Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ыг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон олон улсын хэмжээнд тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэр гаргасан билээ.
Энэ өдөр үйлдвэрлэлийн ослыг бууруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг зэрэг сурталчилгааны олон хэлбэрийн арга хэмжээ зохион байгуулдаг уламжлал олон улсын хэмжээнд тогтоод 11 жил болж байгаа юм байна.
Харин манай улс 2012 оноос эхлэн ХАБЭА-н дэлхийн өдрийг угтан “ХАБЭА-н сарын аян” өрнүүлж, жил бүрийн дөрөвдүгээр сард Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандарт, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулах, ХАБЭА-гаар “амьсгалсан” сар болгох зорилт тавьж, гурав дахь жилдээ сарын аяныг өрнүүлж байна.
2014 онд ХАБЭА-н сарын аяныг “Эрүүл аюулгүй ажлын байрны төлөө хамтдаа” уриан дор бүх нийтийг хамруулан зохион байгуулахаар ХАБЭА-н Үндэсний хороо шийдвэр гаргасан. Энэ урианы утга нь ажилтан хүн бүр ажлын байрандаа ХАБЭА-н ажилтан байж, өөрийн болон хамт ажилладаг нөхдийнхөө аюулгүй байдлыг хамгаалахад байнга анхаарч ажиллахыг сэрэмжлүүлсэн байна.
“ХАБЭА-н сарын аян-2014” арга хэмжээний нээлтийн ажиллагааг өчигдөр МҮЭСТО-нд Хөдөлмөрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, МҮЭ-ийн холбоо, МАОЭНХ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд хамтран зохион байгууллаа.
Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Гантулга тус арга хэмжээг нээж үг хэлсэн юм. Мөн тус арга хэмжээнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Монголын ажил олгогч, эздийн нэгдсэн холбооны Дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Батмөнх, НЗД-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалай болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
Мөн энэ үеэр ХАБЭА-н ажлын арга туршлага, хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгсэл, хөдөлмөрийн нөхцлийн хэмжих хэрэгслэл, ХАБЭА-н сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг 50 гаруй байгууллага үзэсгэлэн гаргаж, мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулсан юм.
Уг арга хэмжээ нь ХАБЭА-н талаархи арга туршлагаа харилцан солилцох, бие биеэсээ суралцах, цаашдаа энэ чиглэлээр хамтран ажиллах боломжийг олгож байгааг оролцогч компанийнхан онцолж байсан юм. Нөгөө талаас ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчин нөхцлийг зөв бүрдүүлэх, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгоход “ХАБЭА-н сарын аян-2014” арга хэмжээ зохих үр дүнгээ өгнө гэж үзэж байгаагаа албаны хүмүүс хэлж байлаа.
Сарын аяны нээлтийн арга хэмжээг ойрын өдүүдэд нийслэлд төдийгүй бүх аймгуудад өргөн хэмжээнд зохион байгуулах бөгөөд Баянхонгор аймагт барилгын салбарт ажиллагчдын зөвлөгөөнийг зохион байгуулах, Өмнөговь аймагт аж ахуйн нэгж байгууллагуудын захирал, эрхлэгч, эзэд, ХАБЭА-н ажилтнууд оролцсон нэгдсэн сургалтыг явуулах, Сэлэнгэ аймагт томоохон аж ахуйн нэгж, байгууллагууд ХАБЭА-н сарын аяны нээлтийг нэг зэрэг хийх зэргээр аймаг бүр онцлог хэлбэрээр сарын аяны нээлтийг хийх юм байна.
Энэ үеэр НЗД-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалай “Зөрчилтэй барилга байгууламж дээр хэлэхэд барилгын гүйцэтгэгч байгууллага болох “Зуншин” компанийн асуудал байна. МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаараа хэлэлцээд “Зуншин” компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авсан. Цаашдаа ч гэсэн бид эрдэнэт хүний амь нас үрэгдэж, эрүүл мэнд болон эдийн засгийн хохирол учруулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудтай хатуу хариуцлага тооцно.
Тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгож, хэвлэл мэдээлийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлэх зэрэг шийдвэрт хүрч ажиллаж байна. Энэхүү үйл явдал маань зөвхөн нэг сар үргэлжлээд зогсохгүй. Цаашлаад улс орон даяараа хамрагдан оролцох, маш өргөн хүрээтэй үйл ажиллагаа болно. Ингэснээр барилгын салбарт гарч буй осол гэмтэл буурна. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан цагт айх зүйлгүй нийслэлийнхээ гудамжаар зорчих боломжтой болох юм” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|