
Хаврын улиралд ханиад томуу, амьсгалын замын өвчлөл эрс нэмэгддэг. Тиймээс Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн их эмч Д.Солонгоос дараах тодруулгыг авлаа.
-Хүүхэд, багачуудын дунд ханиад томуугийн өвчлөл их байна гэж сонссон. Нийслэлийн хэмжээнд өвчлөл ямар байна вэ?
-Жил бүрийн улирал болгонд ханиад томууны дэгдэлт гэж байдаг. Вирус дэгдэж гарах үеэр хүүхдүүд ханиад, томуу их хүрдэг. Тухайлбал, өвлийн улиралд вирус дэгдвэл хүмүүс ханиалгаж, өндөр хэмд халуурч, гүйлгэдэг. Харин хавар, намрын улиралд томуугийн дэгдэлт гардаг учраас хүүхдүүд ханиад хүрч, хүндрэх нь их байдаг. Энэ нь тухайн вирусын онцлогоос хамааран эмнэлзүйн илрэл нь янз бүр .
Одоогоор нийслэлийн есөн дүүргийн хүүхдийн дуудлагын 45,9 хувийг томуу, томуу тост өвчний дуудлага эзэлж байна. Өмнөх долоо хоногоос 0.1 хувиар буурсан ч өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 9.7 хувиар их байгаа юм. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний товд үйлчлүүлж буй хүүхдүүдийн 60-70 хувь нь томуу, томуу төст өвчнөөр ирж байна.
-Амьсгалын замын өвчинд бага насны хүүхэд өртөмтгий байдгийн шалтгаан юунд байна вэ?
-Бага насны хүүхдийн уушигины хөгжил том хүнийх шиг гүйцэд хөгжөөгүй байдаг. 0-5 насны хүүхэд уушгины хөгжлийнхөө хувьд дутуу байдаг учраас ханиад томуунд өртөх нь элбэг. Мөн дархлаа сул нь нөлөөлнө. Таваас дээш насны хүүхэд ханиад томуугаар өвчлөх нь харьцангуй бага.
Хүүхэд xaниад томуу тусч, өвдсөн бол цэцэрлэгт явуулалгүй хэд хоног гэртээ харж, эмчийн заавраар эмийг нь өгч, асаргаа сувилгаа сайн хийх хэрэгтэй.
Зарим эцэг, эх хүүхдээ харах хүнгүй гэсэн шалтгаанаар багшид эмийг нь өгөөд цэцэрлэгт явуулдаг. Энэ нь эрүүл байгаа ангийнхаа хүүхдүүдэд ханиад хүргэх эрсдэлтэй. Нэгэнт таны хүүхэд xaниад томуу тусч, өвдсөн бол цэцэрлэгт явуулалгүй хэд хоног гэртээ харж, эмчийн заавраар эмийг нь өгч, асаргаа сувилгаа сайн хийх хэрэгтэй.

-Өнгөрсөн онтой харьцуулахад өвчлөл нэлээд нэмэгдэж. Танай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр ирж буй хүүхдүүд гол төлөв ямар шинж тэмдэгтэй ирж байна?
-Амьсгалын замын өвчин нь гаднын олон төрлийн нян вирусээс үүсдэг. Өнгөрсөн жилийг бодвол өвчлөл их байгаа нь нян вирусын тархалт нэмэгдсэнтэй холбоотой. Илрэх шинж тэмдгийн хувьд маш өндөр хэмтэй халуурч, цээж хэржигнэж дуугарна.
Өндөр хэмтэй халуурснаас болж татах, бүгшүүлж ханиалгах зэрэг шинж тэмдэгтэй ирж байна. Хүмүүс хүүхдийнхээ ханиадыг эмчлэх гэж дур мэдэн эмчийн зааваргүй эм хэрэглэснээр хүндэрч , уушгины хатгалгаа болж ирэх нь их байна. Өвлийн улиралд ханиад хүрсэн хүүхдүүд эм бэлдмэлээр эмчлэгдэж харьцангуй хурдан эдгэдэг.
Харин өдийд ханиад хүрэх нь хүндрэл ихтэй байдаг. Тиймээс хугацаа алдаж хүүхдийг хүндрүүлэлгүй өрхийн эмчид хандан зөвлөгөө авч, халууныг яаралтай бууруулах шаардлагатай.
Яагаад гэвэл, хүүхдийнхээ халууныг бууруулах гэж холоос Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийг зорьдог хүмүүс байна Хотын захын хорооноос хүртэл манайд ирдэг. Зам түгжрэн цаг алдсанаас болж, хүүхдийн халуун ихэсч, татдаг. Иймд өрхийн болон дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нар хүүхдийн биеийн халууныг яаж бууруулах, хүүхдийн нас, биеийн жинд тохируулж, ямар эмийг ямар тунгаар хэрэглэхийг сайн зааж, зөвлөх хэрэгтэй.
-Ханиад томуугаас урьдчилан сэргийлэхийн тулд витаминлаг хоол хүнс хэрэглэхийг зөвлөдөг. Өөр энгийн боловч үр дүнтэй ямар арга байна вэ?
-Хүүхдийг ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд эцэг эхийн асаргаа сувилгаа маш чухал. Аминдэмээр баялаг, тэжээллэг хоол хүнс хэрэглэхээс гадна зуны улиралд агаар салхинд гаргаж, элсэн дээр тоглуулж, усанд сэлүүлэх нь хамгийн зөв арга.
Зуны улиралд сайн чийрэгжсэн хүүхэд өвөлдөө ханиад хүрэх нь бага байдаг. Ханиад хүрсэн ч хөнгөн тусдаг нь дархлаа сайн тогтсонтой холбоотой. Түүнчлэн улиралдаа тохируулж хувцаслах нь урьдчилан сэргийлэхэд чухал нөлөө үзүүлнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!