Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье гэв

Э.Орхон
2014 оны 3 сарын 4
Зууны мэдээ
Зураг зураг
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” сэдэвт Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болж өнгөрлөө

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” сэдэвт Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнгөрсөн сарын 27, 28-нд болж өнгөрлөө.

Энэ жилийн ээлжит зөвлөгөөн ажил хэрэгч, бүтээлч олон чухал асуудлыг хөндөж чадлаа хэмээн оролцогчид ам сайтай байв.

Хоёр өдөр үргэлжилсэн зөвлөгөөнийг салбарын сайд Н.Удвал хааж үг хэллээ. Мөн зарим асуултад хариулт өгч шийдвэрлэх талд анхаарах болно гэдгээ илэрхийлсэн юм.

Тэрээр "Бид хоёр өдрийн турш Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн хэрэгжилт, энэ жил ямар эрчимтэй шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх вэ гээд олон асуудлыг нухацтай хэлэлцэж чадсан гэдэгт итгэж байна. Зөвлөгөөн хоёр өдрөөр хязгаарлагдахгүй. Жилийн турш ийм төрлийн хурлыг хэсэгчилсэн байдлаар зохион байгуулж, тодорхой асуудлуудыг хэлэлцэх болно.

Удирдах ажилтнуудаасаа эрүүл мэндийн ажилтны сургалтын тестийн судалгаа авч, сургалтын хөтөлбөр боловсруулна. Ирэх дөрөвдүгээр сараас удирдах ажилтнуудад зориулсан Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого, “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтад хамруулна.

Мөн эмнэлгийн тусламжийн чанар аюулгүй байдал, түүний эрсдэлийг удирдах, төсвийг зөв зохистой удирдаж ажиллах чадавхийг дээшлүүл эхээр зэрэг сургалтад хамруулах болно” гэлээ. Зөвлөгөөнд оролцогчдын зүгээс жилийн хүрээнд хийх ажлын зорилго чиглэлээ илүү тодорхой болгосон, шат шатны менежерүүдийг нэгдсэн бодлого чиглэл, мэдээллээр хангасан зөвлөгөөн боллоо гэдгээ хэлж байлаа. Харин Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн удирдлагуудаас тоног төхөөрөмжийн урсгал зардал, урвалж бодис зэргийг төсөвтөө тусгаж өгөхийг хүссэн юм.

ДЭМБ-аас дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 5.2 хувь, төсвийнхөө 10-12 хувийг эрүүл мэндийн салбартаа зарцуулах тухай зөвлөмжийг гаргасан байдаг байна. Тиймээс зөвлөмжид тусгасан санхүүжилтийг эрүүл мэндийн салбарт зарцуулдаг болгохын тулд бүгд нэг баг болон ажиллах нь чухал гэдгийг онцоллоо. Мөн Н.Удвал сайд “Бид дуу хоолойгоо нэгтгэн тойргийнхоо гишүүддээ уламжилж, сал бараараа бүх гишүүддээ хандая. Гишүүдээрээ дамжуулан ирэх оны төсөвт ДЭМБ-ын зөвлөмж болгосон ДНБ-ний 5.2 хувь, төсвийн 10-12 хувийг эрүүл мэндийн салбартаа батлуулахын тулд бүгдээрээ хамтарч ажиллая” хэмээн уриалав. Ингэснээр эрүүл мэндийн салбарт тулгамддаг орон тоогоо санхүүжүүлж чаддаггүй, цалин нэмэгддэггүй, тоног төхөөрөмжөө авч чаддаггүй гэх асуудал цэгцрэх ач холбогдолтой аж. Энэ үеэр зөвлөгөөнд оролцогчдын байр суурийг сонирхлоо.

Эрүүл мэндийн газрын дарга Б.Үнэнцэцэг: Бид эхийн эндэгдэлгүй ажилласан

2014 оныг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж байгаа нь цагаа олсон ажил болж байна. Энэ асуудалд эрүүл мэндийн байгууллагын ажилтан, эмч мэргэжил-тэн төдийгүй шийдвэр гаргах төвшний бүх хүмүүс анхаарлаа хандуулах хэрэгтэй. Эх, нялхасын асуудал гэдэг нийгмийн өргөн хүрээний асуудал. Манай аймгийн хувьд өнгөрсөн жил эхийн эндэгдэлгүй ажилласан. Мөн 0-5 насны хүүхдийн эндэгдэл улс, аймгийн дунджаас доогуур байгаа. Тиймээс энэ жил үзүүлэлтээ улам батжуулж, чанаржуулах бодлоготой байна.

Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн дарга А.Эрдэнэтунгалаг:  Эхийн амбулаторийг нээсэн 

Энэ жилийг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлаж байгаа нь цаг үеэ олсон хэрэг боллоо. Манай аймаг 113 мянга гаруй хүн амтай. Үүний 37.8 хувь нь хүүхэд юм. Тэр ч утгаараа хүүхдийн асуудал нэлээд хөндөгддөг аймгийн нэг. Учир нь сүүлийн таван жилийн судалгаагаар хүүхдийн өвчлөл, нас баралт буурч байгаа боловч улсын дунджаас өндөр байдаг аймгийн тоонд ордог. Бид өнгөрсөн жил бүх хүч бололцоогоо хүүхдийн асуудалд хандуулж ажилласны үр дүнд улсын дундажтай ижил төвшинд очлоо. Он гарснаас хойш бүх үйл ажиллагааг нэгтгэж нэг доор үзүүлэх ээлтэй орчинг бүрдүүлэх талд анхаарч ажиллаж байгаа. Мөн эмч мэргэжилтнүүдээ чадваржуулахын тулд Итали, Франц, ОХУ-д мэргэжил дээшлүүлэх төлөвлөгөөг гаргасан. 

Эхчүүдийн таатай орчинг бүрдүүлэхийн тулд эхийн амбулаторийг нээн ажиллуулж байна.

ЭМЯ-ны Эмгэг судлалын ерөнхий мэргэжилтэн Л.Галцог: Охидын жирэмслэлт, үр хөндөлтийг хөндсөн нь чухал

Эх нялхасын эрүүл мэндийн асуудал хэзээд тулгамдсан асуудал байсаар ирсэн. Ялангуяа эх, нярай, 0-5 хүртэлх настай хүүхдийн эндэгдэл топмол буурч байх ёстой. Нэг жил нь нөгөө жил нь өсөөд байж болохгүй. Энэ удаагийн зөвлөгөөнөөр өмнө нь ярлцаж байгаагүй асуудлыг хөндлөө. Энэ бол охидын жирэмслэлт, үр зулбалтын асуудал. Ирээдүй хүүхдээс эхэлдэг учраад эх хүухдийн эрүүл мэндийн асуудлыг холдуулахгүй байх нь чухал.

Эх, нялхасын эрүүл мэндэд эмгэг судлалын байгууллагын хяналт чухал байдаг. Яагаад гэхээр эх, нярайн эндэгдэл, хүүхдийн өвчин, тэр дундаа хүүхдийг гэмтэл ослоос сэргийлэх асуудалд эмгэг судлал, шүүх эмнэлэг зайлшгүй анхаарах ёстой. Тиймээс шалтгааныг нь тодруулж урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга Г.Баясгалан: Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэдэд тусламж үзүүлж эхэлсэн

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хувьд өөрийн онцлог зохион байгуулалттай байдаг.

Сайдын тушаалын дагуу лавлагаа төв гэж явдаI ч тодорхой хүн амд үйлчилгээ үзүүлдэг. Харин өнгөрсөн жилээс Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн иргэдэд яаралтай болон төлөвлөгөөт мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Өнгөрсөн жил лавлагаа төвийн төвшинд тодорхой үйлчилгээг сайжруулах хэд хэдэн зорилт тавьсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ гэдэг том нэр томъёо бус нарийн үйлдлээр зөв явбал хүндээ хүрдэг. Манай эмнэлгийн хувьд дурангийн мэс заслаар улсын хэмжээнд тэргүүлэх үйлчилгээг үзүүлсэн. Яамны хөрөнгө оруулалтаар мэс заслын, уролог, үе мөчний зэрэг таван дуран авсан. Хагас жилийн хугацаанд 400 гаруй хүнд дурангийн мэс засал хийсэн байна.

Зураг