Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/27-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цэцэрлэг: “...Зүсээ гундтал ханилахдаа чамаасаа уйдахгүй...” гэдэг мөрт намайг хөглөсөн

Ж.Өнөржаргал
2014 оны 3 сарын 27
Монголын мэдээ
Зураг зураг
МУУГЗ Д.Цэцэрлэг

Энэ удаагийн “Чухал хүн” буландаа хэдхэн хоногийн өмнө МУУГЗ хэмээх эрхэм хүндтэй цол, тэмдгээр энгэрээ мялаасан Довчингийн Цэцэрлэгийг урьж, ярилцлаа. 

-Юуны өмнө танд уншигчдынхаа өмнөөс МУУГЗ хэмээх эрхэм хүндтэй цол, тэмд­гээр энгэрээ мялаасанд баяр  хүргэе. Сэтгэгдлээсээ манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Хийморлог морин жилдээ төрийн хайр, хүндэтгэлийг хүртэж, МУУГЗ болсондоо баяртай байна. Намайг дэмждэг, миний уран бүтээлийг сонсдог сонсогчиддоо баярлалаа гэж танай сониноор уламжилъя. 

-Тантай ярилцлага хийхээр намтрыг чинь уншиж байхад 1985-1987 онд Эрхүү хотын улс төрийн дээд сургуулийг дүүргэсэн гэж бичсэн байсан. Хөгжмийн зохиолч, багш тэгээд улс төрийн дээд сургуульд суралцсан гэхээр сонирхолтой сонсогдож байна?

-Тухайн үеийн УБИС-д багшилж байгаад Эрхүү хотод суралцахаар явсан. Тэнд суралцаж байх хугацаандаа улстөрийн дээд сургуульд хоёр жил сурсан байдаг юм. Тухайн үед Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль гэж байсан шүү дээ. 

Миний хувьд улстөрийн чиглэлээр суралцаж, эзэмшсэн мэргэжлээ ашиглаагүй боловч өөрийгөө тал бүрээр боловсруулах ёстой гэдэг үүднээс суралцсан хэрэг. Ер нь оюутан байхдаа нийгмийн идэвхтэй хүүхэд байсан. Эрхүү хотод суралцаж байхдаа ангийн дарга хийдэг, янз бүрийн сонгуульт ажилд идэвхтэй оролцдог, монгол оюутнуудын дунд болдог урлагийн бүхий л арга хэмжээг гардаж зохион байгуулдаг байсан юм. 

-Увс аймгийн цахим мэдээллийн сүлжээнд “Урлагийн салбарт 30 жил үр бүтээлтэй ажилласан Д.Цэцэрлэг МУУГЗ боллоо” гэсэн байсан. Өнгөрсөн хугацаанд хэчнээн шавь төрүүлсэн бэ?

-УБИС-д багшилснаас хойш 33 жил өнгөрсөн байна. 1978-1982 онд Багшийн сургуульд хөгжмийн багш, 1987-1990 онд хөгжмийн салбарын эрхлэгч, 1990-1993 онд СУИС-д багш, 1994-1998 онд Соёлын коллежид сургалт эрхэлсэн дэд захирал, 1998-2000 онд СУИС-ийн сургалтын албаны мэргэжилтэн, 2000 оноос СУИС-д багшилж байна. 

Ер нь энэ гурван сургуульд багшлахад амьдралынхаа 33 жилийг зориулсан байдаг юм. Урлагийн салбарт маш олон мэргэжилтэн бэлтгэж, шавь нар төрүүлсэн. Тоолж баршгүй. Шавь нараас маань түмэнд танигдсан, нийгэмдээ тодорхой зүйл хийж бүтээсэн, тодорхой байр суурь эзэлсэн мундаг хүмүүс байна. 

Тухайлбал, дуучин, МУГЖ Д.Ширмэнтуяа, Х.Болормаа, аранжровшик Н.Халиун, Аранзай буюу Б.Бат-Эрдэнэ, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Цэн.Эрдэнэбаяр гэх мэтчилэн олны танил уран бүтээлчид байгаа. Үүнээс гадна хөгжмийн багш нарыг бэлтгэсэн. 

