ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

О.Магнай Та хариулахгүй байж болохгүй

Б.Өнөртогтох
2014 оны 3 сарын 26
Монголын мэдээ
ШӨХТГ-ын дарга О.Магнай

Манай улсад хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьсан нийт 151 байгууллага байдаг юм байна. үүнээс 72 нь төрийн, 75 нь хувийн болон олон улсын байгууллагын, дөрөв нь төр, хувийн хэвшлийн хамтарсан холимог өмчид бүртгэлтэй байдаг ажээ. Барилгуудын дийлэнх нь 1990-ээд онд баригдсан гэнэ. Ямартай ч зориулалтын бусаар ашиглаж буй 14 томоохон барилга илэрсэн байна. Эдгээрийн зургаа нь хувийн өмчид, дөрөв нь холимог өмчид харьяалагддаг ажээ.

Эдүгээ хүүхэд, залуучуудын гэх тодотголтой барилга, байгууламжийн дийлэнхийг уушийн газар болгон баар, цэнгээний зориулалтаар ашиглаж байгаа юм. Энэ бол төрийн хүүхэд, залуусынхаа ирээдүйн төлөө хийсэн ажил нь. Хүүхдийн хүмүүжил, соёл боловсролд анхаарал хандуулах талаар ярьж, жилд хэдэн төргөр төсөвлөдөг явдлаа ирээдүй хойч үедээ тавьж байгаа анхаарал мэтээр ярьсаар олон жилийг үджээ. Гэвч үнэндээ эрх мэдэлтнүүд, албан тушаалтнууд ирээдүй хойч үеээ сурч, боловсрох, хөгжиж дэвших эрхийг нь булаагаад зогсохгүй диско баарнаас өөрөөр чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг нь хумисан нь нууц биш.  Амралтын өдрүүдэд “Өргөө”, “Тэнгис”, “Соёмбо” кино театрууд хэрхэн пиг дүүрч байгаа нь үүний жишээ.

Үнэндээ хүүхэд, залууст найз нөхдөөрөө, гэр бүлээрээ чөлөөт цагаа архи, тахинаас, ангид зөв боловсон өнгөрүүлэх гэхээр кино театруудаас өөр газар алга. Монгол жилийн ихэнх хугацаанд хүйтэн цаг агаартай байдаг тул ҮСАХ зэрэг газрууд зуны хэдхэн сар ажиллах хугацаандаа мөн л ачаалалтай байдаг. Энэ бүхэн залууст архи, тамхинаас ангид амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар ус, агаар мэт үгүйлэгдэж байгаагийн илэрхийлэл юм. Тиймээс ч бид өмчлөгч нь өөрчлөгдсөн ч, хүүхэд залуучуудын зориулалтаар барьсан барилгуудын талаар сонирхуулахаар бэлтгэлээ. Улмаар энэ бүхнийг зохицуулж, зориулалтын дагуу үйл ажиллагааг нь явуулах боломж байна уу гэж ШӨХТГ-ын дарга О.Магнайгаас асууж байна. 

Зөвхөн 4-5 нь л зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байна

Улаанбаатарын хэмжээнд хүүхэд, залуучуудын зориулалтаар баригдсан 20 орчим барилга байдаг гэв. Тэднээс зөвхөн 4-5 нь л зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Тодруулбал “Хүүхдийн урлан бүтээх төв”. Тус төвийн оронд Монголын анхны Пионерийн ордон байрлаж байсан түүхтэй.

1962 онд Монголын пионерийн ордонг Хятадын тусламжаар барьж, ашиглалтад оруулсан юм байна. Үүний зэрэгцээ, хэн нэгний мэдэлд очиж бизнес нь болсон олон газар байна. Тухайлбал, Хүүхэд, залуучуудын “Есөн эрдэм” төв анх 1986 онд Ажилчны районы Хүүхэд, залуучуудын сургалтын төв нэртэйгээр байгуулж байсан. Өнөөдөр “Онгод интернэшнл” компани эзэмшиж байгаа бөгөөд Эдийн засаг, бизнесийн дээд сургууль байрлан зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулж буй. 

Хүүхэд, залуучуудын театр

Анх 1967 онд байгуулж байсан түүхэн газар болох Хүүхэд, залуучуудын театрт өнөөдөр зориулалтын бусаар ХААН банк байрлан үйл ажиллагаа явуулж байна. Хүүхэд залуучуудын театрыг 1991 онд менежментийн гэрээгээр хувьчилж, И.Нямгаваагийн эзэмшилд өгчээ. Харин И.Нямгаваа нь ХААН банкинд зурган тэрбум төгрөгөөр зарсан гэдэг.

Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар “И.Нямгаваа энэ барилгыг аваад шууд л зарсан. Уг нь тэр барилгыг нь авсан болохоос биш Хүүхдийн театрыг түүнд хувьчилж өгөөгүй. Статус нь одоо хүртэл явж байгаа. Гэтэл 50 жилийн түүхтэй Хүүхдийн театрын эд хөрөнгө, хаагуур алга болсныг бүү мэд. Тэр бүү хэл ажиллаж байсан хүмүүсийнх нь бичиг баримт устаж, үгүй болсон. Харин ч тэр хүн Хүүхдийн театрыг устгасныхаа төлөө гавьяат зүтгэлтэн болоод явж байна” гэж ярьсан байдаг. 

Хүүхдийн баримтат киноны театр

Хүүхдийн баримтат киноны театрт өнөөдөр зориулалтын бусаар Христийн “Хожмын үеийн гэгээнтний сүм” байрлан үйл ажиллагаа явуулдаг. Урьд нь энд “Ард кино театр байрлаж байсан ч, эндээс нүүж шинэ байранд орсных нь дараа Хүүхдийн баримтат киноны театр нүүж орсон байна. Ер нь хүүхдийн байгууллага Христийн сүм болсон тохиолдол цөөнгүй байдаг.”  

Хүүхдийн соёл, спортын төв

А.И.Цэдэнбал-Филатовагийн шийдвэрээр 1983 онд “Хүүхдийн соёл, спортын төв” байгууламжийг барьж, МХЗЭ-ийн мэдэлд өгсөн байна. Энэхүү төв нь цагдаагийн байгууллагатай хамтарч, тухайн нийгмийн “хэцүү” хүүхдүүдийг хамруулан олон төрлийн дугуйлан хичээллүүлж, тэднийг зөв иргэн болгон төлөвшүүлэхээр зорьж байжээ. Гэвч дараа нь “Солонго” төв болгон нэрээ өөрчилж, ЕБС-ийн сурагчдыг хамруулан, хичээллүүлж эхэлжээ. Гэтэл 1997 онд “Монгени” сургууль орж, одоо хүртэл үйл ажиллагаа явуулсаар байна. 

Залуу техникчдийн ордон

Залуу техникчдын ордныг “Гадаадын сургууль хөлсөлсөн нэртэй, залуучуудад өгөөж багатай байна” хэмээн шүүмжилж, хөдөлгөөн хүртэл өрнүүлээд байгаа. Уг нь хүүхэд, залуучуудын техник сэтгэлгээ, зохион бүтээх авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор 1975 онд байгуулж байсан. Гэтэл Залуу техникчдийн ордон өнөөдөр зориулалтын бусаар ашиглагдаж байгаа бөгөөд Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль байрлаж, үйл ажиллагаа явуулж байгаа. Залуу техникчдийн ордонд 20 гаруй жилийн өмнө “Пионер” нэртэй Монголын анхны компьтер, “Мазаалай” нэртэй Монголын анхны автомашин бүтээгдсэн.

“Хэрэм” микро мотоциклийг хүүхдүүд өөрсдөө бүтээж, түүнийгээ унаж давхидаг байж. Гэтэл одоо нисэх онгоц, авто загвар туршиж, уралдуулж байсан том хашаа талбайг нь хувийн байгууллагад зарж, нөгөө баячуул нь кафе, баар, цэнгээний газар, даатгал нэртэй том байшингуудыг хашаанд нь босгож эхэлсэн. Тиймээс энэ ордныг МЗХ өөрийн мэдэлдээ авч, менежментийн баг бүрдүүлэн цоо шинээр, зориулалтаар нь үйл ажиллагаа явуулахыг зорьж байгаа. 

Хүүхдийн номын сан

ГХЯ-ны баруун талд “Зориг” сангийн зүүн талд байсан. Одоо нурааж, оронд нь Худалдаа хөгжлийн банкны гоёмсог барилга сүндэрлэсэн. Уг нь хүүхдүүдэд номын сан хэрэгтэй. Харамсалтай нь хүүхдийн номын санд гай дайрч хотын А бүсэд ашигтай байрлалд баригдсан байжээ. Үүнийг мэдээж эрх мэдэлтнүүд анхаарлынхаа гадуур өнгөрүүлсэнгүй. 

Залуучуудын соёлын төв

1987 онд тухайн үеийн МХЗЭ-ийн Төв хорооны харьяанд байгуулагдаж байсан Залуучуудын соёлын төвийн “А” корпус буюу хүүхдийн төрөл бүрийн тэмцээн уралдаан, урлагийн тоглолт болдог байсан тайз, их танхим бүхий хэсэгт өнөөдөр Нийслэлийн “Улаанбаатар” чуулга байрлаж байгаа. Хүүхэд залуучуудад урлагийн боловсрол олгохоос илүүтэй, өртөг өндөртэй тоглолт зохион байгуулж, бизнес хийсээр буй. Мөн Залуучуудын соёлын төвд Нийслэлийн засаг захиргааны V байр байрлан үйл ажиллагаа явуулах болсон. Мөн Залуучуудын соёлын төвийн урд талд байрлах усан сан хэдийгээр зориулалтаараа үйл ажиллагаа явуулж байгаа ч мөн л ашгийн төлөө байгааг залуус шүүмжилдэг.

