний тэргүүн Т.Арслан энэ жагсаалын тухай “80 орчим иргэний бай­гууллагуудын төлөөлөл оролц­сон том жагсаал болно” гэж байсан ч тийм ч олон хүн цуглуулж чадсангүй. Мөн тэрбээр гадаа дулаарчихсан болохоор жаг­салгүй яах вэ дээ гэх утгатай зүйл ярьсан нь жагсаал цуглаан гэдэг улирлын чанартай синдром гэдгийг батлах шиг. 

Чингисийн талбайд ийнхүү иргэд бужигнаж байх зуур Төрийн ордонд УИХ-ын гишүүн Г.Уянга чуулганы нээлтээс гарч ирсэн сэтгүүлчдэд нэгэн сонирхолтой мэдээлэл хүргэсэн юм. Тодруулбал тэрбээр ирэх 14, 15-ны өдрүүдэд мөн л Чингисийн талбайд суулт хийх аж. Гэхдээ тэрбээр уг суултаа сандалтай хийх бөгөөд “Монголын нэг өдөр-2014” буюу амьдрал таниулах ард түмний цуглаан нэртэйгээр хийх юм. Түүнчлэн тэрбээр уг цуглааны бүх төсөв мөнгийг өөрийн УИХ-ын гишүүний багцаас гаргах юм байна. Мөн УИХ-д орохоосоо өмнө жагсаал цуглаан хийж явсан журмын нөхөд нь ямар нэг байдлаар хамтрахаа мэдэгдсэн гэдийг хэлж байлаа.

Яриаг нь сонсоход Г.Уянга гишүүний хийх цуглаан хавьгүй өргөн цар хүрээтэй болох бо­лолтой. Учир нь эрхэм гишүүн уг цуглаандаа цалин тэтгэвэр нь амьдралд нь хүрэхгүй байгаа, шударга бус шүүхийн шийдвэрээс хохирсон иргэд, Ц.Мөнхбаярыг өмгөөлөгчид, Оюутолгойн гэ­рээтэй холбоотой үзэл бодлоо илэрхийлэхийг хүсэг­чид, ураны эсрэг тэмцэгчид, ногоон уутыг хүүхдийн цэцэрлэг болгохыг хүсч байгаа иргэд, гэр оронгүй хүмүүс, өвчин зовлонтой боловч нийгмийн халамж хүртэж чадахгүй байгаа хүмүүс гээд амьдралдаа ямар л асуудал байна түүнийгээ авчирч хоёр өдрийн турш төв талбайд танилцуулъя хэмээн уриаллаа. 

Тэр ч бүү хэл зээлд хамрагдаж чадахгүй байгаа жижиг дунд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, түрээслэгчид гээд бүгдээрээ хүрээд ир гэж байв. Ингээд харахаар нийслэлчүүд даяараа төв талбайд цугларах шинжтэй. Гэхдээ тэдний ажлын зав чөлөө нь болохгүй л болов уу. Ядаж амралтын өдөр тааруулахгүй дээ. 

Жагсаал цуглааны сураг үүгээр дуусахгүй нь. Хаврын чуулган нээв үү, үгүй юу хэдэн талаас энд ч жагсана, тэнд ч цуглана гэх хүмүүс олширч. Тэднийг дагаад МАН-ын бүлэг хүртэл ирэх пүрэв гарагт тайван жагсаал хийх аж. Тэд мөн л УИХ нь Засгийн газраа хянаж чадахгүй байна. Энэ нь давхар дээлтэй холбоотой. Тиймээс давхар дээлээ тайл гэдэг асуудлыг ярих аж.

Ямартай ч хаврын ээл­жит чуулган З.Энхболд даргын модон алхны дуугаар нээгдэж, жагсагчдын шүг­лийн дуунаар өндөрлөв. Энэ байдлаараа бол Ерөн­хийлөгчийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж ги­шүүдийн давхар дээ­лийг тай­луулахгүй бол өдөр өнжөөд нэг жагсаал болж Төрийн ордныг боорлох бололтой. 

Зураг