Тухайлбал, “Соёлын дээд сургууль”-д миний 6-7 шавь багшилж байгаа. Өөрөөр хэлбэл, тэд маань УБИС, СУИС-ийг төгссөн мэргэжлийн багш нар. Үүнээс гадна МУБИС-ийн СӨБС-д миний 5-6 шавь багшилж байна. Энд дурьдалгүй өнгөрсөн зөндөө шавь бий. Тоолж баршгүй учраас нэг бүрчлэн нэрлэх боломжгүй байна, ойлгоорой. /инээв/. 

Хөгжмийн зохиолч Б.Магсаржав яг миний гарын шавь. Өөрөөр хэлбэл, Увс аймгийн Тэс сумаас ирээд надаар баян хуур заалгасан.  Баян хуур хөгжим сурснаараа ЦДБЭЧ-д ажиллаж, “Зүүдэн бороо”, “Насны баяр” зэрэг хит дуунуудаа зохиосон байдаг. 

-Таныг тодорхойлох тодор­хойлолтууд нэлээн өвөрмөц юм. Тухайлбал, монголын анхны эмэгтэй баян хуурч гэх мэтчилэн?

-Би монголын урлагт баян хуур хөгжмөөр хөл тавьсан. Магадгүй намайг урлагт хөглөсөн, уран бүтээлч болгосон, хөгжүүлж, задалсан хөгжим бол яах аргагүй  баян хуур. Таван настайдаа анх гармон хөгжмийг тоглож сураад найман настайгаасаа баян хуур хөгжмөөрөө өдийг хүртэл тоглож байна. 

Таван настайдаа анх гармон хөгжмийг тоглож сураад найман настайгаасаа баян хуур хөгжмөөрөө өдийг хүртэл тоглож байна. 

Нэг ёсондоо 50 орчим жил баян хуур хөгжимтэйгөө нөхөрлөж байна даа. УБИС-ийн хөгжмийн ангид дөрвөн жил баян хуур хөгжим заалгасан. Миний баян хуурын багш н.Батаа, н.Бадарч зэрэг мундаг хүмүүс байсан. Энэ мундаг хүмүүсээр баян хуур хөгжмийг заалгаж, мэргэжлийн төвшинд суралцаж, төгссөн. 

Дараа нь Эрхүү хотод суралцаж байх хугацаандаа Оросын мундаг багшаар мөн л баян хуур хөгжмөө заалгаж, мэргэшсэн. Харамсалтай нь монголдоо ирээд баян хуур хөгжмөө заагаад, сургалтаа явуулж байсан боловч нийгмийн өөрчлөлтөөс болж сургалтын программаас хасагдсан юм. 

1990-ээд онд нийгэм өөрчлөгдөж, зах зээлд шилжсэнээр баян хуур хөгжмийг мэргэжлийн сургуулиудын сургалтын хөтөлбөрөөс хасчихсан. Тиймээс би 2000 оноос хойш баян хуур хөгжмөө заагаагүй юм байна. Хамгийн сүүлд “Соёлын дээд сургууль”-д баян хуур хөгжмөө заасан. Миний хувьд монголын анхны эмэгтэй мэргэжлийн баян хуурч гэж явдаг. Эрэгтэй баян хуурчид бол зөндөө бий. Тэр ч утгаараа энэ хөгжмийг мэргэжлийн сургуулиудын сургалтын хөтөлбөрөөс хассанд харамсч явдаг. 

-Багш хүнийхээ хувьд баян хуур хөгжмийг эргүүлээд мэргэжлийн сургуулиудын сургалтын хөтөлбөрт оруулах ямар боломж байна гэж харж байна вэ?

-Миний хувьд өөрийнхөө сурсан, мэдсэнийг хойч үедээ өвлүүлэхийг хүсч явдаг. Мэргэжлийн багш хүний хувьд баяр хуур хөгжмийг хойч үедээ өвлүүлэх, орчин үеийн урлагтай холбох, тэр төвшинд хүргэх, сургалтын хөтөлбөр боловсруулах зэрэг бүх зүйлийг би гардаж хийж байсан. 

Гэтэл касио гэдэг даралтат хөгжим монголд орж ирээд л баян хуурыг байхгүй болгочихож байгаа юм. Уг нь баян хуур гэдэг чинь дэлхийд танигдсан хөгжим юм шүү дээ. Гэтэл касио бол кнопыг нь дарчихад л дуугардаг хөгжим байхгүй юу. Тогтсон хөгтэй биш учраас хүүхдийн сонсгол эвддэг хөгжим. 