Уг нь 1960-аад оны үед хүүхэд залуучуудад зориулсан барилга байгууламж барихдаа, залуучуудын бие бялдарыг хөгжүүлэх, тэднийг эрүүл чийрэг болгох зорилгыг тавьж байсан гэдэг. Гэтэл одоо энэ зорилгыг үл тоон, ашиг л олж байвал бусад нь яах вэ гэсэн бодлоор ханддаг болсон. Тиймээс зарим хүмүүс Залуучуудын соёлын төв ордонд байрлан зориулалтын бусаар үйл ажиллагаа явуулж буй нийслэлийн “Улаанбаатар” чуулгыг хүүхдийн соёл, урлагийн чуулга, дугуйлан болгон өөрчлөх хэрэгтэйг ч сануулаад байгаа билээ. 

Хүүхдийн “Бамбарууш” кафе 

Хүүхдийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсан “Бамбарууш” кафед өнөөдөр “Downtown” гэх уушийн газар, ресторан байрлан үйл ажиллагаа явуулж байна. Хуучин социалист дэглэмийн үед “Бамбарууш” кафед бүхнийг хүүхдийн төлөө гэсэн уриатайгаар хөөрүүлсэн сүү, буцалсан аарц, цагаан идээ зэрэг хүүхдэд зориулсан байгалийн цэвэр бүтээгдэхүүн зарагддаг байлаа. Харин эдүгээ тус байшинд үйл ажиллагаа явуулж буй эрхмүүд “Уг ресторан нь үйлдвэрийн задгай пиво болон бүх төрлийн коктейл дарсаар үйлчилнэ” гэх уриатайгаар томчуудад үйлчилж байна.

“Бамбарууш” кафе гэхээсээ илүү “Хаан брой”-гийн бөөрөнхий байшин гэвэл илүүтэй мэдэх байх. 1990-ээд оны их хувьчлалын үеэр тус байшинд “Дорнод нутаг” клубын тэргүүн С.Отгонбаатар, Германы иргэн Клаус Бадер нар “Хаан брой” нэртэй уушийн газрын үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Эх  сурвалжийн мэдээлж буйгаар “Хаан брой” ХХК нь Монгол Улсын Худалдаа үйлдвэрлэлийн яамны сайдын 1996 оны долдугаар сарын 29-ний өдрийн А/376 тоот тушаалаар гадаадын хөрөнгө оруулалтын хууль, Засгийн газрын 1994 оны 57 дугаар тогтоолыг үндэслэн пиво ундаа үйлдвэрлэх, гадаад дотоодын худалдаа эрхлэхээр 1996 оны 11-р сард байгуулагдсан байна. Тус рестораны үйл ажиллагааг НИТХ-ын төлөөлөгч Г.Ганхүү удирдан явуулдаг гэдэг юм билээ.

Энэ кафег санагалзсан хүмүүс цөөнгүй байдаг. Уг кафе нь хүүдэд зориулсан цагаан идээ, цагаан хоол гээд сувиллын хоолоор багачуудад үйлчилдэг ганц газар нь байсан болохоор тэр биз. Миний нэг танил “Би хүүхдээ сургуульд нь хүргэх замдаа дандаа тэр кафегаар орж, хүүхдээ хоол авч өгдөг байсан. Манай хүү ч орох их дуртай байсан. Гэтэл одоо томчуудын архи пиво ууж, цэнгэдэг газар л болсон байна. Улаанбаатарт одоо “Бамбарууш” шиг газар бараг байхгүй байна” гэж байсан юм. Тус кафе нь 1970-1990 он хүртэл үйл ажиллагаа явуулж байжээ. 

Монголын залуучуудын ордон 

1950-иод оны сүүл үед Эвлэлийн төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар Н.Дангаасүрэн гуай ажиллаж байх үед, Залуучуудын ордон барих, хөрөнгө хуримтлуулах хөдөлгөөн өрнүүлсэн аж. Хөдөөгийн малчид, сургуулийн сурагчдаас эхлээд Залуучуудын ордонтой болохын тулд хөрөнгө өгч, 1950 оны сүүлчээр одоогийн Драмын театрыг барьж 1960 онд ашиглалтад оруулсан байна. Н.Дангаасүрэн гуай 1959 онд Эвлэлийн төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын ажлаа Ж.Пүрэвжав гуайд хүлээлгэж өгчээ.

