Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Сэр-Одыг Монгол Улс хяхан хавчсан уу

Н.Пунцагболд
2014 оны 4 сарын 7
Монголын мэдээ
Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од

Монгол Ул­сын гавьяат та­мирчин Б.Сэр-Од энэ сарын 20-нд Японы Нага­но хот­ноо болох өвлийн олимп зо­хиогд­соны дурсгалд зо­риулсан ма­рафон гүйлтийн тэмцээнд тус улсын нэр дээр уралдахаар бол­­сон гэсэн мэдээлэл өн­гөрсөн долоо хоногт жинхэнэ шуу­гиан тарилаа.

Тиймээс ма­рафон гүйлтийн тамирчин Б.Сэр-Одыг өнгөрсөн “Долоо хо­ногийн дуулиант нөхөр”-өөр нэр­лэж байгаа юм. 

Тиймээ тэр На­ганод болох тэмцээнд орол­цоно. Гэхдээ Японы улсын нэ­рийн өмнөөс биш ердөө тус ул­сын “NTN” гэдэг компанийн нэр дээр л уралдах юм байна. Ма­най бөхчүүд цоллуулахдаа нэг компанийн нэр хэлүүлээд бай­д­аг даа. Тухайлбал, Өсөхөө авар­га Архангай аймгийн Бат­цэнгэл сумын харьяат, “Бридж” группийн бөх гэж цол­луул­даг байсан даа.

Түүнтэй адил Б.Сэр-Од Монгол Улсын харьяат, “NTN” компанийн та­мир­чин гэж дуудуулах юм байна. Ямар ч байсан одоо­хон­доо тэрбээр Японы харьяат бол­чихоогүй байгаа. Гэхдээ яваан­даа Монголын нэг шил­дэг тамирчныг Япончууд өөрийн болгоод авчихыг үгүй гэх газар алга.

Монгол Улсын ре­кор­дыг хэдэнтээ шинэчилж, Ази­даа л хамгийн шилдэгт тоо­цог­дож бай­гаа тэрбээр Японы ком­па­нийн нэр дээр уралдах болсон учир­тай. Тэр учир начрыг нь мон­голчууд өөрсдөө тавьж өг­сөн. Тиймдээ ч Б.Сэр-Одыг Мон­гол Улс хяхан хавчсан уу гэ­дэг асуултыг тавиад байгаа юм.

Учир нь гэвэл ийм л дээ. Бра­зи­лийн олимпийн цикл нэгэнт эхэл­чихээд байгаа. Б.Сэр-Од бол олимпийн наадамд оролцох та­мирч­дын нэг яах аргагүй мөн. Тэр эрхээ ядах юмгүй авчихна гэ­дэгт итгэлтэй байна. Гэтэл түү­нийг шигшээ багт авчихаад дас­галжуулагчийг нь “жийсэн”. Учир нь тэр хоёр эхнэр нөхөр бо­ло­хоор тэр гэсэн. Хууль жур­мандаа эхнэр, нөхөр хоёр нэг дор ажиллаж болохгүй” гэж заа­сан байдаг хэмээн дарга нар тайл­барлаад, шигшээ багаас түү­ний дасгалжуулагчийг хол байл­гаж байгаа аж.

Ийм дүрэм журмыг Б.Сэр-Од хайгаад олоогүй тухайгаа учирласан бай­на билээ. Тамирчны амжилт гэ­дэг дасгалжуулагчтай салш­гүй холбоотой. Гавьяат тамир­чин Б.Сэр-Од Азийн аварга бол­сон, дэлхийн аваргад шил­дэг 20-т багтаж байлаа. Хоёр ч олимпийн наадамд орол­цоод амжсан. 

Олимпийн авар­га болсон тамирчдын үзүүл­сэн цаг нь хоёр цаг таван ми­нут­тай байдаг. Манай хү­ний хувийн дээд амжилт нь хоёр цаг есөн минут. Энэ нь Мон­гол Улсын рекорд шүү дээ. Дахиад жаахан хичээгээд, ца­гаа 3-4 минутаар татахад л дэл­хий, олимпийн дэвжээнд ам­жилт гаргаж, медаль хүртэх бо­ломж байгаа. Энэ бүхнийг та­мирчин, дасгалжуулагч хоёр нийлээд хийж байгаа нь ойл­гомжтой. Хичээж ч бай­гаа байх.

Гэтэл Монгол Улс ганц­хан дасгалжуулагч шиг­шээ багт авчихаж чадахгүй го­лоо цохь­соноос болж нэг шил­дэг тамирчин Японыг сон­­гох дээ­рээ тулчихаад бай­на.

Тэр өнөө­дөр­төө эх орноо соль­чи­хоогүй. Олимп, дэлхий, олон улсын тэм­цээнд эх орны­хоо нэр дээр уралдана хэмээж байгаа. Япо­ны компанийн тамирчин бо­лоод, бэлтгэл сургуулилтаа сайн хийж, илүү сайжраад, эх ор­ныхоо нэрийг гаргахын тө­лөө зүтгэж байна. Япончууд бол марафон гүйлтийн төрөлд дэл­хийд дээгүүрт өрсөлддөг орон. 

Сайн тамирчидтай, мун­даг дасгалжуулагч нар ч бий. Дээ­рээс нь хангамж сайн. Тийм газар байж, бэлтгэл сургуу­лил­таа сайн хийвэл Монголоос марафон гүйлтээр олимпийн ме­даль авчихыг хэн байг гэх вэ. Гэхдээ нэг аюул байна. Хэр­вээ Б.Сэр-Одын амжилт  хоёр цаг таван минут руу ороод ирэх л юм бол Японы та­лаас өндөр цалин, хангамж ам­лаад өөрийн болгохыг үгүйс­гэх аргагүй.

Учир нь тэр зэр­гийн амжилттай байхад Этиоп, Ке­нийн гүйгчидтэй өрсөл­дөж чадна шүү дээ. Тэгээд ч түүнд Японыг сонгох шалтаг бай­на. Хэрвээ манайхан дасгал­жуу­лагчийг нь шигшээ багт авах­гүй, жаахан юман дээр го­ройсоор байвал хэцүү л бай­на. Өмнө нь буудлагын Д.Мөнх­баярыг олимпийн наад­маас медаль аваад ирж бай­хад нь Монгол Улс хүний ур­манд тоож ч хараагүйгээс болж тэр Германыг зорьсон

Гер­ман улсын нэрийн өмнөөс Бээ­жин­гийн олимпийн наадмаас хү­рэл медаль хүртсэн. Тэгэхд мон­гол­чууд харамсч байсан уу гэвэл тийм. Гэтэл одоо ганц байгаа гялтайх марафон гүйлтийн та­мирчнаа ад үзээд эхэллээ. Эх­нэр, нөхөр хоёр нэг газар хамт ажил­лаж болохгүй ч гэх шиг. Тийм хөх инээд хүргэсэн журам байхгүй байлгүй дээ. Байсан ч гэсэн энэ тохиолдолд зөрчих л хэрэгтэй.

Монгол Улс ганцхан дасгалжуулагч цалинжуулж ча­дахгүй бол шилдэг тамирчнаа Японд зүгээр бэлэглэчих л дээ. Тэ­гээд дараа нь манайх байсан юм гээд л шүлсээ залгиад сууж байхгүй юу, яршиг зүгээр.

Зураг