Баян хуур  нэг дуугарахад л оркестрийн дуугаралттай тэнцэхүйц  баялаг хөгжим. Тийм баялаг хөгжмийг мэргэжлийн сургуулиудын сур­галт­ын хөтөлбөрөөс хассан нь харамсалтай зүйл болсон гэж боддог. Яг ний нуугүй хэлэхэд бидний бэлтгэсэн дунд сургуулийн хөгжмийн багш нар яг баян хуур хөгжмөө тоглоод хичээлээ зааж байна. 

Дөнгөж нэг жилийн өмнө миний анхны шавь над руу утасдаад “Багшаа тандаа үргэлж баярлаж явдаг шүү. Таныхаа заасан баян хуур хөгжмөөрөө өнөөдрийг хүртэл хоолоо олж идэж байна” гэж хэлж байсан. Тэд баян хуур хөгжмийг бүрэн эзэмшсэнээрээ дунд сургуулийн хөгжмийн хичээлийг бүрэн төгс зааж чадаж байгаа юм. Одоогоос 6-7 жилийн өмнө Увс аймагт ЭЕШ-т авах үеэр очсон юм. 

Тэгэхэд дунд сургуулийн хөгжмийн багш нар нь хэн байна гээд харсан чинь өнөөх л бидний бэлтгэсэн төгөлдөр хуур, баян хуур, үндэсний хөгжим  тоглодог чадварлаг багш нар байсан. Гэтэл сүүлийн үеийн хөгжмийн багш нар тийм биш болчихсон. Өөрөөр хэлбэл, зөвхөн төгөлдөр хуур  тоглодог өрөөсгөл багш нар ажлын талбарт гарч байна.  

Зүй нь хөгжмийн багш бол бүх зүйлийг чаддаг, оролддог чадварлаг байх ёстой. Тухайлбал, хоор дуугаа заачихдаг, удирддаг, найруулдаг, үндэсний хөгжим болон төгөлдөр хуур, баян хуур тоглодог  тэр ч бүү хэл бидний үед чинь бүжиг дэглэдэг байсан. Тийм багш нарыг олон жил бэлтгэсэндээ миний хувьд бахархаж явдаг юм. Нөгөөтэйгүүр миний шавь нар бүгд салбартаа сайн ажиллаж байгаа. 

Энэ бол миний ирээдүй, хойч үедээ  хийсэн оюуны хөрөнгө оруулалт гэж боддог. Шавь нар маань одоо ч над руу үргэлж утсаар ярьдаг. Тэд маань “Багшаа баян хуур хөгжмийг яаж мэргэжлийн сургуулиудын сургалтын хөтөлбөрт оруулах вэ. 

Та энэ талаар юу бодож байна вэ” гэж асуудаг юм. Энэ асуудалд миний дуу хоолой үнэхээр хүчрэхгүй, би ганцаардаад байна. Нэг хэсэг ХБК-д мэргэжлийн орос багш авчирч зааж байсан. Урлагийн чиглэлийн сургуульд мэргэжлийн багш заавал байх ёстой. 

-Нэрний тань өмнө баян хуурч, багш гэх тодотголуудын дараа хөгжмийн зохиолч нэмэгдсэн. Хэзээнээс хөгжим зохиож эхэлсэн бэ?

-Миний үндсэн мэргэжил багш. Гэхдээ тодорхой хэмжээнд боловсорсон, сурсан. Үүнээс гадна эцэг, эх маань надад өчүүхэн авьяасыг өвлүүлж үлдээсэн. Мэдээж багш нар маань хөгжим зохиоход нөлөөлсөн. Ингээд анхны дуугаа 1979 онд зохиосон байдаг юм. 

Тухайн үед сайн багш болох юмсан гэж бодож явснаас биш уран бүтээлч болох тухай бодож явсангүй. Тиймээс ч харьцангуй орой эхэлсэн. Намайг уран бүтээлд хөтөлж оруулсан хүмүүсийн тэргүүн эгнээнд яалт ч үгүй миний гэр бүл байдаг. Хань минь шүлэг бичиж намайг хөглөж, охин маань бидний бүтээлийг дуулж, амьдруулсан. СУИС-ийг анх 1990 онд байгуулагдахад багшаар ирж байсан юм. 