Э.Пүрэвжав гуай барилга барихад дутсан хөрөнгийг нь дахин цуглуулж, Залуучуудын ордныг барьжээ. Одоогоор Залуучуудын ордонд УДЭТ, Хүүхэлдэйн театр байрлаж байна. Учир нь 1960-иад оны үед Монголын соёл урлагийн хэд хэдэн байгууллага, орон байргүй, хөлсний байр дамжиж явсан учраас Ю.Цэдэнбал гуай, Ж.Пүрэвжав даргад хандаад “Энэ байраа бидэнд өгчих. Соёлын байгууллагууд хэцүү байдалд байна” гэж хүсчээ. Тиймээс энэ хүсэлтийг нь хүлээд аваад, Драмын теартрыг оруулсан түүхтэй юм байна. Гэхдээ Драмын театрыг хүүхэд, залуучуудад зориулаагүй гэж хараахан хэлж болохгүй ч, Залуучуудын ордон гэдэг газар Монголд байхгүй болсныг санах хэрэгтэй биз.

Үндэсний соёл, амралтын хүрээлэн


1966 онд байгуулагдсан Үндэсний соёл, амралтын хүрээлэн нь зориулалтын дагуу ашиглагдаж байгаа ч энд газрын маргаан дэндүү их. Дээр нь “Бодь”-ийнхны мэдэлд очсон болохоор, хүүхдүүдийг бус ашгаа бодож, нэг тоглоом дээр тоглох өртөг нь дэндүү өндөр. Үгүй ядахдаа л хүүхдүүд паркруу орохдоо 1000 төгрөг өгч байж нэвтэрдэг. Тийм болохоор дундаж давхаргын айл өрхийн хүүхдүүд паркт очиж тоглох боломж хомс. Уг нь энэ паркийг байгуулахад хотын залуучууд олон хоног субботник хийж байж босгосон юм гэдэг.

Тухайн үеийн Орос, Германы залуус дэмжиж тусласан байна. Мөн зураг төслийг нь Эвлэлийн төв хорооны захиалгаар Иванов гэдэг орон хүн ирж, манай зураг төслийн багийнхантай хамтран гаргасан байна. Гэтэл өнөөдөр тэр залуучуудад, тэдний үр хүүхэд зориулагдах бус, нэг байгууллагын бизнес болж хувирчээ. “Үлгэрийн ордон”, “Төөрдөг байшин” гээд түүх өгүүлсэн бүхэн нь алга болсон. Жил ирэх тусам газрыг нь хумисаар буй. Түүнчлэн, гэр бүлийнхэнд үйлчлэх зориулалттай байсан “Туяа” ресторан нь “Сөүл” гэх нэртэй болж, солонгосчуудын мэдэлд орсон билээ. Залуучууд, хүүхдүүдэд нь зориулсан рестораныг нь булаагаад зогсохгүй, жаахан үлдсэн газарт нь “Бодь”-ийнхон олон давхар зочид буудал барих нь гэдэг яриа ч өнгөрсөн жилийн турш чих дэлссэн. 

Залуучууд зочид буудал

Энэ буудал нь гадаадаас ирсэн жуулчин залуусыг хүлээж авдаг, харилцан жуулчин солилцдог, Монголын залуусын томоохон буудал байсан байна. Харин одоо АН-ынхан өөрсдийнхөө мэдэлд бүрэн авчихсан гэхэд болно. Тодруулбал, “Залуучууд” зочид буудлыг, “Идэр” рестораны хамт “Ноёд” групп эзэмшдэг бөгөөд, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын охин Э.Энхгэрэл удирддаг аж.

Тус зочид буудал, хүүхэд, залуучуудад үйлчлэхээсээ илүүтэй, ашгийн төлөө ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Тус буудлын барилгад “Соно” бичиг хэргийн дэлгүүр, “Хөвсгөл” хууль зүйн товчоо гээд олон байгууллага үйл ажиллагаа явуулдаг юм билээ. 

Б.Элдэв-Очирын нэрэмжит хүүхдийн кино теар

1951 онд байгуулж байсан Б.Элдэв-Очирын нэрэмжит Хүүхдийн кино театрт өнөөдөр Монголын хөрөнгийн бирж байрлаж, зориулалтын бусаар ашиглаж байна. 

“Ард” кино теар

 “Ард” кино театрыг “Хас” банк бараг л эзэмшилдээ авсан гэхэд болно. Тус банкны зээлийн болоод тооцооны төв нь энд байрлаад удаж байна. Мөн гавьяат жүжигчин энэ театрыг хувьчилж аваад, орчин үеийн кино театр барина гэж ярьж байсан ч одоо хувийн байгууллагад, хэсэг хэсгээр нь зараад дуусч мэдэх нь. 

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг