Энэ удаагийн сурвалжлагаа Дархан-Уул аймгийн “Энэpэл цогцолбор сургуулиас бэлтгэлээ.
Дархан-Уул аймаг улсын болон хувийн хэвшлийн нийт 28 сургуультай. Тэдний нэг болох “Энэрэл” цогцолбор нь 13 бүлэгтэй, ердийн сургалттай ерөнхий боловсролын сургууль юм.
Тус сургуульд онцлох нэг зүйл бий. Энэ нь сонсголын болон оюуны бэрхшээлтэй хүүхдүүд суралцдаг хоёр тусгай ангитай юм. Энэ ангийн хүүхдүүдэд ердийн мэргэжлийн багш нар хичээл заадаг.
Сонсголын бэрхшээлтэй нэг хүүхэдтэй ажиллах нь ердийн гурван хүүхэдтэй ажилласантай тэнцдэг.
Тэд дохионы ганц багштай хичээллэдэг аж. “Энэрэл” сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулан сургах, хүүхдийн суралцах, хөгжих эрхийг тэгш боломжоор хангадаг.
Мөн тэднийг нийгмийн гарал байдал, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, сурч боловсрох боломж нөхцлөөр хангахыг сургуулийн зүгээс анхааран ажилладаг талаар удирдлагууд нь ярьж байсан юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жирийн хүүхдүүдтэй харьцуулахад онцлог зүйл их бий хэмээн дохионы багш Ч.Оргилмаа ярьж байсан. Тухайлбал, нэгдүгээр ангид хүүхэд ороход ямар ч авиагүй, хар ухаанаараа энэ миний аав, ээж гэдгийг мэддэг.
Харин энэ хүнийг аав, ээж гэдэг гэж хэлж мэддэггүй. Жирийн хүүхдүүд бол ааваа, ээжээ гээд ярьчихдаг. Гэтэл сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд сонсдоггүй учраас хэлж мэддэггүй учраас авиагүй орж ирдэг.
Тиймээс тэдэнд хэл заслын хичээл ордог гэж байв. Мөн зааж буй зүйлээ илүү дэлгэрэнгүй болгохын тулд заримдаа аавыг нь дагуулж ирээд “Энэ чиний аав” гэдгийг дохио, зургаар тайлбарлаж өгдөг. Ийм хүүхдүүд өгүүлбэр зохиох, үг хөгжил байдаггүй. Ойлгуулахын тулд хугацаа их шаардана. Өөрөөр хэлбэл, сонсголын бэрхшээлтэй нэг хүүхэдтэй ажиллах нь ердийн гурван хүүхэдтэй ажилласантай тэнцдэг гэнэ.
Ч.Оргилмаа багшийн анги 7-18 насны найман сурагчтай. Үүний хоёр нь оюуны бэрхшээлтэй, бусад нь дохионы сонсголгүй хүүхдүүд байдаг ажээ. Нэгдүгээр ангийн хүүхдүүд нэгдүгээр ангийнхаа, зургаа нь зургадугаар ангийнхаа программаар хичээл үзнэ. Үүнээс гадна ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг сургуульд хамруулахын хажуугаар Дархан-Уул аймгийн сургуульд суугаагүй сонсголгүй хүүхэд, залуучууд болон насанд хүрэгчдэд бичиг үсгийн боловсрол олгодог.
Энэ мэт хичээлийн бус цагаар иргэдэд хэрэгцээтэй боловсролыг нь олгох чиглэлээр чамгүй олон ажил төлөвлөөд ажиллаж байгаа гэсэн. Тухайлбал, Дархан-Уул аймагт 25-28 настай хөгжлийн бэрхшээлтэй иргэн олон байдаг аж.
Тэд сургуульд суръя гэсэн хүсэлтэйгээр тэдэнд ханддаг. Гэвч нэгдүгээр ангийн хүүхдүүдтэй хичээллүүлэхэд ичдэг. Үүнээсээ болоод тууштай суралцаж чаддаггүй ажээ.
Тус аймагт 3-4 жилийн өмнө хотын Боловсрол хамтын судалгааны нийгэмлэгийн боломж төсөл нэг жил хэрэгжжээ. Энэ үед Дархан-Уул аймгийн бичиг үсгийн боловсролгүй бүх залуучуудыг татан оруулаад бичиг үсэг заасан байна. Аймгийн сонсголгүй хүүхдүүдээс шалгаруулаад Ч.Оргилмаа багшид нэг туслах багш өгчээ. Туслах багш нь сонсголгүй болохоор түүнтэй нэг жил ажиллаад хичээлийг нь хэрхэн заах, консфект бичих, үзүүлэн бэлдэхэд суралцсан байна. Ингээд тэрээр дохиогоо давхар сайн сурч хүүхдүүдтэйгээ ажиллахад хялбар болсон гэнэ.
Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд математик, монгол хэл гэхээс илүү мэргэжлийн чиг баримжаа олгох, амьдрах ухаанд сургахад гол анхаарлаа хандуулмаар байна.
Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд математик, монгол хэл гэхээс илүү мэргэжлийн чиг баримжаа олгох, амьдрах ухаанд сургахад гол анхаарлаа хандуулмаар байна.
Иймээс мэргэжлийн сургалт явуул ах кабинетийг нээж өгвөл хүүхдүүдэд бага ч гэсэн хувь нэмэр болох болов уу хэмээн боддогоо Ч.Оргилмаа багш бидэнтэй хуваалцсан юм. Учир нь сонсголын бэрхшээлтэй ч хүүхдүүд сонсохоос бусдыг хийж чадна гэсэн хүсэл эрмэлзэлтэй сурч байна. Хөгжлийн бэрхшээл тэр дундаа сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллахад тэдэнд ямар хүндрэл, бэрхшээл тулгардаг талаар дохионы багш Ч.Оргилмаатай ярилцсан юм.
-Хүүхдүүдэд математик, монгол хэлний хичээлийг яаж зааж байна вэ?
-Энэ бүгдийг дохиогоор л заана. Тэдэнд бас амьдрах ухаанд суралцах, цаасан урлал, хатгамал, модоор юм хийхийг заана. Хүүхдүүд зургийн хичээлдээ илүү сонирхолтой байдаг. Манайд мэргэжлийн дохионы багш байдаггүй, ердийн ангид ордог багш нар бий. Энэ багш нартайгаа би давхар орж ингэж зурж, оёдог гэдгийг дохиогоор хэлж өгдөг.
-Бага боловсрол эзэмшсэн хүүхдүүд цаашаа үргэлжлүүлэн сурах боломж хэр байна?
-Ерөнхийдөө бага боловсрол эзэмшүүлж байгаа. 10-12 дугаар ангид сууя гэхээр би энэ ангийн хими, физикийн хичээлийг гүнзгийрүүлж мэдэхгүй. Ер нь иймэрхүү хүүхдүүдийг харж байхад мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт их хэрэгтэй байна.
Тухайлбал, таван жилийн өмнө манайхаас дөрөвдүгээр анги төгссөн 3-4 эрэгтэй хүүхэд төгсөөд мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд хоёр нь бүртгүүлж ороод, ерөнхий хүүхдүүдтэй адилхан сураад багшийн хэлснийг сонсохгүй хараад сууна.
Эсвэл хажуу дахь хүүхдийнхээ бичсэн юмыг нь хуулаад чадахгүй болохоороо нэг нь гарсан. Нөгөө нь гүрийсээр байж дадлага ажлаараа сургуулиа төгссөн. Зарим нь амьдралын боломжгүй, цаашид эндээ сургалт үйлдвэрлэлийн төв ч юм УУ сургуульд суръя гэхээр боловсон хүчин дутуу байдаг.
-Та аль сургуулийг төгссөн бэ. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл заагаад хэр удаж байна вэ?
-Монгол хэл бичгийн дээд сургуулийн монгол хэл, уран зохиол, герман хэлний ангийг төгссөн ч энэ мэргэжлээрээ ажиллаагүй. Энэ сургуульд анх нарийн бичгээр орохдоо ийм хүүхдүүд байдаг юм байна гэдгийг харсан. Манай өмнөх эрхлэгч маань энэ ангид хичээл зааж байгаад талийгаач болсон. Тэгэхэд намайг энэ багшийн оронд ажилла. Чамд сурах хүсэл эрмэлзлэл байна уу. Ийм хүүхдүүдийг сургаж чадах уу гэсэн.
Тэгээд бид Улаанбаатар хотын 29 дүгээр тусгай сургуульд дадлага хийж, Оюунчимэг биднийг дагалдаж сурсан. Би энэ мэргэжлээрээ Японд мэргэжил дээшлүүлсэн. Одоо 12 дахь жилдээ багшилж байна.
-Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл заана гэдэг хэцүү байх. Цалингийн хувьд бусад багш нарынхаас өндөр байдаг уу?
-Энэ ангид хичээл орж байгаа багш нарт тусгай ангийн нэмэгдэл цалин олгодоггүй. Хууль тогтоомж нь гарчихсан хэрнээ хэрэгждэггүй. Манай сургуулийн удирдлага холбогдох газраар нь хөөцөлдсөн ч бүтээгүй. Хууль тогтоомжиндоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах багш, сувилагч, сэтгэл зүйч байна гэж гарчихаад энд байхгүй байна. Тухайлбал, манай ангийн хоёр хүүхэд унаж татдаг. Гэтэл ганцхан багш л байна.
Иймээс багш нарын нэмэгдэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хоолны хувьсах зардал, туслах багш, сувилагч, мэргэжлийн сургалт явуулдаг кабинетийг төр засгийн удирдлагууд шийдэж өгнө гэдэгт итгэж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!