
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нурууны хагалгаанд орохоор энэ сарын 24-нд Япон улсыг зорьсон билээ.
Түүний эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Ө.Цолмонгийн өгсөн мэдээллээр бол Ерөнхийлөгч нуруундаа эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон байдаг.
Тэгвэл тэрбээр өчигдөр өглөө хагалгаанд орсон байна. Хагалгаа амжилттай болсон. Түүний биеийн байдал сайн байгаа гэсэн мэдээллийг эх сурвалж хэллээ. Түүнтэй гэргий Х.Болормаа болон ах нар нь хамт байгаа аж.
Өнгөрөгч намар НҮБ-ын хуралд оролцох үедээ нарийн шинжилгээ хийлгэхэд нуруундаа эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн онош гарсан аж. Гэсэн ч Монголын уламжлалт цагаан сар, Сочийн өвлийн олимпийн нээлт, мөн улс орны цаг алдалгүй шийдвэрлэх бусад асуудлууд давхцаж байсан учир мэс засал хийлгэх хугацааг хойшлуулсаар яваад өдийг хүрчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч өмнө нь хоёр ч удаа Монголдоо мэс засал хийлгэж байсан. Нуруу нугасны мэс засал нь дотроо олон төрөл, хүнд мэс заслуудын тоонд ордог ажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!