Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Батбаяр: Над шиг амжилттай бөх олон ч xaмт олонтой xүн цөөн

Д.Нанжид, Өдрийн шуудан
2014 оны 3 сарын 31
Өдрийн шуудан
Зураг зураг

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч хэмээх эрхэм хүндтэй алдрыг хүртээд удаагүй байгаа чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, ОУХМ Буяндэлгэрийн Батбаяртай ярилцлаа.

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Болдын төрсөн дүү тэрбээр манай улсын чөлөөт бөхийн шилдэг тамирчны нэг байгаад 2005 оноос дасгалжуулагчийн албанд шилжиж, 2009 оноос залуучуудын, 2010 оноос насанд хүрэгчдийн шигшээ багт ажилласан.

Түүнийг жилийн өмнө эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсоноос хойш Монголын эмэгтэй бөхчүүдийн амжилт улам дардан болж байна.

Үүнээс хойших хугацаанд манай бүсгүйчүүд Дэлхийн цом, Азийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн оюутны “Универсиал” наадам, ДАШТ-д өндөр амжилт гаргасан юм.

2016 ОНЫ ОЛИМПИЙН НААДМААС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЭХ ЗОРИЛГОТОЙ

-Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдын амжилт сүүлчийн жилүүдэд маш өндөр бөгөөд тогтвортой байгаагийн гол хүчин зүйл юу вэ?

-Манайд эмэгтэйчүүдийн чөлөөт бөх хөгжөөд 10 гаруйхан жилийн хугацаа өнгөрсөн ч олон том амжилтад хүрчээ. Үүний хамгийн гол хүчин зүйл нь монгол охидын бөх болъё гэсэн чин хүсэл сэтгэл гэж би ойлгож, харж байна.

Манай охидын амжилт гаргаж буй гол хүчин зүйл нь өндөр цалин мөнгө гэхээсээ илүү зорилгодоо хүрэх гэсэн чин хүсэл болов уу.

Биднийг өнгөрсөн жил Унгарт ДАШТ-д оролцох үеэрээ бэлтгэл хийж байхад ОХУ-ын нэрт дасгалжуулагч Юрий Аванесович Шахмурадов “Та нар ийм хатуу дэг журамтай байж эмэгтэйчүүдээ зааландаа яаж тогтоогоод байдаг юм бэ. Манай тамирчид ийм шаардлагыг даахгүй уйлаад суудаг, зарим нь орхиод явдаг. Наталья Воробьёва сарын 12 мянган ам.долларын цалинтай. Харин танай С.Батцэцэг хэдийг авдаг вэ” гэхэд нь би ичээд хариулж чадаагүй. С.Батцэцэг Ерөнхийлөгчийн зарлигаар cap бүр тэтгэмж, басхүү улсын шигшээ баг, “Хилчин” спорт хорооноос цалин авдаг нь манайдаа гайгүйд тооцогдох ч 12 мянган ам.долларын хажууд бага.

Үүнийг хэлбэл оросууд итгэхгүй биз. Манай охидын амжилт гаргаж буй гол хүчин зүйл нь өндөр цалин мөнгө гэхээсээ илүү зорилгодоо хүрэх гэсэн чин хүсэл болов уу.

-Жилийн өмнө Улаанбаатарт болсон эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээний барилдаан болгон түгшүүртэй байсан шүү. Ахлах дасгалжуулагчийн ажлыг дөнгөж аваад байсан таныг том шалгуур угтсан?

-Манай охид Дэлхийн цомд өмнө нь таван удаа оролцсон ч 2011 онд тавдугаар байр эзэлсэн нь хамгийн өндөр амжилт байлаа. Спортын бэлтгэлийн төв, МЧБХ-ноос бидэнд нутагтаа болох тэмцээнээс медаль хүртэх үүрэг өгсөн. Бид ч хүрэл медаль хүртэж, түүхэн амжилт үзүүлэхийг хүсч байлаа.

Хэсгийн эхний барилдааныг Канадын хүчтэй багтай хийж, 1:3-аар хожигдож байсан ч С.Батцэцэг, О.Насанбурмаа, О.Бурмаа нар маань дараалан ялснаар 4:3-аар хожсон.

Дараа нь Энэтхэгийг 5:2-оор хожсоноор хэсгээсээ шалгарах болзлоо хангасан. Ингээд хэн нь нэг, хоёроор гарахаа үзэх шийдвэрлэх барилдааны Японтой хийсэн. Зарим хүн “Японоос туршлагагүй залуу тамирчид ирлээ” гэж ярьж байсан ч Япон бол Япон шүү дээ.

Дэлхийн цомд хэзээ ч муу баг ирдэггүй. Эхний гурван бөх маань ялагдаж, маш хүнд байдалд орсон. Гэсэн ч Т.Мөнхтуяа, С.Батцэцэг, О.Насанбурмаа, Б.Одончимэг нар маань ялснаар япончуудыг уйлуулж, хэсгээ тэргүүлж чадсан. Хүрэл медаль хүртэх удирдамжтай байсан бид мөнгөн медалийн болзол хангаад бөөн баяр болсон.

-Мөнгөн медаль том амжилт. Гэхдээ түрүүлэх маш сайхан боломжоо алдсан болохоор нэг их баярлаагүй байх даа?

-БНХАУ-ын багтай хийх барилдаануудаас хамгийн гол нь 51 кг-ын жинд болох байв. Залуучуудын дэлхийн аварга Э.Даваачимэг л ялахын юм бол бидэнд түрүүлэх боломж харагдаад байлаа. Бид түүнд хамаг анхаарлаа хандуулж, өрсөлдөгчийнх нь барилдаануудын бичлэгийг үзүүлж, бүх заавар зөвлөлгөөг өгсөн, Э.Даваачимэг маань ч ялсан. Таван барилдааны дараа манайх 3:2-оор хошуучилж байсан. Гэсэн ч О.Насанбурмаа, Б.Одончимэг нар маань ялж чадаагүй. Аварга болох боломж байсан болохоор тэр мөнгөн медаль тийм ч амттай санагдаагүй ээ.

-2013 оны ДАШТ-ий тухай ярилцья. Манайхан амжилттай барилдаж таван медаль хүртсэн. Хуучных шиг ганц нэг тамирчинд найдах биш, жин бүртээ хүчтэй өрсөлдөгчтэй болсон нь дасгалжуулагч та бүхний ажлын үр дүн бодов уу?

