Д.ДАГВАДОРЖ: О.Магнай төрийн нэр барьж нэр хүнд олох гэсэн хэрэг
ШӨХТГ-ын дарга О.Магнай өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт мэдээлэл хийж, АСА циркийн үйл ажиллагаа доголтой, циркийн байр түрээсийн газар болж хувирсан талаар мэдээлсэн.
Тэрбээр хэлэхдээ “Монголын үндэсний АСА циркт шалгалт хийхэд багагүй зөрчил илэрлээ. Жүжигчдийн тоог цөөлсөн, циркийн мал, ан амьтан ор сураггүй алга болсон байна.
Түүгээр ч зогсохгүй циркийн барилга түрээсийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэдийн ажлын байр болж. Тиймээс бид “Аса консалтинг” компанид шаардлагын хуудас явуулж, энэ бүх зөрчлөө 2015 оны нэгдүгээр сар гэхэд арилгах үүрэг өгсөн. Хэрэв тус байгууллага шаардлага биелүүлэхгүй бол менежментийн гэрээний асуудлыг эргэн харах асуудлыг хөндөх болно” гэсэн юм.
Тэгвэл О.Магнай даргын энэхүү мэдээлэлд Их аварга Д.ДАГВАДОРЖ өнөөдөр хариу мэдэгдэл хийлээ.Тэрбээр ихэд бухимдалтай байсан юм.
Д.ДАГВАДОРЖ: Цагааныг хараар будах гэж оролдох хэрэггүй. Тэр тусмаа улс төржүүлж
-О.Магнайгийн хийсэн үйлдэл бол цагааныг хараар будах гэсэн оролдлого. Намайг үндэсний циркийг зүгээр авчихсан гэж ойлгоод байх шиг байна. Тийм юм байхгүй. Би өөрийн хүч хөдөлмөрөөр олсон мөнгөөр циркийг хувьчилж авсан.

Менежментийн гэрээ гэж буруу ойлгоод байна. Энэ гэрээ аль хэдийн дуусан, худалдах, худалдан авах гэрээг хийсэн. Итгэхгүй бол та бүхэн бичиг баримттай танилцаж болно.
Д.Дагвадорж: Би өөрийн хүч хөдөлмөрөөр олсон мөнгөөр циркийг хувьчилж авсан.
Анх циркийг худалдаж авахад ямар юм байлаа даа. Таазандаа ёлтойсон гурван гэрэлнээс өөр зүйлгүй байсан. Бид тоглолт зохион байгуулсан уу. Зохион байгуулсан. Монголчууд даанч үздэггүй байхгүй юу. Тэр бүү хэл сайд, дэд сайд нарт хүртэл урилга явуулдаг. Хэн нь ч ирж үздэггүй. Харин манай улсад суугаа элчин сайдууд л ирж үздэг. Ийм л байна шүү дээ. Гэсэн ч бид улиралд 76, 80 орчим сая төгрөгийн татвар төлдөг.
Харин нэг зүйлийг хэлэхэд бид циркийн зар сурталчилгаа PR-ыг муу хийгээд байх шиг. Үүн дээрээ анхааръя гэж бодож байна.
ШӨХТГ-ын О.Магнай хувьчлагдсан урлаг соёлын бусад байгууллагуудын үйл ажиллагааг шалгаач. “Од”, “Ард”, “Сансар”, “Хөдөлмөр” кино театр хаана байна. Тэрнээсээ эхэлж ажлаа хий. Зүгээр ажлаа хийж байгаа хүн рүү битгий дайр.
О.Магнай, цирк цирк хэвээрээ байгаа шүү. Цаашид ч хэвээр байх болно гэсэн юм.
Ц.Батнайрамдал: Бид 82 удаагийн тоглолт хийсэн
Их аварга Д.Дагвадоржийн хамт АСА циркийн ерөнхий найруулагч Ц.Батнайрамдал хамт ирсэн байв.
Тэрбээр ярихдаа,
-АСА циркийн жүжигчид яг өнөөдрийн байдлаар 135 хүний бүрэлдэхүүнтэй бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Ц.Батнайрамдал: АСА циркийн жүжигчид 135 хүний бүрэлдэхүүнтэй бэлтгэл сургуулилтаа хийж байна. ШӨХТГ-ын О.Магнай дарга 61 ажилтантай гэж мэдээлсэн байна лээ. Энэ худлаа.
Өнгөрсөн хугацаанд 82 удаагийн тоглолтыг АСА цирк зохион байгуулсны 61 нь манай циркчдийн тоглолт байсан. Нийт 937800 үзэгч үзсэн гэсэн судалгааг бид гаргалаа.
ШӨХТГ-ын О.Магнай дарга 61 ажилтантай гэж мэдээлсэн байна лээ. Энэ худлаа.
Өнөөдрийн байдлаар циркийн жүжигчид ирэх зургаадугаар сарын 1-нд толилуулах тоглолтынхоо бэлтгэл ажилд ороод явж байна.

Н.Баярчимэг: АСА циркийг аль 2008 онд хувьчилж авсан
Харин АСА циркийн хуулийн зөвлөх Н.Баярчимэг хэлэхдээ “АСА циркийг 2006 онд менежментийн гэрээгээр хувьчилж авсан нь үнэн. Гэхдээ энэ гэрээ 2008 онд тус дуусгавар болсноор албан ёсны худалдах, худалдан авах гэрээг төрийн өмчийн хороотой байгуулж, хувьчилж авсан.
Н.Баярчимэг: ШӨХТГ-аас явуулсан зөрчил арилгуулах шаардах хуудас нь он сар өдрийн зөрүүтэй байгаа нь хэзээний зүйлийг яриад буйг ойлгоход бэрх байна.
Түүнчлэн ШӨХТГ-аас явуулсан зөрчил арилгуулах шаардах хуудас нь он сар өдрийн зөрүүтэй байгааг харахад энэ нь яг хэзээний зүйлийг яриад байгааг ойлгоход бэрх байна” гэсэн юм.
Энэ үеэр Д.Дагвадорж аваргаас цөөн асуултад хариу авлаа.
-Монголын үндэсний циркийг хувьчлахаас өмнө циркт байсан мал, ан амьтан одоо огт байхгүй гэсэн. Энэ үнэн үү?
-Тэр чинь амьтан юм чинь хөгширч элэгддэг юм байгаа биз дээ. Үхнэ биз дээ. Өнөөдрийн тухайд манай циркт 10 адуу, дөрвөн баавгай бий. Ер нь тэгээд Орос, Монгол хоёр шиг амьтан тамладаг орон хаа ч байхгүй шүү.
-АСА циркийн үйл ажиллагаа сэтгүүлчдэд байнга хаалттай байдаг. Мэдээ мэдээлэл авъя гэхээр огт оруулдаггүй.
-Тийм юм байхгүй. Тэгвэл одоо шууд оч л доо.
Түүнчлэн Д.Дагвадорж аварга нэмж "ШӨХТГ-ын дарга О.Магнай ирэх 2016 оны сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших гэж байгаа. Тэр дүүргээс миний ах Д.Сумъяабазар УИХ-д сонгогдон ажилладаг. Эндээс ашиг сонирхлын зөрчил байна уу гэж хардмаар байна.Тиймээс АСА цирк болоод Давгадорж аваргыг хараар булж, төрийн нэрээр нэр хүнд олох гэсэн хэрэг" гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
