Малайзын ерөнхий сайд Нажиб Разак сураггүй болсон онгоцыг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт сүйрсэн болохыг өчигдөр мэдээлсэн билээ.
Ингэхдээ Их Британий хиймэл дагуулын холбооны Инмарсат компаний мэдээлэл дээр үндэслэж онгоцны маршрут, чиглэл, эцсийн цэгийг тодорхойлжээ.
Энэ тооцооллоор MH370 нь өмнөд агаарын корридорын дагуу нисч, Австралийн Перт хотоос баруун зүгт Энэтхэгийн далайн дунд осолдсон гэсэн дүгнэлт гарсан юм. Яг тэр цэгт нь онгоц буух ямар нэг хуурай газар байхгүй тул ийм дүгнэлт гарахаас өөр аргагүй байжээ.
Үнэндээ Малайзын онгоц алга болсон цагаас эхлэн Инмарсат компани судалгааны ажлаа эхэлжээ. Уг нь онгоц бүрт Aircraft Communications Addressing and Reporting System гэж байдаг ба хиймэл дагуулд өөрийн байрлалаа байнга дамжуулж байдаг юм байна. Гэтэл MH370-ын хувьд энэ систем нь салгагдсан байсан нь хүндрэл учруулжээ.
Гэхдээ онгоцны удирдлагын системээс тогтмол давтамжтай сигналыг хиймэл дагуул руу илгээж онгоцны цагийг тааруулж байдаг аж.
MH370 нь өмнөд агаарын корридорын дагуу нисч, Австралийн Перт хотоос баруун зүгт Энэтхэгийн далайн дунд осолдсон гэсэн дүгнэлт гарсан юм.
Энэ сигнал дээр үндэслээд мэргэжилтнүүд онгоцыг ямар ч байсан өмнөд болон умард агаарын корридорын аль нэгт явсныг баталжээ.
Мөн Малайзын агаарын орон зайг орхисноосоо хойш дор хаяж таван цаг агаарт байсныг тогтоосон байна.
Харин өмнөд ба умард агаарын замын яг аль нь вэ гэдгийг тогтооход нэлээд цаг орсон гэнэ.
Ингэхдээ хиймэл дагуулын тойрог замдаа явах хөдөлгөөний үе дэх давтамжийн өөрчлөлтийг Допплерын эффект хэмээх аргаар тооцоолж, мөн ижил чиглэлд нисч яваа онгоцнуудын мэдээлэлтэй харьцуулж байж Өмнөд корридороор явсан болохыг баталсан байна.
Ингээд ямар ч эргэлзээгүйгээр онгоц өмнөд агаарын корридороор нисч үл мэдэгдэх объектууд хөвж байгаа бүсэд сүүлчийн сигналаа дамжуулсан болох нь тодорхой болжээ.
Ийм аргыг анх удаа туршиж үзсэн нь дараа дараагийн ажиллагаанд хэрэгтэй туршлага болсон гэнэ.
Харин онгоц яг ямар шалтгаанаар осолдсон, яагаад чигээ өөрчилсөн зэрэг мэдээллийг онгоцны хар хайрцгийг олсны дараа тодруулах юм.
Хар хайрцаг далайн гүнд байгаа нь тодорхой тул шумбагч онгоцнууд эрж хайх ажиллагааг гүйцэтгэх ажээ.
Хар хайрцаг нь онгоцонд болсон сүүлийн 25 цагийн бүх үйлдлийг бичиж авдаг санах ойтой, маш зузаан гангаар бүрхэгдсэн, цельсийн 1100 хэм хүртэл халууныг тусгаарлах чадалтай, усны гүнд 6000 хүртэл метрээс 30 өдрийн турш секунд тутамд байрлалын сигналаа дамжуулах чадвартай байдаг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!