-Би ахлах дасгалжуулагч болоод хоёр зорилт тавьсан. Эхнийх нь нэг сайн тамирчны үзүүлсэн амжилтын дор нийтээрээ явахгүй, дэлхийд бүгд жигд өрсөлдөөн үзүүлэх. Хоёрдугаарт, бие бялдрын ерөнхий хөгжлийг маш богино хугацаанд дэлхийн түвшинд ойртуулах. Үүний үр дүн ДАШТ-ээс харагдаж эхэлсэн болов уу. Тамирчид бэлтгэлээ маш сайн ойлгож хийх их үр дүнтэй байдаг. Бид бэлтгэлээ маш сайн төлөвлөж, үүнийхээ дагуу явдаг. Хүүхдүүд бэлтгэлдээ юу хийхээ мэддэг, биеэ бэлтгэж, зааланд зорилготой орж ирдэг.

-Унгарын дэвжээ Монголын тамирчдад, тэр дундаа таны ах гавьяат тамирчин Б.Болдод маш их ээлтэй. 2010 оны залуучуудын, өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг бодолцвол Будапешт хайр хишгээ танд ч харамгүй хайрлажээ?

-Тийм шүү. Унгараас монголчууд хэзээ ч хоосон ирж байгаагүй. Будапештэд болсон ДАШТ-ээс 1985 онд гавьяат тамирчин А.Энхээ, Б.Болд мөнгө, Лу.Энхбаяр хүрэл, 1986 онд А.Энхээ хүрэл, 2005 онд Б.Наранбаатар, Ц.Энхжаргал нар хүрэл медаль хүртэж байсныг манай ард түмэн сайн мэднэ. Сүүлд 2010 оны залуучуудын ДАШТ болоход би баг тамирчдаа удирдан оролцож, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн.

Унгар руу явахын өмнөхөн Спортын бэлтгэлийн төвийн ерөнхий дасгалжуулагч А.Басхүү багш намайг хүлээн авч уулзаж, “За Баяраа хэдэн медаль авах гэж байна вэ” гэхэд нь би дөрвөн хуруугаа харуулсан. Багш гайхаж, “Дөрөв өө. Чи ямар зоригтой хэлж байна вэ. Чи залуу болохоороо жаахан омголон байна уу даа” гэхэд нь би "Багш аа, би итгэлтэй байна. Дөрвөн медаль авна гэсэн.

-Унгарыг зорихоос өмнө билэгдэлтэй сайхан зүйл тохиолдов уу?

-МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж аварга утасдаж, “Дутуу юм байна уу” гэхэд нь “Нэг л юм дутуу байна. Багийнхнаа бүгдийг нь байлгаж байгаад нэг сайхан ном уншуулмаар байна” гэсэн. Аварга ч “Тэр зөв.

Би нэг хүн аваад очно” гэлээ. Ингээд бид "Говь ресорт” амралтаас буухынхаа өмнө ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээрээ ном уншуулсан. Бид орой нь лам багш, аварга хоёрыг гаргаж өгөх гээд гарахад тэнгэрт гарын таван хурууны хэлбэртэй үүл гарсан байсан. Үүнд ихэд билэгшээж, “Хүссэнээ ав гээд гарын алгаа дэлгэчихсэн байна шүү” хэмээн ярилцаж байлаа. Одоо бодоход таван медалийг минь зөгнөж байж дээ.

З.Дүвчин, Т.Сүхбаатар багш бид гурав Унгарын зүг өргөл өргөхдөө хүслээ шивнэсэн. З.Дүвчин багш “Max цусны тасархай Мажарын тэнгэр хүүхдүүдийг минь өршөөх болтугай” гэсэн юм билээ. Харин би “Угсаа гарал нэгтээ Унгарын тэнгэр тамирчдыг минь ивээг” хэмээн шивнэсэн. Ийм сонин зүйл тохиолдсон шүү. Манай долоон охины тав нь медаль хүртэж, хоёр нь шагналт байрт орж, багаараа мөнгөн цом хүртсэн.

-Мөнгөн цом баяр баясгалан авчирсан уу?

-Японы шигшээ баг 48, бид 47 оноо авсан болохоор жаахан харамсалтай байсан. ДАШТ өндөрлөдөг орой З.Дүвчин, Т.Сүхбаатар багш бид гурав охидоо зэмлэсэн ч дараа нь “Арай ширүүдүүлчихэв үү дээ” гэж ярилцаж байсан. Бидний ард АНУ, БНХАУ, ОХУ, Канад, Украйн орсон. Зүгээр нэг улс биш гүрнүүд шүү дээ. Би багаараа их бахархдаг.

-Манай эмэгтэйчүүдийн баг сүүлчийн хоёр ДАШТ-ээс хүрэл, мөнгөн цомтой ирлээ. Одоо нэг л зорилго үлдсэн байх тийм үү?

-Тэр ойлгомжтой. Бидний энэ мөчлөгийн хамгийн том зорилго бол “Рио-де-Жанейро-2016” олимпийн наадамд бүх жинд эрх авч оролцох, алтан медаль хүртэх. Үүнд хүрэхийн тулд ДАШТ-д амжилтаа ахиулах зорилготой.

БАГШИЙН МААНЬ ШАВЬ НАР САЙН ЯВЖ БАЙГАА

-Та Монгол Улсын гавьяат дасгалжуулагч болоод удаагүй байна. Энэ үед өөрийн багш, манай улсын чөлөөт бөхийн нэрт дасгалжуулагчийн нэг Нямдаваагийн Ганбаатар агсны тухай дурсахгүй юу?

-Ганбаатар багш Болд ахын маань хамгийн сайн найз. Манайхаар их ирдэг, би “Ганбаа ах аа” гэж дууддаг байлаа. Харин яг багш, шавь бололцсон нь 1988 оны арваннэгдүгээр cap. Аав минь нэг өдөр “Миний хүү барилдах уу” гэхэд нь бөхийн секцэнд оруулж өгөхийг үргэлж гуйдаг би уухайн тас зөвшөөрсөн. Ингээд аавдаа хөтлүүлээд тухайн үеийн Хүүхдийн соёл, спортын төвд Ганбаатар багшийн секцэнд очсон. Би тэр өдрийг мартдаггүй.

