Монголын хөрөнгийн бирж хэзээ болтол “ТҮЦ”-ийн арилжаа хийх вэ
Монгол Улсын санхүүгийн 95 хувийг банк дангаараа бүрдүүлдэг. Энэ нь эдийн засаг санхүүгийн хувьд эрсдэлтэй учраас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлага байна гэж сүүлийн жилүүдэд их ярьж байгаа ч бодит байдал дээр Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа бахь байдгаараа өдийг хүрлээ. Дээрээс нь энэ салбарт итгэх иргэдийн итгэл аль хэдий нь үгүй болчихсон.
Тодруулбал Монголд хөрөнгийн зах зээл хөгжиж эхлэх үед иргэдэд цэнхэр ягаан тасалбар гээчийг тарааж өгсөн.
Тухайн үед тасалбар буюу хувьчлалын хувьцааны ид шидийг үзсэн хүн ховор. Овсгоотой нэгнийх нь олз болоод өнгөрсөн. Дараа нь Монголын уул уурхай моодонд орох үед нүүрсний гол ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж буй “Эрдэнэс таван толгой” компанийн нийт хувьцааны 20 хувийг ард иргэддээ эзэмшүүлнэ.
Нэг иргэнд 1072 ширхэг хувьцаа оногдож байна гээд 2012 оны сонгуулийн өмнө сүр дуулиантай зарлаж байсан ч одоог хүртэл тэрхүү хувьцаа нь чимээ аниргүй болчихоод байгаа.
Ийнхүү хөрөнгийн зах зээлийн гол холион бантанг төр хутгаж орхисон. Тэд одоо “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчилсэн. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг баталсан. Тиймээс хууль эрх зүйн хувьд ямар ч асуудалгүй.
Монголын хөрөнгийн бирж урдын л адил өдөрт дунджаар 20 компанийн хувьцаа арилжаалж, ойролцоогоор 15-20 сая төгрөг эргэлдүүлж байна.
Мөн “Миллениум Ай Ти” арилжааны шинэ систем суурилуулж, дэлхийн жишигт хүрсэн учраас энэ салбар ногоон гэрлээр хөгжиж байгаа” тухай ярих юм. Гэвч Монголын хөрөнгийн биржийг тоож харж байгаа хөрөнгө оруулагч, төрийн томоохон бүтээгдэхүүн гэж алга.
Тодруулбал томоохон аж ахуйн нэгжүүд нь гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг, Засгийн газрын бондын арилжааг Хөрөнгийн бирж биш, Монголбанк хийдэг болсон. Хөрөнгийн биржид дотоодын 300 гаруй компани бүртгэлтэй байсан бол шинэ хуулийн шаардлага хангаагүй 100 гаруй компанийг хассан талаар албаныхан мэдээлсэн. Тэгээд Монголын хөрөнгийн бирж урдын л адил өдөрт дунджаар 20 компанийн хувьцаа арилжаалж, ойролцоогоор 15-20 сая төгрөг эргэлдүүлж байна. Энэ хэмжээг өсгөхийн тулд бид өөрсдөө эрсдэлгүй арилжаа явуулж болдгийг харуулах хэрэгтэй.
Нөгөө талаараа мянган сайн хуультай байгаад ч төрийн дэмжлэггүйгээр энэ салбар хөгжих ирээдүй нь ч алга гэдгийг зарим эдийн засагч хэлдэг.
Өөрөөр хэлбэл хөрөнгийн зах зээл, банк хоёрыг улсын санхүүгийн тооныг өргөх хоёр багана гэж үзвэл нэг нь төрийн дэмжлэг байнга хүртдэг. Нөгөөх нь шоовдор хүүхэд шиг гадуурхагдаад байгаа хэрэг. Шуудхан хэлэхэд төрийн зүгээс банкны салбарыг тэлээ хурга шиг тэтгэж байгаа нь нууц биш. Засгийн газар, Монголбанкнаас зөвхөн банкны салбараар дамжуулж эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлдэг.
Тухайлбал банкинд мөнгөө хадгалуулбал төр 100 хувийн баталгаа гаргадаг, орон сууцжуулах хөтөлбөр, “Дэлхийн банк”, “Азийн хөгжлийн банк” гэх мэт байгууллагаас хэрэгжүүлж буй бүх төслийн мөнгийг банкаар дамжуулдаг, Монголбанкнаас арилжааны банкууддаа хөнгөлттэй зээл олгодог. Дээрээс нь банкуудын хадгаламжийн хүү жилд дунджаар 18 хувь байдаг.
Ийм нөхцөлд хөрөнгийн биржид итгэж, энэ зах зээлд хөрөнгө оруулах хүн ховор байх нь аргагүй. Тиймээс ядаж Засгийн газар бондоо Монголын хөрөнгийн биржээр арилжаалах, “Хөгжлийн банк” мөн гадаадын хөрөнгийн биржүүдэд гаргаад байгаа бондоо дотоодынхоо биржээр давхар арилжих гэх мэт хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахаар чанартай бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй байна.
Тэгвэл дотоодын аж ахуйн нэгжүүдээс гадна гадаадын хөрөнгийн зах зээл дээрх мэргэжлийн хөрөнгө оруулагчид орж ирэх боломж бүрдэнэ. Ингэсэн тохиолдолд “ТҮЦ”-ийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй манай хөрөнгийн бирж дэлгүүр, супермаркетуудын хэмжээнд очих боломжтой. Хэрвээ төрийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэхгүй бол Хөрөнгийн бирж, санхүүгийн зохицуулах хорооны нөхөд “Бид ийм сайн хуультай, манай бирж дээр бондоо гарга, хувьцаагаа арилжаал, зах зээлд оролцоод мөнгө босго” гэж мянга хашгираад хэн ч ирэхгүй л болов уу.
Гадаадын хөрөнгийн зах зээл нь өндөр хөгжсөн орнуудад банкны хадгаламжийн хүү маш бага байдаг. Тиймээс иргэд аж ахуйн нэгж нь жилийн гурван хувийн хүүтэй банкны хадгаламжид мөнгөө хадгалахаас урьтаж, хөрөнгийн зах зээлд оролцох хүсэлтэй байдаг.
Тэд жилийн найман хувийн хүүтэй аль нэг улсын Засгийн газрын бонд, жилийн 12 хувийн хүүтэй компанийн бонд авдаг.
Эрсдэл өндөртэй ч өгөөжийг нь судалж үзээд хувьцаанд хөрөнгө оруулдаг. Ийм нөхцөл манай зах зээл дээр ч алга, нөгөө талд нь банкны салбар нь ийм боломжийг хаачихаад байна.
Хөрөнгийн зах зээл хөгжихгүй бол манай улсын санхүүгийн салбар байнгын савалгаатай байх нь тодорхой. Хөрөнгийн зах зээлээр дамжуулан шууд бус хөрөнгө оруулалт хийж ирээдүйд хэрэглэх мөнгөө өсгөж ашиг хүртэх, эсвэл хувьцааны өсөлт, бууралтын хэлбэлзэл дундаас мөнгө хийх гээд хөрөнгө босгох эх сувгууд чухам энд л байдаг.
Ердөө л арилжаа наймаа хийж байгаа нэг хэлбэр. Олон нийт санхүүгийн салбар идэвхжсэн нөхцөлд авлига хээл хахууль гэх мэт санхүүтэй холбоотой гаж үзэгдлүүд ч аяндаа буурах боломж бүрдэх нь дамжиггүй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|