Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хариуцлага алдсан эмч нарын эмчлэх эрхийг хасах санал хүргүүлжээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамны дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо хуралдсан байна.

Энэ удаагийн  хурлаар Улсын I амаржих газарт гарсан эхийн эндэгдэлд холбогдсон эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүйн асуудлыг хэлэлцжээ. Ингээд иргэн Б-д эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ ёс зүйн ноцтой зөрчил гаргасан их эмч Н.Бадрах, А.Мөнхбилгүүн, Д.Соёл-Эрдэнэ, Ж.Эрдэнэчимэг нарын эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг гурван сараас нэг жил хүртэл хугацаагаар хүчингүй болгох саналыг Эрүүл мэндийн сайдад хүргүүлэхээр болжээ.

Түүнчлэн дээрх зөрчлийг судлах явцад,

1. Эмнэлгийн мэргэжилтнүүд тусламж, үйлчилгээний стандарт, удирдамжийг чанд баримтлан ажилладаггүй

2. Эрүүл мэндийн байгууллагуудад уг үйл ажиллагаанд тавих хяналт сул

3. Эмч нарын зөвлөгөөний шийдвэрийг хууль, журамд заасны дагуу албан ёсоор баримтжуулдаггүй

4. Тендерээр авсан эм, эмнэлгийн хэрэгсэл шаардлага хангадаггүй зэрэг зөрчил дутагдал илэрсэн гэнэ.

Иймд эрүүл мэндийн салбарын  бүх шатны байгууллагууд дээрх зөрчлийг анхаарч, цаашид эмнэлгийн мэргэжилтэн ёс зүйн болон мэргэжлийн алдаанд хүргэж болзошгүй уг нөхцөл, шалтгааныг арилгах шаардлагатайг  Ёс зүйн хяналтын хороо Эрүүл мэндийн яаманд уламжилсан байна.