Багш маань бүх хүүхдийг жагсааж, бие халаалт хийлгэхээр заал тойруулж гүйлгэсэн ч намайг хаалгаар авч гараад гимнастикийн секцэнд оруулсан. Тэр орой гэртээ ирээд “Намайг бөхийн секцэнд оруулахгүй яаж байгаа юм бэ” гэж аавдаа гоморхож билээ. Ингээд гимнастикийн секцэнд хоёр cap явж, сунгалтын;дасгал их хийж, хөдөлгөөнийг нь сайн сурсан.

-Хүслэн болсон бөхийн секцэндээ хэзээ оров?

-Багш намайг дараа нь хөнгөн атлетикийн секцэнд оруулсан. Би нэг cap явсны эцэст бөхийнхөө заал руу зугтаж байлаа. Үндсэндээ бол гурван сарын дараа, 1989 оны хоёрдугаар сараас бөхийн эрдэмд суралцаж эхэлсэн дээ. Барилдахын бөөн дур болсон би багшийнхаа шийдвэрийг ойлгодоггүй байсан ч одоо бодоход арга барил нь их зөв байжээ. Бид бөхийн спорт өндөр хөгжсөн гадны олон орны багтай хамтарсан бэлтгэл хийж байна.

Тэдний өсвөр үеийнхнээ бэлтгэдэг сургалтыг арга барил тэр байсан юм билээ. Эхлээд уян хатан, хөдөлгөөний эвслийг сайжруулж, гимнастик, хөнгөн атлетикийн дасгал хөдөлгөөнийг хийлгэж сургасныхаа дараа бөх рүү оруулж байна.

-“Тулгат” клуб хэзээ нь байгуулагдсан юм бэ?

-Хүүхдийн соёл, спортын төв нь “Солонго-Өргөө” нэртэй болсон (Одоогийн “Монгени” цогцолбор сургууль). Үүнээс гадна 1990 онд залуучуудын шигшээ баг байгуулагдаж, багш маань дасгалжуулагчаар томилогдсон юм. Газар газраас Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар аварга тэргүүтэй олон сайхан залуу цугларсан ч залуучуудын шигшээ баг 1991 онд татан буугдсан. Энэ үед багш маань сайхан хүүхдүүдээ тараахыг хүсээгүй.

Ингээд залуучуудын шигшээ багийг хүүхдийн секцтэйгээ нийлүүлж, “Тулгат” клубийг байгуулсан түүхтэй. Тэр үеийн улс эх орны эдийн засгийн байдал, ард түмний амьжиргааны түвшин, Монголын бизнесменүүдийн нөхцөл байдал маш хүнд байсан ч хэдэн хүүхдээ тараачихаагүй. Багш маань хэдэн найзаасаа гуйж, “Тулгат”-ын том ах нар гудамжинд оо саван зарж, бид чулуугаар өвөлжөө барьж олсон хэдэн төгрөгөөрөө хоолоо идэж, бэлтгэл сургуулилалтаа хийж, цугларалтад гардаг байлаа.

Гэхдээ хүн ингэж яваад мууддаггүйг манай “Тулгат”-ынхан харуулж байна. Манай клубээс УИХ-ын гишүүн, Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч, үндэсний бөхийн даян аварга, улсын аварга тэргүүтэй олон цолтон төрсөн. Багш маань бидний сайн тамирчин болгох гэж бэлтгэхийн сацуу их төлөвшүүлсэн гавьяатай.

-Н.Ганбаатар багшийн шавь нар солгой өрөлттэй байх нь элбэг?

-Тийм. Багш өөрөө баруун өрөлттэй ч Д.Сумъяабазар аварга, Т.Гансүх ах зэрэг олон шавиа зүүн болгосон. Сумъяа аварга үндэсний бөх барилдахаараа унаган баруун талаараа хонгоддог. Гэхдээ чөлөөт бөхөөр барилдахаараа зүүн өрөлттэй болчихдог. Багш маань “Солгой өрөлттэй хүн цөөн ч баруун хүнд маш эвгүй байдаг.

Дэлхийн ихэнх сургалт баруун талтай байна. Удахгүй бүгд солгой өрөлттэй болно. Би та нарын дараагийн үеийг бэлтгэвэл бүгдийг нь баруун болгоно” гэж ярьдаг байлаа. Одоо Японы эрэгтэйчүүдийн шигшээ багийн бүх бөх зүүн өрөлттэй. Багш маань маш өндөр мэдрэмжтэй, бөхийн мундаг эрдэмтэй хүн байсныг сүүлд илүү их ойлгох юм даа. Бас юмыг шулуухан хэлдэг байсан.

Намайг ид барилдаж эхэлж байх үед “Болд та хоёр төрсөн ах, дүү. Хүн болгон чамайг Болд шиг бөх болоосой гэж хүсч байгаа. Гэхдээ чи чадахгүй ээ. Та хоёрын хэмжээг авч үзье. Болд 10 литрийн бидон. Харин чи гурван литрийн бидон. Гурван литрийн бидонд 10 л ус хэзээ ч багтахгүй шүү хүү минь. Чи хэзээ ч ах шигээ бөх болж чадахгүй. Цаг хугацааг битгий дэмий зараарай. Хийх ёстой зүйл рүүгээ эртхэн ороорой” гэсэн нь хатуу ч гэсэн үнэн үг байсныг сүүлд ухаарсан.

-“Тулгат”, “Шонхор”-ын өрсөлдөөнийг эргэн нэг дурсвал сонин байх болов уу?

-Тийм ээ. УАШТ-ий гол тооцоог энэ хоёр клубийнхэн хийдэг байсан. Спортын төв ордны баруун урд хэсэгт “Шонхор”-ынхон, хойд талд нь “Тулгат”-ынхан сууна. УАШТ болоход Б.Гантогтох Д.Сумъяабазартай, Г.Өсөхбаяр Д.Бумбаяртай, О.Пүрэвбаатар С.Боргилтой, Г.Чадраабал Т.Зүүнбаянтай, Т.Мөнхбаяр Т.Гансүхтэй, А.Сүхбат Д.Отгонбаатартай таарч, үзэгчид Спортын төв ордныг нураах шахдаг байлаа. Сайхан цагаахан өрсөлдөөн байжээ.