Тухайн үед УБИС-ийн хөгжмийн ангиас дуучин Х.Галхүү багштайгаа хамт очиж, шалгалт өгч тэнцээд орж байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл, СУИС-д урлагийн бурхдын дунд орж ирээд хөглөгдсөн. Тиймээс намайг хөглөсөн зүйл гэр бүлийн болоод ажлын орчин гэж боддог. 

Монголын алтан үеийн уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн ажилласандаа хэзээд бахархаж явдаг. Ингэснээрээ шавь нартаа зөвхөн эрдэм заахаас гадна хамтарч уран бүтээл хийх болсон. Магадгүй миний дуу хурдан амьдардаг нь түүндээ оршдог гэж боддог. Яагаад гэвэл намайг шавь нар маань тойрон хүрээлж байдаг учраас тэдэнтэйгээ зөвлөлдөж байгаад уран бүтээлээ туурвидаг юм. 

-Л.Гаваасүрэн, Д.Цэцэрлэг гэсэн автортой “Ханьсахын жаргал” аргагүй хит болсон. Ингэхэд энэ дуу төрсөн түүхээс хуваалцахгүй юу?

-“Ханьсахын жаргал” дуу бол миний ханийн Мартын-8-ны бэлэг. Энэ дууны шүлгийн гуравдугаар сарын 5-нд надад бэлэглэсэн юм. Энэ дууны үгийг төгөлдөр хууран дээр тавьчихаад яваад өгсөн байсан. Яах аргагүй энэ дууны “Зүсээ гундтал ханилахдаа чамаасаа уйдахгүй” гэх мөрт зүрх сэтгэлийг минь хөглөсөн. 

Магадгүй оргилуун хүний зүрхийг хөндсөн тэр мөрт надад дуун жигүүр ургуулсан байх гэж боддог юм. Тэр өдрөө дуугаа хийчихээд утсаар “Хань нь дуугаа хийчихлээ, ажлаа тараад хурдан ирээрэй” гэж хэлсэн. Хань маань гялс давхиж ирээд анхны сонсогч нь болж байлаа. 

Тэгээд охиноороо дуулуулахаар болоод “Миний охин портнёроо зөв сонгоорой” гэсэн чинь “Би Баагий ахтай хамт дуулна” гэлээ. Тухайн үед Т.Батсайханыг би тэгж дуулна  гэж төсөөлөөгүй юм. Учир нь хамгийн хойно суудаг даруухан, бор залуу байсан. 

Магадгүй тэдний хоолойны өнгө маш сайхан зохицсон учраас олонд амархан хүрсэн байх. Ер нь энэ дуу л тэр хоёрыг гаргаж ирсэн шүү дээ. “Ханьсахын жаргал”, “Бодолд өнжсөн хайр”, “Зүрхэнд буйлдаг говь”, “Ханийн дуулал” зэрэг бид хоёрын дуэт дуунуудыг тэр хоёр амьдруулсан. 

-Дуугаа яагаад охиноороо дуулуулах сонголтыг хийсэн юм бэ. Г.Эрдэнэтунгалагийг олонд таниулах бодлого явж байв уу, эсвэл тохиолдлоор охин нь дуулж таарсан уу?

-Нэг их бодлогосоод ч байх юм байхгүй л дээ. Бид тухайн үед нэг гэрт амьдардаг байсан. Миний охин чинь тухайн үед дөнгөж хоёрдугаар курсын ангийн оюутан байсан юм шүү дээ. Тэгээд л ээжийгээ гайгүй дуу хийхээр сонсч байгаад л “Наад дууг чинь би дуулна шүү” гээд л авчихдаг. Сүүлдээ би хэлсэн юм. 

“Миний охин ээж нь уран бүтээлч хүн. Зөвхөн чамаар бүх дуугаа дуулуулаад байх учир дутагдалтай байна. Тоглолт хийе, CD гаргая” гэж хэлсэн. Ер нь миний охин өөрийнхөө хоолойнд тохирсон дуунуудыг сонгож авдаг. Олон жилийн дараа эргээд харж байхад охины маань дуулсан дуу бүхэн сонсогчдод хүрсэн байдаг юм. Сонгож авсан дуу болгоноо миний охин амьдруулж чаддаг. 

Миний зөндөө олон сайхан дууг авчихаад олны хүртээл болгож чадалгүй хав дарчихсан уран бүтээлчид байна шүү дээ. Хэчнээн сайхан уран бүтээлүүд амьдраагүй байж байна. Өөрөөр хэлбэл, үхмэл хөрөнгө болчихоод байна л даа. Г.Эрдэнэтунгалагийн нэг авууштай чанар нь ямар нэгэн эрсдлээс эмээлгүй зөвхөн уран бүтээлийнхээ араас явдаг. Дуугаа бүтээл болгохын төлөө тууштай хөдөлмөрлөдөг. 

Зарим хүмүүс бол магадгүй хэрэгцээ болгож миний бүтээлийг авдаг байж болох юм. Тэд миний уран бүтээлийг нэг удаа дуулаад л орхичихдог. Тухайлбал, миний “Тэнгэрийн бүсгүй” гэдэг дууг Т.Дэлгэрмөрөнд дахин өгч байж амьдруулсан шүү дээ.  Энэ мэтчилэн би дуунуудаа хэрхэн амьдруулж, олонд хүргэх вэ гэж бодож байна. Цаашдаа залуу уран бүтээлчдэд дуугаа өгмөөр юм байна гэж бодох болсон. 

Учир нь миний дууг гаргаж ирж чадаагүй хэрнээ өөрийнхөө өмч гээд бодчихдог. Уг нь зохиогчийн эрхийн хуулиараа дуу бол яруу найрагч, хөгжмийн зохиолч хоёрын өмч байдаг. Дуучид бол зөвхөн гүйцэтгэгчид. Тиймээс би дуугаа хэдэн дуучинд өгсөн ч миний эрхийн асуудал. Тиймээс дуучид энэ асуудалд анхаарах ёстой. Ер нь хүнд тодорхой цаг хугацаа гэж байдаг. Өөрөөр хэлбэл, миний уран бүтээлийн оргил үед гарч байсан дуунуудаа амьдруулъя гэж бодож байна.

-Та оюуны өмчийн асуудлаар нэлээн жинтэй дуугардаг. Энэ чиглэлээр ТББ удирдаж багагүй хугацаанд ажилласан гэж сонссон юм байна?

-“Хөгжмийн зохиолч, яруу найрагчийн эрхийг хамгаалах үндэсний нийгэмлэг” гэдгийг чинь уран бүтээлчдийнхээ хамтаар санаачлан байгуулаад таван жил ажилласан. Үнэхээр энэ хугацаанд маш их цаг хугацаа алдсан. Одоо эргээд харахад тэгж явахын оронд уран бүтээлдээ анхаарлаа хандуулдаг байж дээ гэж боддог юм.

Монголд хууль хэрэгждэггүй юм байна, төр ТББ-ыг дэмждэггүй юм байна гэдгийг л ойлгосон.

 Гэтэл тэр үед уран бүтээл хийх нийт цагийнхаа 40 хувийг бусдынхаа болон өөрийнхөө төлөө зарцуулсан. Харамсалтай нь манай уран бүтээлчид нэгдмэл санаа, зорилгогүй гэдэг нь тэр таван жилийн хугацаанд харагдсан. Оюуны өмчийн асуудлаар 

Японд 14 хоногийн сургалтад хамрагдаж ирээд би монголынхоо нөхцлийг хараад үнэхээр толгой сэгсэрч байлаа. Учир нь тэнд ямар гоё хууль хэрэгждэг юм бэ. Хэрвээ бид тэнд хэрэгждэг шиг хуультай байсан бол хамгийн тансаг, баян амьдарна. 

Зөвхөн бүтээлийнхээ мөнгөөр шүү дээ. Гэтэл өнөөдөр бидний дуу хаа сайгүй таксинд, зах дотор, үйлчилгээний газруудад, караокед эгшиглэж байдаг. Өнөөдөр тэр байгууллагыг толгойлж, оюуны өмчийн асуудлаар тэмцэж, хуулийг хэрэгжүүлэх гэж үзээд эцэст нь үнэхээр шантарсан. 

Монголд хууль хэрэгждэггүй юм байна, төр ТББ-ыг дэмждэггүй юм байна гэдгийг л ойлгосон. Ялангуяа төрийн байгууллага нь ажлаа хийдэггүй юм байна гэдгийг л ойлгосон юм. Энэ асуудлаас болж би зарим хүмүүстэй муудахдаа хүрсэн. Сүүлдээ шантраад мөрөөрөө уран бүтээлээ туурвиад явах нь дээр юм байна гэж бодсон. 

Магадгүй энэ асуудлаас болж бусад уран бүтээлчидтэйгээ үл ойлголцоход хүрсэн болохоор орхихоос өөр аргагүйд хүрсэн. Харамсалтай нь оюуны өмчийн асуудал таг орхигдчихоод байна шүү дээ. Үнэнийг хэлэхэд улиралд ганц удаа хоолны мөнгө авдаг гэхэд хилсдэхгүй. Гэтэл бидний бүтээл Улаанбаатар хотод хэчнээн караокед дуулагдаж байна. Энэ бол  караоке баарны эзэд бидний дууг нэг машинд суулгаад цааш нь худалдаж байгаа хэрэг шүү дээ. 

Гэтэл яагаад тэд олж байгаа ашиг, орлогоосоо дууны зохиогчдод тодорхой хувь хүртээж болохгүй гэж. Уран бүтээлчид хамтраад, нэгдээд, үүнийг асуудал болгоод, төр дэмжвэл болохгүй асуудал биш. Монголын уран бүтээлчид баян, тансаг амьдралтай хүмүүс биш.

Үнэнийг хэлэхэд зохиогчид нэрээ ч хэлүүлэх эрхгүй байна. Телевизээр клип гарна зохиогчийн нэр байхгүй. 

Гэтэл энд би зөвхөн бүтээсэн бүтээлийнхээ төлөө мөнгө авах тухай л ярьж байна. Шударгаар хэлэхэд бидний дууг дуучид тоглоод мөнгө олчихдог. Гэтэл тухайн дууг зохиосон хүмүүсийг хэн ч анзаардаггүй. Тэр ч бүү хэл дуучин С.Жавхлангийн дуу гэж радиогоор зарлах жишээтэй. Үнэнийг хэлэхэд зохиогчид нэрээ ч хэлүүлэх эрхгүй байна. Телевизээр клип гарна зохиогчийн нэр байхгүй. 

Тэгэхээр энэ бүхэн дэндүү шударга бус байна. Ядаж радиогоор зарлахдаа тэр хөгжмийн зохиолчийн дуу гээд зарлачихаж байгаа чээ. Үүний төлөө тэмцэх ёстой. Хүний зохиосон бүтээлийг дуулж байж яагаад өөрийнхөө нэрээр зарладаг юм. Хэрвээ миний дууг ингэсэн тохиолдолд “Уучлаарай зохиосон эзэнтэй дуу шүү” гэж хэлнэ. Энэ байдал нийгэмд дэндүү газар авсан байна. Зохиогчийн эрхийн асуудал манайд маш сул байгаа. 

Яагаад Оюуны өмчийн газар зөвхөн зохиогчийн эрхийг хамгаалах хүн байж болдоггүй юм. Тэр хүн бидэнтэй хамтраад ажиллаж болно шүү дээ. Нэг муу ТББ-ыг хэн ч тоодоггүй л байхгүй юу. Амьдралынхаа таван жилийг энэ асуудалд зориулсан хүний хувьд үнэхээр сэтгэл дундуур явдаг. Магадгүй энэ ажлын үр дүнг үзнэ гээд явсан бол би үзэх л байсан. Гагцхүү миний уран бүтээл орхигдох байсан юм. Тиймээс ч би уран бүтээлийн ажлаа сонгосон.

-Тухайлбал, Японд оюуны өмчийн тухай ямар хууль, журам хэрэгждэг юм бол?

-Японд зохиогчийн эрхийг хамгаалах асар том байгууллага байна. Тухайлбал, Японд би амьдарч байлаа гэхэд уран бүтээлч хүн учраас бүтээлээ туурвиад л гэртээ сууж байх ёстой. Харин миний мөнгө шууд данс руу орж байдаг. Яагаад гэвэл тухайн уран бүтээлч зохиогчийн эрхийг хамгаалах байгууллагатай гэрээ байгуулсан учраас өөр илүү зүйлд анхаарлаа хандуулах хэрэггүй. Бас тоглон гүйцэтгэгчийн эрхийг хамгаалах байгууллага гэж байна. 

