Анагаах ухааны салбар тэр дундаа гоо заслын салбар шинэ шинэ технологиор баяжин эрчимтэй хөгжиж буй өнөө үед бид ч мөн адил дэлхийн хөгжлөөс хоцролгүй явж бидний өдөр тутмын амьдралд маань эмчилгээний шилдэг аргууд нэвтэрч байна.
Тэр дундаа PRP эмчилгээ гэж нэрлэгдэх болсон шинжлэх ухааны ололт дээр тулгуурлан орчин үеийн шилдэг технологоор хийгдэх мөртлөө хүний бие махбодийн өөрийн нөөцийг ашиглан хийж буй энэхүү эмчилгээний талаар "Гран При” эмнэлгийн арьс гоо заслын эмч, АУ-ы магистр Г.Хандсүрэнтэй ярилцсан юм.
-Сүүлийн үед өөрийн цусаар өөрийгөө эмчлэх, залуужуулах аргын тухай их ярих болжээ. Энэ эмчилгээг танай эмнэлэг дээр хийж байгаа гэж сонслоо. Энэ ямар арга болох, ямар зарчмаар хийгддэг эмчилгээ болох тухай ярьж өгнө үү.
-Техник технологи эрчимтэй хөгжиж буй орчин үед хүн төрөлхтөн улам байгалийн, өөрийн гэсэн бүхэн лүү илүү тэмүүлэх болсон. Анагаах ухаанд тэр дундаа гоо заслын салбарт мөн ялгаагүй элдэв гадны хиймэл, нийллэг зүйлсийг ашиглах гэхээсээ илүү хүний өөрийн биеийн нөөц боломжоор эмчлэх, эрүүлжүүлэх, залуужуулах аргуудыг эрэлхийлж ирсэн. Яг ийм аргуудын нэг бол PRP эмчилгээ юм.
Залуу хүмүүс арьсаа залуу чигээр нь улам удаан хадгалах, нас ахиж яваа хүмүүс арьсны хөгшрөлтөө удаашруулж залуужуулах зорилгоор PRP эмчилгээ хийлгэдэг.
PRP гэдэг үг нь Platelet Rich Plasma гэсэн товчлол бөгөөд тромбоцит эсээр баялаг сийвэн эмчилгээ гэсэн утгатай. Хүний цусанд тромбоцит буюу ялтаст эс гэж байдаг бөгөөд энэ эс нь хүний биед цусыг бүлэгнүүлэх, шарх эдгээх, эд эсийн нөхөн төлжүүлэх үүрэгтэй байдаг.
Ялтсан эсүүдээс эсийн хуваагдлыг өдөөж төлжүүлэх үүрэгтэй фактор (TGFH), тромбоцитын өсөлтийн фактop(PDGF), судасны ханын эндотелийн төлжөлтийн фактор (VEGF), хучуур эдийн өсөлтийн фактор (EGF), фибробластын өсөлтийн фактор (FGF), инсулин төст өсөлтийн фактор (IGF) зэрэг уургууд ялгардаг.
Эдгээр уургууд нь арьсны нөхөн төлжилтийг хурдасгах, бодисын солилцоог эрчимжүүлэх, коллаген ширхэг болон гиалуроны хүчлийн нийлэгжилтийг түргэсгэх үүрэгтэй.
Тэгэхээр ялтсан эсээс ялгардаг энэ олон өсөлтийн уургуудийг ашиглаж арьс гоо сайхан, шүд, гэмтэл, үе мөч зэрэг анагаах ухааны олон салбарын эмчилгээнд өргөн хэрэглэдэг. Ялангуяа гоо заслын салбарт энэ аргыг арьсыг төлжүүлж залуужуулах, үрчлээг багасгах, арьсны өнгө сэргээж цайруулах зорилгоор хийдэг. Мөн янз бүрийн шалтгаант үсний халцрал, үс уналт, шингэрэлтийн үед хийнэ.
Бас хэт хуурай болон тослог арьсны тослогийг тэнцвэржүүлэх, батганы болон бусад сорив арилгах, арьсны үрэвслийг бууруулах, шархны эдгэрэлтийг түргэсгэх зорилгоор өргөн хэрэглэдэг болсон.
-Энэ үйлчилгээнүүд дотроос үс ургуулах эмчилгээ их сонирхол татаж байна. Манай эрчүүдийн дунд сэтгэл зовоосон асуудлын нэг шүү дээ.
-Үс унахад хүргэдэг маш олон шалтгаан байдаг. Жишээ нь мэдрэл, дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлтүүд, удамшил, дархлалын байдал өөрчлөгдөх, тархи болон захын судасны цусны эргэлтийн алдагдал, бодисын солилцоо ялангуяа эрдэс давсны балансын өөрчлөлт гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг.
Эрчүүдийн дунд удамшлын шалтгаантай үс уналт, мөн даавар хамааралтай үс уналт элбэг тохиолддог.
Үс уналтыг зогсоохын тулд мэдээж үндсэн унагаж байгаа шалтгаануудаа тодруулан түүндээ таарч тохирсон эмчилгээ хийх нь зүйтэй. PRP эмчилгээ нь тэжээлгүй болсон үсний хүүдийнүүдийг тэжээж үсний ургалтыг дэмждэг. Энгийнээр тайлбарлавал арьс, үсний бордоо гэж товчхондоо хэлж болох юм даа.