ХҮН ӨӨРИЙГӨӨ ЗАЛУУ ГЭЖ ГОЛЖ БОЛДОГГҮЙ

-Та 1996 онд ОХУ-ын нийслэл Москвад болсон залуучуудын ДАШТ-д хүч үзсэн. Энэ таны оролцсон олон улсын анхны том тэмцээн байв уу?

-Тийм ээ. Т.Сүхбаатар багшийн удирдлага дор Г.Ганхуяг, М.Цанлиг бид гурав оролцсон. Би Эстонийн Гуннар Кайцаарыг ялж, Туркийн Гёхан Явасерт ялагдаад Германы Дагдемир Буленттэй барилдсан. Түүнийг ялж явсан ч цаг дуусахын өмнөхөн мушгиулж даруулаад тэмцээнээ дуусгаж билээ. Аятайхан барилдаж болох юм байна гэсэн бодол төрж, их урам авсан. Хуягаа маань найм барилдаж тавдугаар байрт орсон. Хэрвээ өвчүү, эгэм, өвдгөө гэмтээж, тархи нь хөдлөөгүй бол медаль хүртэх боломжтой байсан.

-1996 онд монголчуудын амьдрал сайнгүй байлаа. Насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох тамирчдад замын зардал олддоггүй байсан үе. Харин та бүхэн хэрхэн болгов?

-Бид вагоноор дөрөв хоног хагастай явж очоод, буцахдаа тав хоносон. Залуучуудын ДАШТ оролцох нь сайхан байсан тул замдаа ядрахыг ч мэдрээгүй. Болд ах маань миний замын зардал, байр хоолны мөнгийг өгөөд явуулж байсан. Кубын Алексис Родригес, Вильфредо Гарсиа, ОХУ-ын Курамагомед Курамагомедов, Казахстаны Рамзан Муртазалиев зэрэг олон шилдэг тамирчин тэр жилийн залуучуудын ДАШТ-ээс гараагаа эхэлсэн.

-Та 1997 онд насанд хүрэгчдийн УАШТ-ээс медаль хүртэж чадаагүй ч Красноярскт болсон ДАШТ-д оролцсон байдаг?

-Тэр жилийн УАШТ нэгдүгээр сард болж, Т.Гансүх ах түрүүлж, А.Болдсүх мөнгө, Ө.Мөнхжаргал хүрэл медаль хүртэж, бид дөрөвдүгээр байрт орсон. Болдсүх, Мөнхжаргал хоёр маань үүний дараахан болсон Иван Ярыгины нэрэмжит олон улсын тэмцээний нэгдүгээр тойрогт ялагдсан.

ДАШТ-д оролцох Гансүх ах маань мөрний гэмтэлтэй байсан тул намайг нөөц тамирчнаар бэлтгэж байлаа. Тэмцээний өмнөх хамгийн сүүлчийн барилдааны бэлтгэл дээр Гансүх ахын мөр нь мултарч, би Красноярск руу явах болсон. Улсын аварга болоогүй тамирчин ДАШТ-д оролцсон цөөн хэдэн тохиолдол байдаг юм билээ.

-Томчуудын ДАШТ танд юу мэдрүүлсэн бэ?

-Ний нуугүй хэлэхэд жаахан эмээсэн. Хүнд жингийнхнийг хараад сүрдэж байлаа. Германы Йенс Гуэндлингийг ялж, Казахстаны Руслан Велиев, Азербайжаны Ельчад Аллахвердиев нартай ойрхон үзэж ялагдсан. Аллахвердиевтай оноо авалцаагүй явж байгаад цаг дуусахын өмнөхөн шидүүлсэн нь харамсалтай. Би бодолтой барилдсан бол ялж болох л байсан юм билээ. Хүн өөрийгөө залуу, ДАШТ-д анх удаа оролцож байна гэж голж болдоггүйг тэгэхэд мэдэрсэн дээ.

-Та 1998 онд олон улсын тэмцээнүүдэд амжилттай барилдаж, Буриадын Ерөнхийлөгчийн цом, “Монгол говь”-д түрүүлж, Грекээс хүрэл медаль хүртсэн. Гэхдээ ДАШТ-д оролцоогүй нь улсын аварга болж чадаагүйтэй холбоотой юу?

-Манай шигшээ баг 1998 оны хавар Турк, Болгар, Грек, Францад очиж, Европын цуврал тэмцээнд оролцож ирээд долоо хоносны дараа УАШТ болсон. Ёстой саваа гөвчихөөд ирсэн бидэнд жингээ дахин хасч, үндсэн жиндээ орох амар байгаагүй. Зарим багш дөрвийн дөрвөн тэмцээн оролцоод ирсэн биднийг УАШТ-д хоёр кг-ын зөрүүтэй оролцуулах санал тавьсан ч дэмжигдээгүй. Ингээд УАШТ-д болж, түрүүлсэн Болдсүх ДАШТ-д, үзүүрлэсэн би Азийн наадамд барилдах болсон.

-Танд Тайландын Бангкокт болсон Азийн наадмаас медаль хүртэх боломж байсан гэдэг?

-Миний хамгийн харамсч явдаг барилдаан тэнд болсон юм. Хоёрдугаар тойрогт Киргизстаны Алмазбек Аскаровтой барилдаж, 3:2-оор ялж явсан.

Шүүгч цаг дуусахаас 12 секундын өмнө намайг торгож, партерт хэвтүүлсэн ч би санаа зовоогүй. Тухайн үед хэвтээ хамгаалалтаараа баг дотроо хамгийн сайн нь байсан. Аскаровыг нэг бол накат, эсвэл крест авна гэж бодсон.

Амьдрал дээр ч бүх юм 100 хувь болсны дараа гүнзгий амьсгаа авах хэрэгтэй юм билээ.

Гэтэл үсэрч урд гарч ирээд, толгойг маань уургалан шахсан. Би нэлээн гүрийсэн. Гэсэн ч яг даваад унахад цаг дуусч, 3:4-өөр ялагдаж билээ. Хэрвээ би тэр киргизыг аргалсан бол дараа нь БНАСАУ-ын Жо Хён Чолыг ялах бүрэн боломжтой байсан. Болчихлоо гэж тайвширч болдоггүйг тэгэхэд маш сайн ойлгосон. Зөвхөн барилдаан гэлтгүй амьдрал дээр ч бүх юм 100 хувь болсны дараа гүнзгий амьсгаа авах хэрэгтэй юм билээ.

