Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол-Австралийн бизнес зөвлөл байгуулагджээ

ikon.mn
2014 оны 3 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцааны сайд Л.Болдын Австрали улсад хийсэн айлчлал хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг дэмжих чиглэлээр томоохон ахиц гаргахуйц чухал үйл явдлуудаар дүүрэн болсон байна.

Айчлалын эхний өдөр хоёр улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих зорилгоор энэ оны эхээр байгуулагдсан Монгол, Австралийн бизнес зөвлөл албан ёсны нээлтээ хийж, Гадаад харилцааны сайд болон УИХ-ын зарим гишүүд оролцлоо. Уг зөвлөлд Австралийн хамгийн том банк ANZ, олон улсад нэр хүндтэй хуулийн фирм Минтер Эллисон зэрэг томоохон компаниуд нэгдээд байгаа юм. 

Мөн гуравдугаар сарын 20-ны өдөр Гадаад харилцааны сайд Л.Болд Австралийн Хөрөнгийн Биржийн удирдлагуудтай уулзан хөрөнгийн зах зээлийн хамтын ажиллагаа, тус биржид Монгол компаниуд бүртгүүлэх боломж зэрэг асуудлаар санал солилцлоо. Үүний дараа Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудын санаачлагаар Сидней хотод зохион байгуулагдсан ReDiscover Mongolia 2014 хөрөнгө оруулалтын семинарт оролцон хөрөнгө оруулалтын орчны талаар Засгийн газраас баримталж буй бодлого, хууль эрх зүйн шинэчлэл зэрэг асуудлаар хөрөнгө оруулагчдад мэдээлэл хийсэн байна. 

Өнөөдрийн байдлаар Австралийн 170 гаруй компани Монголтой холбоотой үйл ажиллагаа явуулж байгаагийн 40 орчим нь Улаанбаатарт төлөөлөгчийн газар байгуулан ажиллаж байгаа юм. Цаашид Монголын улсын эдийн засаг дахь “гуравдагч хөршийн” эзлэх байр суурийг бэхжүүлэхэд Австралийн хөрөнгө оруулалт тэргүүлэх ач холбогдолтой болохыг Гадаад харилцааны сайд онцолж байв.

Тэрбээр гуравдугаар сарын 18-ны өдөр Австралийн Эрдэс баялгийн зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, удирдлагуудтай хоёр орны хөгжлийн ижил төстэй талууд болон тулгамдаж буй асуудлын талаар санал бодол солилцохын зэрэгцээ уул уурхайн салбар дахь татварын бодлого, салбарын өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх зэрэгт тус байгууллагатай хамтын ажиллагаа хөгжүүлэх суурийг тавьсан байна.