-Тэгвэл PRP эмчилгээг саяны дурдсан үс уналтын шалтгаануудын үед бүгдэд нь хийж болох уу?
Тиймээ болно. Гэхдээ ус уналтын шалтгаан, тухайн хүний нас гэх мэт зүйлсээс шалтгаалж үс ургалтын хурд, үр дүн харилцан адилгүй байдаг. Зарим хүнд тухайн эмчилгээнд 3 удаа ороход хангалттай байдаг бол заримд нь 6 удаа орох шаардлагатай байдаг.
-Энэ эмчилгээнд ямар хэмжээний цус шаардлагатай вэ, хэр эрсдэлтэй эмчилгээ вэ?
-PRP эмчилгээ хийлгэх гэж буй хүнээс ердөө 10-20 мл цус авна. Хүний өөрийн цусыг ашиглаж байгаа болохоор 100% био нийцэлтэй, ямар нэгэн халдварын эрсдэлгүй эмчилгээ. Тухайн зорилгоос хамаарч 2-оос 4 долоо хоногийн зайтай 3-6 удаа хийдэг.
-PRP эмчилгээг хийхэд өвддөг уу?
-Нүүр болон хуйханд тусгай зориулалтын өвчин намдаах тос түрхээд 30 минутын дараа, тусгай зориулалтын олон зүүтэй аппаратын тусламжтайгаар тарьдаг тул ямар нэгэн өвдөлтийг бараг мэдрэхгүй байдаг.
Тусгай аппаратаар тарихын давуу тал нь нэг зэрэг олон зүүгээр тарихаас гадна арьс, болон хуйхны бүх талбайг хамран хийгдэх боломжтой юм. Мөн аль хэсэгт тарьж байгаагаас хамаарч PRP хийх гүнийг тохируулах боломжтой.
-Тэгэхээр бид өөрсдийн цусанд байгаа зүйлийг ашиглаж залуужиж эрүүлжих боломжтой болсон юм байна гэж ойлголоо.
-Тиймээ, гэхдээ хүний цусанд хэвийн үед ялтсан эс нь 150-350 мянган/мкл байдаг ба 1000000/мкл болоход төлжүүлэх үүргээ гүйцэтгэдэг. Тэгэхээр тусгай багаж ашиглан цусан дахь ялтсан эсүүдийг ялган авч цуглуулаад түүгээр баялаг сийвэнгээр эмчилгээгээ хийдэг.
-Саяхан Холливудын од Ким Кардашян нүүрэндээ энэ эмчилгээг хийлгэж залуужиж байгаа талаар интернетээр зураг нь тавигдсан байсан.
-PRP эмчилгээ АНУ-ын FDA-ээс албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн эмчилгээний арга юм. Тиймдээ ч одоо дэлхий даяар ид тархаж моодонд орж байгаа эмчилгээний арга. Тийм болохоор олонд танигдсан одууд хийлгэж өөрсдийн залуу сайхан байгаа нууцаа дэлгэхээс гадна эмчилгээний шинэ аргыг сурталчилж байгаа арга бизээ.
-Энэ аргаар ямар насны хүмүүс арьсаа эрүүлжүүлж, залуужуулж болох бол?
-Эмчилгээний энэ аргыг ямар ч насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс хийж болно. Залуу хүмүүс арьсаа залуу чигээр нь улам удаан хадгалах, нас ахиж яваа хүмүүс арьсны хөгшрөлтөө удаашруулж залуужуулах зорилгоор хийлгэдэг.
Дашрамд дурдахад эмэгтэйчүүд шиг арьсаа тогтмол арчлаад байдаггүй эрэгтэйчүүдэд энэ арга тун тохиромжтой байдаг. Мөн 40 наснаас хойш эрэгтэйчүүдийн үсний халзрал элбэг тохиолддог бөгөөд энэ үед PRP эмчилгээ нь өөр ямар ч аргаар орлуулашгүй эмчилгээ нь болдог..
-PRP эмчилгээний эсрэг заалт гэж байна уу?
-Байлгүй яахав. Цусны өвчин, арьсны хурц үрэвсэл, арьсны хурц харшил, цус бүлэгнүүлэлтийн эсрэг бодисд харшилтай бол, сэтгэцийн өвчин зэргийн үед эмчилгээ хийлгэх эсрэг заалттай байдаг. Мөн PRP эмчилгээний хийлгэхийн өмнө болон дараах анхаарах зүйлс гэж байдаг.
Тухайлбал эмчилгээ эхлэхээс 2-3 хоногийн өмнө гепарин, аспирин зэрэг антикоагулянт хэрэглэхгүй байх, нүүрний арьсан дээр хомхой гардаг бол эмчдээ заавал хэлэх, эмчилгээ хийлгэх өдөр нүүрэнд бусад эмчилгээ үйлчилгээ, хийлгэхгүй байх гэх мэт.
Харин эмчилгээний дараа 12 цагийн хугацаанд нүүрэнд гоо сайхны бүтээгдэхүүн түрхэхгүй байх, 3 хоног саун, бассейнд орохгүй байх, 7 хоног нарны шууд тусгалаас зайлсхийх гэх мэт.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!