-Узбекистаны Ташкентад болсон 1999 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манайхан медаль хүртэж чадаагүй?

-Бүтэн багаараа оролцоогүй ч гэсэн манайхны медальгүй ирсэн ганц тэмцээн тэр болов уу. Уг нь би аятайхан сугалсан, А.Цэдэнсодном багш нар ч намайг шагналын тавцанд зогсоно гэж тооцож байсан юм билээ. Тайванийн Лай Чень Хсин, Энэтхэгийн Сужит Маан хоёртой нэг хэсэгт орсон, торох юмгүй шалгарна гэж бодож байлаа. Эхлээд тайванийг 10:3-аар ялж, удаах барилдаанд энэтхэгийг 8:0-ээр ялж явсан.

Нөгөөх чинь босч ирээд сугадаж тонгорч, ард маань гараад сармай татсан. Босох гэтэл хөл дээрээ тогтож чадахгүй болж, дэвжээ гуйвах мэт санагдсан. Ингэж л аятайхан сугалааг ашиглаж чадаагүй юм даа.

Энд нэг шалтгаан биш шалтаг дурдчихъя. Уг нь 69 кг-ын жингийн барилдаан бямба гаригт болох байсан юм. Бид лхагва гаригт Ташкентад очиж, орой нь хуваарь хартал манай жингийн барилдаан нөгөөдөр нь болох болсон байсан. Би жингээ огцом хасч байсангүй. Надаас нэг бэлтгэл дээр дээд тал 1.2 хөлс гардаг байсан. Ингээд тэмцээний өмнөх өдөр хоёр бэлтгэл хийж байж, арай гэж 3.8 кг жин хассан. Жин хасахдаа хөл дээрээ дэндүү их ачаалал авсан байх.

ЭХ ОРОНДОО БАГИЙН ДҮНГЭЭР ТҮРҮҮЛЭХ БОЛОМЖ БАЙСАН

-Та 2001 оны зургадугаар сард Улаанбаатарт болсон Азийн аварга шалгаруулах тэмцээний 76 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн. Тэр тэмцээний тухай ярих зүйл их байгаа байх?

-Тэр жилийн дөрөвдүгээр сард Улаанбаатарт жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од түрүүлж, манайхан мөнгө, хүрэл медаль олныг хүртсэн. Энэ нь бидний хариуцлагыг улам нэмэгдүүлж байсан гэх үү дээ. Багш нар “Та нар харж байгаа биз. Эх орондоо болж байгаа тэмцээнээс аварга төрөхгүй бол болохгүй” гэж байсан. Бид найм ч их хичээсэн.

-Гэхдээ нэг биш гурван аварга төрсөн шүү?

-Эхэлж барилдсан дөрөв нь бүгдээрээ аваргын төлөө шалгарч, Т.Зүүнбаян, Н.Баярмагнай хоёр маань алт, Г.Ганхуяг бид хоёр мөнгөн медаль хүртсэнээр манай багийн удирдамж үндсэндээ биелсэн. Маргааш нь ахиад дөрвөн “Танк” байсан. Өсөхөө аварга түрүүлж, Л.Энхбаяр, А.Болдсүх, Н.Бүрэнбаатар гурав хүрэл медаль хүртэж, наймуулаа медальд хүрсэн дээ.

-Та шийдвэрлэх барилдааныг Японы Обата Күнихикотой хийж ялж байсан?

-Нэг жингийн барилдаан одоогийнх шиг нэг биш, хоёр өдөрт болдог байлаа. Эхний өдөр Катарын Абдул Кадир, Энэтхэгийн Р.Кумар хоёрыг оноогоор цэвэр ялаад маргааш нь японтой мөнгөн медалийн төлөө барилдах болсон.

1999 оны залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн чанга учраа. Өдгөө МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх багш тухайн үед манай “Алтайн барс” клубийн дасгалжуулагч байсан. Багш орой нь намайг гэртээ дуудлаа. Тэр японы өмнөх хоёр тойрогт хийсэн барилдааныг камерт бичсэнээ зурагтад залгаж, ганцааранг маань суулгаж байгаад үзүүлсэн. Дараа нь “Чи юу гэж бодож байна. Ямар мэх хийвэл ялах юм шиг байна” гэж асуухад нь “Хэвтээ барилдаанаас оноо авч болох юм байна. Бусад бөхтэй барилдахдаа хоёр цавь руу нь хөлөө хийж, цээжээр тэвэрсэн накат хийж байна.

Энэ үед нь үүрээд босоод ирж болох юм шиг санагдлаа” гэсэн. Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр сарын өмнө УБТЗ-ийн нэрэмжит тэмцээн болоход үүрч босоод хойш унадаг мэхийг А.Болдсүхдээ хийж ялсан болоод ч тэр үү их итгэчихсэн байлаа. Зочид буудалдаа ирээд энэ тухай Ганбаатар багшдаа хэлэхэд дэмжсэн. 

-Та тэр барилдааны үеэр шүүгчтэй маргалдаж торгуулахад А.Басхүү багш босч ирж загнаж байсныг мартдаггүй?

-Тийм шүү. Шүүгчтэй маргалдаж торгуулснаар тоо 4:5 болсон. Уг нь маргаагүй бол оноо тэнцүү байх байсан. Энэ үед А.Басхүү багш “Чи дуугүй хэвт. Тэгэхгүй бол чамайг тэмцээнээс хөөх гэж байна” гэж сануулж байлаа. Ингээд барилдаан хэвтээгээс үргэлжилж, нөгөө япон хоёр цавь руу нь хөлөө хийж, цээжээр тэвэрдэг накатаа хийсэн. Энэ мөчийг хүлээж байсан би ч төлөвлөж байснаараа босч ирээд хойш савж унан гурван оноо авсан.

Барилдаан дуусахад 25 секунд үлдсэн байлаа. Тэр хугацаа явж өгөхгүй, надад хоёр минут шиг санагдаж билээ (инээв). Японы бөхчүүд ямар мундаг ажиллагаатай билээ. Обата Күнихико одоо Яманаши сургуульд дасгалжуулагчаар ажилладаг, эх орондоо их нэр хүндтэй. Япондоо 13 удаа түрүүлсэн хүн түүнээс өөр байдаггүй гэсэн. Видео судалгаа ямар үр дүнтэй болохыг тэр үед маш сайн ойлгож билээ. Түүнээс хойш бичлэг цуглуулдаг болсон.

-Та хэвтээ барилдаандаа сайн. Гэхдээ Ираны бөх Мехди Хажизадехтэй аваргын төлөө барилдахдаа хэвтээгээс олон оноо алдсан шүү?

-Би Хажизадехийг өөрийнхөө хэмжээнд судалсан, гэхдээ тэр намайг бүр илүү судалсан байсан. Миний хэвтээ барилдааны үед гаргаж байсан ганц алдаан дээр ажилласан. Би элэг, өвдөг, гуяараа хэвтсэн үедээ оноо алддаггүй. Харин өвдөг дээрээ босоод ирсэн тохиолдолд л оноо алдаж болохыг иранчууд анзаарсан юм билээ. Хөл чагталж авах гэхэд хүн өвдөг дээрээ босдог. Хажизадех яг тэр үед накат хийж, тэндээсээ олон оноо авсан.

Судалгаа гэж яагаад ч хаягдаж болохгүй зүйл байдаг. Би тамирчдынхаа бичлэгүүдийг өөрөө бичиж, заримыг нь интернэтээс татаад компьютерт нь суулгаж өгдөг. Хүн өөрийнхөө барилдааныг их үзэх хэрэгтэй. Эндээс сул, давуу талаа олж харна. Би тэдэнд “Өрсөлдөгчийнхөө сул талыг сайн олж хар, давуу талыг битгий их хар” гэж захидаг. Өрсөлдөгчийн давуу талыг хэт анхаарах нь эргээд сэтгэлзүйн дарамтад оруулдаг.

-Та ОУХМ-ын болзлыг ингэж биелүүлсэн үү?

-Тийм ээ. 1999 онд Монголын бүх ард түмний спартакиадад түрүүлж спортын мастер, 2001 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүрлэж ОУХМ болсон.

-Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн ангилалд Ираны баг 75 оноогоор тэргүүлж, Монгол гурвыг дутуу авснаар аман хүзүүдэж байлаа. Манайханд багийн дүнгээр тэргүүлэх боломж хэр байсан бэ?

-Н.Бүрэнбаатар маань мөнгөн медалийн төлөөх барилдаанд Ираны Пежман Доросткарыг ялсан бол манайх багаараа аваргалах байсан. Хэдийгээр нэг оноогоор ялагдаж явсан ч гэсэн хөлийг нь авч, гурван оноо авах боломжтой болсон. Гэсэн ч үлдсэн хөлийг нь хутгах гэж байгаад унаж, хариу мэхэнд ороод ялалтаа алдсан даа. Ч.Дамдиншарав багш маань биеэ барьж чадахгүй, нуруу руу нь цохиод авдаг барилдаан шүү дээ.

-Тэр жилийн зун манай шигшээ багийнхан ДАШТ-ий бэлтгэлээ “Найрамдал” зусланд базаасан. Тэгэхэд Н.Ганбаатар багш баг тамирчдаа эргэн очсон нь та бүхний сүүлчийн уулзалт байсан юм билээ?

-ДАШТ-д оролцох тамирчдын тал нь “Тулгат”-ынх байсан. Тиймээс бид багшийгаа хамт явна гэдэгт огтхон ч эргэлзээгүй. Гэвч ДАШТ-д оролцох багийн бүрэлдэхүүнд багтаагүй. Багш маань “Найрамдал” дээр уйлаад ирж байлаа. “Энэ бөхөд үнэн шударга юм гэж байна уу” гэж байсан. Бидэнтэй хоёр хоноод буцсан оройноо өнгөрсөн. Маш харамсалтай. Бид үүнийг дуулаад маш хүнд байдалд орсон. Хэрвээ багшийг маань ДАШТ-д явуулах шийдвэр гаргасан бол тийм харамсалтай зүйл болохгүй ч байх байсан юм бил үү...

-Та тэр ДАШТ-д их муу барилдсан?

-Үнэн. Сэтгэлзүйн хувьд маш хүнд байсан. Олон жил хамт явсан багшийн минь орон зай эзгүйрсэн. Ганц надад ч гэлтгүй манай багийнханд ч тэгж санагдсан байх. Би Азийн аварга шалгаруулах тэмцээнд таарсан Мехди Хажизадех болон Беларусийн Мурад Гайдаровт ялагдсан.

ГУРВАН ЛИТРИЙН БИДОНЫ ТУХАЙ БОДОГДОЖ ЭХЭЛСЭН

-Та 2003 оны УАШТ-д 84 кг-ын жинд Н.Бүрэнбаатар, Б.Сайнбаяр зэрэг гол өрсөлдөгчдөө ялж түрүүлсэн. Ингэснээр 69, 76, 84 кг гэсэн гурван өөр жинд алт, мөнгөн медальтай болсон байдаг?

-Харин манайхан тэгж ярьж, надаар бахархдаг юм. Н.Бүрэнбаатар, Б.Сайнбаяр нарын аль аль нь намайг бярдаж, илүүрхдэг байсан. Би жаахан хурган залиараа л ялдаг байлаа.

-Н.Бүрэнбаатарыг хэрхэн хуурдаг байв?

-Эхлээд оноо өгчихдөг байсан. Бүрнээ ажиллах чадвар өндөртэй бөх. Машинаар ярьвал тэр 5000 сс мотортой бол минийх 3800 сс. Ийм хүн чинь таван минутын дотор арай л илүү ажиллаж таараа. Хэрвээ би эхэлж оноо авбал Бүрнээ миний хэлийг унжуулна. Би үүнийг нь мэддэг болохоор бушуухан нэг оноо өгдөг байсан. Түрүүлж оноо авсан хүн ажиллах нь багасдаг. Харин би барилдааны төгсгөлд жаахан ажиллаж, торгуулж, хэвтээгээс оноо авдаг байлаа. Жингийнхээ дүүтэй тийм тактикаар барилддаг байсан.

2003 оны УАШТ-д таарахдаа эхэлж нэгийг алдчихаад дараа нь мэхлээд зургааг авч ялсан. Бүрнээ ялагдаж явахдаа “Ах аа, та одоо болоо шүү дээ” гэж хэлж байсан (инээв).