Тоглон гүйцэтгэгч гэхээр дуучин, жүжигчин, циркийн жүжигчин, бүжигчид. Тэдний эрхийг хамгаалдаг байгууллага нь тусдаа ажиллах жишээтэй. Энэ мэтчилэн салбар бүрийн эрх ашгийг хамгаалах байгууллагууд ажиллаж байдаг. Тэр байгууллага өнөөдөр Д.Цэцэрлэгийн дууг өнөөдөр хэн, хаана дуулж байна, ашиглаж байгааг компьютерээр хянаад сууж байдаг юм билээ. 

Үнэхээр гайхалтай. Би түүнийг хараад биширсэн. Монголд тийм болтлоо өдий байна. Ядахдаа хүний бүтээлийг ашиглаж байгаа караоке баарны эзэд тодорхой хувийг хүртээх хэрэгтэй. Гэтэл “Нарантуул” дээр гэхэд л бидний бүтээлийг хуулбарласан хуурцаг, CD-нүүд хэдэн мянгаараа. Тэр ч бүү хэл Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Шадар сайд байхад хамт явж хуулбарласан бүтээлүүдийг устгаж байсан. 

Үүнээсээ болж бусдад ад үзэгдэж явлаа. Намайг машин дотроо сууж байхад миний дуунуудыг хуулбарлачихсан “Та 1000 төгрөгөөр авах уу” гээд ирж байсан удаатай. Хөдөө орон нутагт бүр ярих ч юм биш. Үүнийг хууль, хяналтын байгууллагууд нийлээд хамтарч ажиллах юм бол манайх жижиг зах зээл учраас дор нь эмхэлж болохоор байгаа юм. Гэтэл хүсэхгүй байгаа юм уу, бүү мэд. Дээрээс нь манай уран бүтээлчид маш хойрго, нэгдмэл хүсэл, зорилготой биш. Тиймээс ч би ганцаардсан учраас шантраад энэ асуудлыг орхисон. 

-Нийтийн дууг үгүйсгэх хандлага рок, попынхны дунд ч тэр, нийгэмд ч байдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-С.Жавхлан, Т.Баясгалан, Г.Эрдэнэтунгалаг, Т.Батсайхан, Ч.Бат-Эрдэнэ, Э.Оюумаа гээд нэгэн үеийн дуучдыг төрүүлсэн. Одоо дараагийн үе нь гарч ирлээ. Тухайлбал, А.Түмэн-Өлзий, Б.Болд, Э.Чулуунчимэг, Э.Төрмандах зэрэг дараагийн үеийн дуучид байна. Энэ бүхэн яах аргагүй СУИС-ийн бүтээгдэхүүн миний шавь нар. Яг үнэнийг хэлэхэд масс нийтийн дууг л илүү хүлээж авдаг. 

Дуу бол хүнд хамгийн ойрхон бүтээл. Хүн тайтгарахдаа,  гомдохдоо, баярлаж, гунихдаа дуу сонсдог шүү дээ. Тиймээс нийтийн дууг үгүйсгэж -болохгүй. Яагаад МУГЖ С.Жавхланг “Бөхийн өргөө”-нд 7-8 хоног тоглоход пиг дүүрэн үзэгчтэй байгаа юм бэ. Эрэлт байгааг илэрхийлж байна шүү дээ. 

Түүний дууг монголын ард түмэн сонсох дуртай юм байна, түүнд өөрийн гэсэн сонсогч, фэн байна. Нөгөөтэйгүүр нийтийн дуу зохиож байгаа хүмүүсийн дунд цензур тогтоох хэрэгтэй. Хуучин нийгмийн үед дууны үг, аяыг баталдаг байсан. Үүний дараа дуучин дуулдаг байлаа. Ингэхдээ мэргэжлийн дуучин дуулдаг байсан юм. Гэтэл өнөөдөр болсон болоогүй хүн дуу зохиож байна. 

