Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Даралт ихсэх нь амь насанд аюултай

Н.Даян
2014 оны 4 сарын 5
Зууны мэдээ
Зураг зураг

3үрхнээс хүчилтөрөгчөөр баяжсан цус од эрхтнүүдэд артерийн судсаар дамжин тархах ба энэ үед артерийн хананд үзүүлж буй цусны даралтыг артерийн даралт гэнэ.

Хэвийн үед артерийн даралт нь тодорхой төвшинд байдаг. Артерийн даралт ихсэлт нь том судаснуудын уян хатан чанар буурах судас хатуурах болон жижиг судаснууд нарийсал болсноос үүсдэг талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Дотрын хоёрдугаар тасгийн сувилагч Д.Батцэцэг, Г.Хишигжав нар зөвлөж байна.

Артерийн даралт ихсэх өвчнийг анхдагч буюу жинхэнэ даралт ихсэх өвчин гэнэ. Хоёрдогч буюу бусад өвчний үед шинж тэмдгийн даралт ихсэх өвчин гэж ангилна.

Даралт ихсэлтийн 70 гаруй хувийг жинхэнэ даралт ихсэх өвчин эзэлдэг. Нас ахих тусам судасны уян хатан чанар, зүрхний үйл ажиллагаа алдагддаг тул даралт ихсэх хандлагатай байдаг. Тамхи татах, архи хэтрүүлэн хэрэглэх нь зүрх судасны өвчинд хамгийн аюултай хүчин зүйлийн нэг болдог. Цусан төрлийн хүмүүст удамшиж болно.

Мөн давс, нүүрс ус, өөх тос ихтэй хоол хүнс хэрэглэх нь цусан дахь өөх тосны хэмжээг ихэсгэж судас хатуурлыг хурдасгахаас гадна бусад дагалдах өвчний үндэс суурийг тавьдаг. Сэтгэл санааны тавгүй байдал байнгын ачаалал нь мэдрэлийн гаралтай даралт ихсэлтийг үүсгэдэг ажээ. Мөн зүрх, бөөр зарим дотоод шүүрлийн булчирхайн өвчний үед болон жирэмсэн, цэвэршилтийн үед даралт ихэсдэг.

Нас ахих тусам зүрхний үйл ажиллагаа алдагддаг

Даралт ихсэх үед зүрхний булчингийн хэт ачааллын улмаас зүрхний булчингийн хана зузаарч зүрх томордог. Зузаарсан булчингийн цусны хангамжийн дутагдал нь зүрхний шигдээс, зүрхний дутагдалд хүргэнэ. Үүний улмаас зүрх өвдөх, хавагнах, амьсгаадах зэрэг зовиур илэрдэг.

Тархи судсанд цусны эргэлтийн хямралаар нүд бүрэлзэх, толгой өвдөх, хүзүү хөших зэрэг зовиур илрэх ба тархины цусны судас хагарснаар /тархины цус харвалт/ мэдрэлийн төвүүдийг цусны бүлэн дарж хөл, гаранд саа үүсэхээс эхлэн амьсгал зүрх судасны төвийн хурц дутагдлаар амь насанд аюултай хүндрэл үүснэ.

Бөөрний гэмтлийн улмаас шээс ховордох, хавагнах зовиур илэрч бөөрний архаг дутагдалд хүрнэ. Нүдний торлогт өөрчлөлт орох, цусны бүлэгнэлт ихсэх, судасны цүлхэн үүсэх зэрэг хүндрэл гарна.

Даралтаа хэвийн байлгахын тулд

  • амьдралын хэв маягаа өөрчлөх
  • хорт зуршлыг арилгах
  • биедийн хөдөлгөөнийг идэвхжүүлэх
  • илүүдэл жингээ бууруулах
  • сэтгэл зүйн сөрөг хүчин зүйлсийг арилгах
  • цусны сахар, холестериныг багасгах болон дагалдах эмгэгүүдийг эмчлэх хэрэгтэй. 
Зураг