-Б.Сайнбаяртай хэрхэн барилддаг байв?

-Цаадах чинь асар бяртай. Харин минийх гэж юу байх вэ. Би паартай байшин, паалантай жорлонгийн хүүхэд. Сайнааг өөрөөсөө нэг дахин илүү бяртай гэж боддог. Бугуйнаас маань атгаад авахад нь тавиулж чаддаггүй байсан. 2003 оны УАШТ-д нэг арга хэрэглэсэн юм.

Манай жингийнхэн намайгаа хэвтээ барилдаанаас оноо авдгийг сайн мэддэг болохоор хамгаалалтаа их бэлтгэдэг байсан. Би өрсөлдөгчийнхөө биеийг дэвжээнд хүрэхээс нь өмнө барьцаа авчихвал оноо салгадаг. Сайнаа 2001 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд сонгомол бөхөөр барилдсанаас хойш цээжээ дэвжээнээс хөндийрүүлдэггүй наачихдаг болсон байсан. Би гараа доогуур нь оруулж чадахгүй.

Тухайн үед цээжээ дэвжээнд шүгэл дуугарахаас өмнө хүргэвэл сануулж, хоёр дахиа ингэвэл шууд хоёр оноогоор торгодог байсан. Би энэ дүрмийг хүч зарахгүйгээр хоёр оноо авах боломж гэж харж байлаа. Сайнааг торгуулж хэвтүүлээд, шүүгчийг шүглээ ам руугаа хийхээс өмнө нуруун дээр нь цохиход цочоод доош хэвтсэн.

Босоод ирэхэд нь дахиад цохиход дахиад хэвтсэн. Ингэж ямар ч зовлонгүйгээр хоёр оноо авсан нь үндсэндээ ялалт авчирсан. Би өөрөө тамир муутай, бярдуулчих гээд байдаг байсан болохоор толгойгоо ажиллуулах шаардлага гардаг байлаа. Бөхчүүд биеэ халаагаад гүйж байхад би хуруугаараа оролдоод сууж байдаг. Ц.Цогтбаяр ах ирээд “Миний дүү залиа халааж байна уу” гэж шоолдог байж билээ.

-Би таныг Азийн аварга шалгаруулах тэмцээний медалиа 2003 онд Энэтхэгийн Шинэ Делид ихэрлүүлэх боломжтой байсан гэж боддог?

-Сугалаа ч гайгүй таарсан. Эхний хоёр учраагаа ялчихаад зооны аваргын төлөө Тажикистаны Шамиль Аииевтай барилдсан. Хоёр үед оноо авалцалгүй шодож, хоёр удаа барьж сонгуулж ялагдсан. Харин хүрэл медалийн төлөө Казахстаны Магомед Куруглиевт хол ялагдсан.

Казахуудын барилдааны арга барил, заль, хамгаалалтын мэх нь өндөр хөгжсөнийг тэгэхэд мэдэрсэн дээ. Дөрөвдүгээр байрт орсны дараа урам хугарч, гурван литрийн бидоны тухай санагдаж, ингэж явах хэрэг байна уу гэж бодогдсон шүү. Бас Бүрнээгийн хэлсэн үг.

-АНУ-ын Нью-Йорк хотод болсон 2003 оны ДАШТ-ээс дараа жилийнх нь Афины олимпийн наадмын эрх авах боломж хэр байсан бэ?

-ОХУ-ын Сажид Сажидов, Болгарын Аркадий Цопа бид гурав нэг хэсэгт орсон. Би Сажидовыг хөлдөө дутуу оруулаад буцахад нь гар ачих юм уу суйлахаар төлөвлөж байсан. Яг санаснаар болж, толгойг нь уургалан суйлж дээш нь харуулж гурван оноо авсан. Гэхдээ дээгүүр нь дэндүү хүчтэй дайрч гараад дарж чадаагүй.

Ч.Дамдиншарав, З.Ойдов, А.Басхүү багш нар “Хэрвээ хэмжээ нь таарсан бол цэвэр ялдаг мэх. Чи хүчээ зөв хуваарилж чадсангүй” гэж билээ. Би Сажидовыг ямар их бяртайг тэгэхэд мэдэрсэн. Зүүн хөлөө толгой дотуур өгч, накат алдсан. Би тийм байдлаар накат алдаж үзээгүй. Хавирга ханзрах шиг л болсон доо.

Дээшээ харж тоолуулаад, дахиж нэг накат алдаад 3:5-аар ялагдсан. Өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга Сажидов тэр жил насанд хүрэгчдийн ангилалд анх удаа түрүүлсэн. Би Цобатай үзсээр байж шодолтоор ялагдсан.

Тэр хоёрыг ялаад хэсгээсээ шалгарсан байсан ч БНСУ-ын Мүн Бй Жэтэй таарах байсан болохоор “Олимпийн эрх авах боломж байсан” гэж хэлж чадахгүй. Уг нь олимпийн наадамд оролцохыг их хүссэн юмсан. Тамирчин бүрийн мөрөөдөл шүү дээ. Тэр ДАШТ-ий дараа “Би юуны төлөө яваад байна. Явлаа гэхэд медаль хүртэх боломж байна уу” гэж өөрөөсөө асуусан. Манай жинд олон шилдэг тамирчин гарч ирсэн, медалийн шаанс харагдахгүй байлаа.

-Олимпийн эрх олгох дараагийн хоёр тэмцээнд хэн явсан бэ?

-Бүрнээ маань 2004 оны нэгдүгээр сард Словакийн Братиславд болсон тэмцээнээс эрх авангаа алдсан. Хоёрдугаар сард нь Болгарын Софид болсон тэмцээнд Сайнаа маань яваад авч чадаагүй. Би тэр жилийн МБАТС-ын аваргын төлөө Сайнаадаа ялагдаад үндсэндээ барилдахаа больсон доо.

ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛСОН НЬ БАГШИЙН МИНЬ ЗАХИАС БАЙСАН

-Та “Монгол-Амикал” (1997 - 2000 онд), “Алтайн барс” (2000 - 2001 онд), “Хангарьд” (2001 – 2004 онд) клубт данстай явлаа. Энэ тухай ярихгүй юу?