Үүнээс болоод нийтийн дууны нэр хүнд алдарч, “хөдөөний” гэх тодотголтой болсон гэж боддог. Яалаа гэж дээ. Хотынхон ч гэсэн нийтийн дууг сонсч байна. Энэ асуудал хөгжмийн зохиолч бидэнтэй хамаатай. Мэргэжлийн байгууллага комисс байгуулаад дууг баталдаг байх ёстой.

Баталсан уран бүтээлийг телевиз, радиогоор цацдаг байя. Тэгэхгүй бол үг, аяны хувьд нэг л ижилхэн дуунууд. Ямар ч цензургүй. Уучлаарай өнөөдөр зарим дууны үг, аяыг сонсоход ч бэрх байгаа нь нууц биш. Тэгэхээр бид өөрсөддөө шүүмжлэлтэй хандаж, энэ асуудлыг анхааралдаа авах цаг нь болжээ. 

Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргихтой агаар нэг. Радиогоор мөнгө авч цацахаас илүү батлагдсан уран бүтээлийг сонсогчдын хүртээл болгодог байгаасай гэж хүсдэг. Үнэндээ мөнгөөр болсон болоогүй дууг зоож байна. Бүтэн сар нэг дууг радиогоор цацахаар аяндаа хүний чихэнд хоногшдог. 

Дууг ингэж хүний чихэнд наадаггүй юм. Дуу бол ард түмний шүүлтүүр. Яагаад өнөөдөр 60-70-аад оны дуунуудыг сэргээж дуулаад байгаа юм бэ. Зохиогчид нь агуу, сайн уран бүтээл хийсэн хэрэг. Б.Явуухулан гуай баталдаг байсан шүү дээ. Энэ дуунууд өнөөг хүртэл амьдарсаар ирсэн. Яг үүн шиг дуу баймаар байгаа юм. 

-Яг одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Миний хувьд 1990-ээд оноос уран бүтээл туурвиж эхэлсэн. Шуурхай орсон гэвэл магадгүй 1997-1998 он байх. Тэгэхээр миний уран бүтээлийн туулсан хугацаа богинохон. Би урт гэж хэлж чадахгүй. Тэгэхээр би өөртөө үлдсэн богинохон хугацаандаа маш их хөдөлмөрлөх ёстой гэдэг зорилт тавиад ажиллаж байна. 

Ер нь би маш их эрэл хайгуул хийдэг. Нэгэн хэвийн уйтгартай уран бүтээлээс зайлсхийдэг. Тиймээс ч арай жинтэй хөгжмийн бүтээл, дуу хийе гэж бодож байна. Би Н.Жанцанноров, Б.Шарав гуай шиг симфони хийхгүй. Учир нь би яг хөгжмийн зохиолчийн чиглэлээр мэргэшээгүй. Тиймээс би өөрийнхөө хэмжээнд хөгжмийн бүтээл хийхийг хүсч байгаа. 

-Охидуудаас нь таны авьяасыг өвлөсөн хүн бий юу. Г.Эрдэнэтунгалагаас гадна? 
 
-Г.Эрдэнэтунгалаг дуучин, дунд охин маань жүжигчний мэргэжлээр АНУ-д суралцсан. Харин бага охин маань яг ээжийнхээ мэргэжлийг өвлөхөөр ОХУ-д суралцаж байна. Миний охин “Ээжийнхээ хийж гүйцээгүйг гүйцэлдүүлнэ” гэж сая Мартын-8-нд захидал бичсэн байсан. 

Охин маань одоогоор Москвагийн хөгжмийн академид төгөлдөр хуурч мэргэжлээр суралцаж байгаа түүнийгээ төгсөөд хөгжмийн зохиолчоор суралцах юм. Би мэргэжлийн хөгжмийн зохиолчийн сургуулийг нь төгсч чадаагүй. Харин миний охин мэргэжлийн хөгжмийн зохиолч болно

Одоогийн байдлаар өөрийн гэсэн 7-8 дуутай болсон. Саяхан Г.Эрдэнэтунгалаг дүүгийнхээ зохиосон дууг дуулж, хоолойны бичлэгт орлоо гэж байсан. Миний охин сайн төгөлдөр хуурч учраас сайн хөгжмийн зохиолч болно гэж итгэдэг. Бас жаахан авьяас бий. 

Зураг