Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Байгаль орчин, ногоон хөгжилд ан амьтан хамаагүй

Б.Төгөлдөр
2014 оны 4 сарын 3
MorninigNews.mn
Зураг зураг
Байгаль орчин, ногоон хөгжилд ан амьтан хамаагүй

БОНХЯ-ныхан ховордсон амьтдаа хамгаалах цаг нь болжээ 

Манайхан нэг талыг барьж, туйлш­рахдаа гарамгай хүмүүс юм. Одоо бүр яамд хүртэл туйлширч, үйл ажиллагааны зарим чиглэлээ мартчихдаг болж. Тэдгээрийн нэг нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яам. Уг нь бол байгаль орчны яам гэж байсныг хэрэндээ л хамрах хүрээ хийгээд үйл ажиллагааг нь өргөжүүлэхийн тулд “ногоон хөгжлийн” гэх тодотгол нэмж өгсөн биз. Гэтэл сахил хүртээд шал дордов гэгчээр уул, ус, ургамал, мод хамгаалах тухай яриад байдаг. Мэдээж тодорхой хэмээний ажил хийсэн л байх. Гэхдээ байгаль орчинд ан амьтан хамаардаг гэдгийг тоохгүй шахам байсаар өнөөг хүрлээ. 

 Ногоон хөгжил гэдэг чинь өвс, ургамал, мод бут ногоорсон цагт хамгаалах нэрээр сургалт, семинар зохион байгуулахыг хэлдэггүй юм шүү дээ. 

Өмнөх сайдууд нь шонхор шувуу, дархан цаазтай газрын зөвшөөрөл зарж, ашиг олохоос хэтрээгүй. Юутай ч өнөөгийн сайд томилогдож, шинэ багаар ажиллаад бүтэн жил болоход ан амьтны чиглэлээр юу хийснийг нь сонирхож үзлээ. 

Гэтэл 10-аад байгууллагад ан амьтныг хамгаалах, зохистой ашиглах давуу эрх олгосон, агнуурын бүс нутгийн ан амьтны нөөц, менежментийн төлөвлөгөөг баталж, 15 угалз, 32 тэхийг тусгай зөвшөөрлөөр агнуулсан, олсон ашгийг нь тухайн сумын төсөвт төвлөрүүлж, төлбөрийн 85-аас доошгүй хувийг тухайн амьтныг эргэн хамгаалах, бэлчээрийн менежментийг сайж­руулахад зарцуулах журам баталсан гэх зэргээр дурьджээ. 

Түүнчлэн төр мазаалай баавгайг хамгаалалдаа авснаар 22 байсан нь дөрвөөр нэмэгдсэн юм байх. Мөн идлэг шонхор шувууг үндэсний бахархалт шувуу болгон ашиг олох зорилгоор гадаадад гаргахыг хориглосон байдаг ч манай улсын Засгийн газар Кувейт, Катар улсуудын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр 20 идлэг шонхор гаргахаар болсон байна. Тус яамнаас бүтэн жилийн хугацаанд хийсэн ажил нь ердөө л энэ. Тэдний хийж буй ажлыг олон нийтэд ил болсон хулгайн антай харьцуулахад дэндүү өрөвдмөөр, харамсмаар. 

Гэтэл хэдхэн хоногийн өмнө хуулийн байгууллагынхан нэн ховорт тооцогддог хүдрийн заар 12 ширхэг, хүрэн баавгайн нойтон арьс тээвэрлэж явсан хүмүүсийг илрүүлэн, шалгаж байгаа. Манай улсад уг амьтдын экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо хүрэн баавгай 6.5-7.5, хүдэр 3.0-3.5 сая төгрөг гэж заажээ. 

Харин хуульд зааснаар гэм буруутай этгээдээр дээрх үнийг 2-3 дахин нугалж нөхөн төлүүлэх учиртай. 

Мөн устах аюул нүүрлэсэн амьтны тоонд орсон цоохор ирвэсийг агначихаад, ачиж явсан, арьсыг нь хууль бусаар бусдад худалдаалах гэж байсан этгээдүүдийг өн­гөрсөн сард илрүүлж байсан. Ердөө л ганцхан сарын дотор хоёр удаагийн үйл­дэл ийн баригдаж байна. Цаана нь мэ­дэгдээгүй, баригдсан ч байцаалтаас мулт­раад гарчихсан хэчнээн ч гэмт үйлд­лийн золиосонд ямар амьтдын хэдэн сүрэг тоо толгой устаж байгааг бүү мэд. 

Олон нийтийн цахим сүлжээгээр дэл­гэгдсэн УИХ-ын гишүүд, жүжигчид, бөхчүүдийн зургийн араас хуулийн бай­гууллага шалгахад тэд бүгд адилхан гэмээр хариулт өгсөн байдаг. Тухайлбал тэд хил залгаа, Буриад зэрэг нутаг оронд явахдаа тийн патиараа татуулсан гэж өөрсдийн биеэ өмгөөлөн, цайруулдаг байна. Уг нь хууль бус үйлдэл хийчихсэн болохоор арга хэмжээ авахуулах нь зүйн хэрэг ч зөвхөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэд нугалж төлөх, захиргааны арга хэмжээ авахуулаад л өнгөрдөг.

Уг нь дархан цаазтай газарт ан хийсэн, эсвэл ховор ан амьтан агнасан тохиолдолд Эрүүгийн хуулиар ял эдлэх тухай хуульд тусгасан байдаг ч энэ нь биелэлээ олох нь тун ховор. Үнэн хэрэгтээ хуулийн байгууллагынхан энэ мэтчилэн гэмт хэрэг хийснийг нь мэдсэн ч нотлож чадахгүй болохоор торгохоос хэтрэхгүй байгаа нь ч цаад утгаараа хулгайн анчдыг өөгшүүлсээр байгаа юм.

Мэдээж ан амьтад, тэр дундаа ховорд­сон, улаан номд орсон амьтдыг хамгаалах нь БОНХЯ-ны ажил. Хамгаалж чадахгүй бол ядаж хуулийг нь сурталчилж, ач холбогдлыг нь тайлбарлан таниулах нь ч тэдний үүрэг. Харамсалтай нь энэ яам дээр дурьдсанчлан байгаль орчин ногоон хөгжил гэдэгт ан амьтан ордог гэдгийг мартчихаад байгаа. 

Хууччуул үлийн цагаан оготоно ховордоход үнэг турж үхдэг гэж ярьдаг. Энэ нь байгаль өөрөө бүх зохицуулалтыг хийдгийг хэлж буй хэрэг. Товчхон бөгөөд тодорхой хэлэхэд хүний гараар устгаж байгаагаа зохицуулж чадахгүй ч хамгаалдаг, хариуцдаг эзэнтэй болгохыг байгаль дэлхий шаардаж байна. Ногоон хөгжил гэдэг чинь өвс, ургамал, мод бут ногоорсон цагт хамгаалах нэрээр сургалт, семинар зохион байгуулахыг хэлдэггүй юм шүү дээ. 

Зураг