-“Монгол-Амикал” гэж Монгол-Шотландын хамтарсан ноолуурын үйлдвэр байсан. Захирал Ронни Ламб, эхнэр Алтай хоёр бөхөд сэтгэлтэй. Өсөхөө аварга бид хоёр нэр дээр нь барилддаг, тэндээс Ганбаатар багш гурвуул цалинждаг байлаа. Гадагшаа тэмцээн уралдаанд явах зардлыг минь 1997-1999 онд өгсөн. Харин 2000 оны нэгдүгээр сард багш маань менежмент хийж, намайг “Алтайн барс” руу явуулж, Ц.Магалжавыг “Монгол-Амикал”-ынх болгосон.

Магалаа чинь манай багшийн хамгийн сүүлчийн үеийнх нь шавь. Тэр жилийн цагаан сараар “Монгол Амикал”-ынх хэмээн анх зарлуулж барилдаад аймгийн арслан цолтойдоо үзүүрлэсэн. Харин би “Алтайн барс”-д жил гаруй данстай яваад 2001 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний дараа “Хангарьд”-ынх болж, Ч.Раднаабазар багш дээрээ очсон.

-Та Н.Ганбаатар багшаас хойш Ч.Раднаабазар багштай хамтарч ажилласан уу?

-Тэгэлгүй яах вэ. Раднаа багшаасаа их зүйл сурсан. Жинхэнэ менежер шүү дээ. Н.Баярмагнай, А.Болдсүх бид хэдийг юунд ч санаа зовохгүйгээр бэлтгэл сургуулилалтдаа хамаг анхаарлаа хандуулах боломжийг бүрдүүлж өгсөн. Раднаа багшийн хүний болохгүй байгааг шууд хэлдэг чанар, бичиг цаасны соёл нь мундаг шүү дээ.

-Та хамгийн сүүлд хэзээ барилдсан юм бэ?

-2005 оны УАШТ. Олимпийн эрх авч чадаагүйгээсээ хойш эрч хүч маань суларсан болоод ч тэр үү жин маань 96-97 кг хүрсэн. Раднаа багш “Жингээ хасч, 84 крд барилд” гэсэн. Харин би “Багш аа, 96 кг-д орчихъё. Дандаа мэддэг хүн барилдах тул заавал медаль хүртэнэ. Харин 84 кг-д орох юм бол жинтэйгээ ноцолдсоор байгаад таарна” хэмээн гуйж байлаа. Гэсэн ч багш “Чи 84 кг-д сүүлчийн удаа ороод өгчих” гэсэн.

Ингээд хассан ч ёстой жинтэйгээ барилдсаар байгаад таарсан даа. Ч.Ганзориг, Т.Энх-Амгалан гэсэн ид гарч ирж байсан хоёр сайн залууд ялагдаад дөрөвдүгээр байр эзэлсэн. Ганзориг хоёр олимпийн наадамд оролцсон бол Энх-Амгалан 2008 оны эрхийг авангаа алдсан. Би Энх-Амгаланг өндөр амжилт үзүүлнэ гэж горьддог байсан ч гэмтсэн нь харамсалтай. Индонезийн Бали аралд 2008 онд болсон Азийн элсний спортын наадамд элсний бөхөөр түрүүлсэн.

-Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар та хоёр нийлж, манай улсын шилдэг тамирчны нэг Б.Батзоригыг 2005 оноос дасгалжуулсан. Энэ нь таны дасгалжуулагчийн ажлын эхлэл байв уу?

-Яг тийм. Батзориг сайхан авьяастай хүүхэд. Харамсалтай нь хоёр сайхан багш нь (Гавьяат тамирчин Д.Оюунболд, соёлын гавьяат зүтгэлтэн А.Ганбаатар) бурхан болоод байсан. Өөрөөр хэлбэл нэг газар харьяалуулж, ахуйн нөхцөл байдлыг нь сайн хангах шаардлага гарсан. Энэ үед “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэтэй уулзаж, Батзоригийг 2008 оны Бээжингийн олимп руу зүтгүүлэхийг хүссэн.

Х.Бат-Эрдэнэ захирал ч зөвшөөрч, Батзоригт 100 гаруй ам.метр талбайтай байр гаргаж өгч, Ооска ах тамирчин-дасгалжуулагч, би дасгалжуулагчаар нь ажилласан юм. Батзориг маань олимпийн эрхээ авч, эхний даваанд ӨАБНУ-ын Хенрик Барнесийг ялсан. Дараагийн учраа болох ОХУ-ын Ирбек Фарниевыг ялах маш өндөр боломж байсан ч үүнийгээ алдсан нь харамсалтай.

Клинч аваад алдсан нь хариуцлагагүй үйлдэл. Багийн зүгээс, дасгалжуулагчийн зүгээс гаргасан алдаа ч байсан. Батзоригт “Бурууг өөрөөсөө хай” гэж хэлж байлаа. Миний дасгалжуулагчийн ажил эндээс эхэлсэн дээ.

-Ер нь дасгалжуулагч болох тухай хэзээнээс бодогдож эхэлсэн бэ?

-1998 онд Европын цуврал тэмцээнүүдэд оролцохдоо багштайгаа нэг өрөөнд орж, бөхийн тухай их ярилцдаг байлаа. Багш надаас зөвхөн миний биш манай багийн тухай асуудаг, түүнд нь нэг их юм бодолгүйгээр хариулдаг байсан. Европоос буцаж явахад багш маань “Нөхөр минь, чи заавал дасгалжуулагч болно шүү” гэж хэлж билээ.

Барилдахын их хүсэл мөрөөдөл байсан болохоос дасгалжуулагч болох тухай зүүдлээ ч үгүй явсан үе. 2001 онд “Найрамдал” зуслан дээр байхад “Чи багшийнхаа хэлснийг мартаагүй биз. Дасгалжуулагчийн ажлыг заавал хийнэ шүү” гэсэн нь сүүлчийн захиас нь байж дээ.

2003 оны УАШТ-ий медальтнууд “Сэлэнгэ” амралтын баазад долоо хоног сэргэлтийн бэлтгэл хийсэн юм. Тэгэхэд Ч.Дамдиншарав багш Өсөхөө ахын дэргэд “Би дасгалжуулагчийнхаа ажлыг Батбаярт өгнө” гэхэд гайхаж билээ. Тэнд сууж байсан гурван хүн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажилласан нь сонин тохиолдол.

Зураг