Сүхбаатар аймгийн Онгон суманд нэгдүгээр сарын 28-нд шүлхий өвчин гарч одоогоор гурван аймгийн 12 суманд өвчин тархаад байна.
Шүлхий улам тархаж, өвчилсөн малын тоо өдөр бур нэмэгдэж байгаа энэ үед вакцингүй болсон гэсэн мэдээлэл байгаа.
Тиймээс шүлхий гарсан нутагт байдал ямар байгаа талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн Мал эмнэлэг үржлийн газрын дэд дарга, ерөнхий малын эмч П.Болортуяагаас тодрууллаа.
-Шүлхий өвчин суманд гараад байна вэ. Өвчний голомтод байдал ямар байна?
-Сүхбаатарын Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр, Түвшиншэрээ, Асгат, Хэнтийн Галшар, Дорноговийн Алтанширээ, Иххэт, Дэлгэрэх, Сайншанд, Айраг сумдад шүлхий гарсан. Гурван аймгийн 27 сумын 2.1 сая малыг вакцинжуулсан бөгөөд дархлаажуулалт 95 хувьтай байна.
Хэрвээ бид халдварын бүсдээ зооно үүсгээд халдвараа хязгаарлаж чадвал өвчинг дарж чадна.
-Вакцин дууссан одоо болтол ирээгүй байна гэж байсан. Хэзээ вакцинтай болох вэ?
-Эхний вакцин энэ сарын 26-нд ОХУ-аас 1.5 сая тун вакцин ирэх байсан нөхцөл байдал өөрчлөгдөж 28-нд ирэхээр боллоо. Вакциныг машинаар оруулж ирэхээр төлөвлөж байсан ч Сайншандад шүлхий гарсан болохоор вагоноор татах ажлыг зохион байгуулж байна.
ОХУ-аас 500 мянган тун вакцин энэ сарын 28-нд бууна гэж мэдэгдсэн. Ирсэн вакциныг шаардлагатай бүх газар хуваарилахад бэлэн болоод байна.
-Энэ вакцинаар хэдэн мал тарих боломжтой вэ?
-Эхний ээлжинд ирэх 1.6 сая тун вакциныг хамгаалалтын бүсдээ тарихаар төлөвлөж байна. Халдварыг дахин тараахгүйн тулд тодорхой зооно байгуулаад тэр нутгийнхаа сумдын малд тарина. Төв аймаг, Дундговь аймгийн зарим сум, түүнтэй хил залгаа сумд гэж тооцоолж байна. Энэ нутгийн малд вакцин хангалттай хүрнэ.
ОХУ-аас орж ирж байгаа 500 мянган тун вакциныг голомтот, сэжигт бүсүүдийн малд тарина. Гэхдээ сэжигтэй бүсийн хонь, ямаанд хүрэлцэхгүй учраас үхрийг хоёр удаа тарина.
-Энэ вакциныг дуусахаар бид дахин вакцингүй болох уу. Мал аж ахуйн орон атал ийм нөхцөлд яагаад вакцингүй сууж байдаг билээ гэсэн асуулт гарч ирж байна?
-Анх өвчин гарахад 1.5-2.0 сая тун нөөц вакцинтай байсан. Тэр вакцинаараа голомтыг хязгаарлах бүх арга хэмжээг авсан. Хэрвээ бид халдварын бүсдээ зооно үүсгээд халдвараа хязгаарлаж чадвал өвчинг дарж чадна. Энэ вакцин доод тал нь зургаан сарын дархлаа үүсгэдэг. Зургаан сарын дараа вакцины нөөц олох асуудлыг шийднэ. Олон улсын байгууллагуудаас жишээлбэл, Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагаас гуравдугаар сарын 6-нд 300 мянган тун вакцин ирнэ. Яаралтай тохиолдолд бид үүнийг хэрэглэнэ.
-Урд нь манайх вакцинаа хаанаас авч байсан бэ. 50 орчим сая толгой малтай улс тийм хэмжээний вакцины нөөцтэй байх ёстой гэсэн журам байдаггүй юм уу?
-Өнгөрсөн жилүүдэд шүлхийтэй тэмцэж байгаа стратег хамгийн гол эрсдэлтэй бүс нутгийнхаа малыг хоёр удаа тарьж байсан. Өнгөрсөн жил ОХУ-аас буцалтгүй тусламжаар вакцин орж ирсэн. Бид энэ вакциныг эрсдэлтэй бүс нутгууддаа тарьчихаад байхад өвчин гарсан.
Шүлхийн вакцин маш өндөр технологитой, өндөр халдвар, хамгааллын нөхцөлд хийгддэг учраас олон орон үйлдвэрлэдэггүй. Энэ вакциныг үйлдвэрлэх зөвшөөрөлтэй маш цөөхөн улс байдаг.
Тиймээс ч ямар ч улс вакцин олдоцгүй байх өөрөөр хэлбэл бидэн шиг нөхцөл байдалд ордог. Мөн ОХУ-аас бид вакцин авдаг байсан тэнд шүлхий их гарч байгаа болохоор өгөх боломж бага байна гэж мэдэгдсэн.
-Одоогоор хохирлын хэмжээ хэд болоод байна вэ?
-2800 орчим үхэр устгаад байна. Үүнээс үхрийн өртөг гарч ирнэ. Дээрээс нь голомтод газарт ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудын ажилчдын томилолт, шатахуун, вакцин гээд маш их зардал гарч байгаа. Яг одоо учирсан хохирлыг нэгтгэж хэлэхэд хэцүү байна. Хохирлын хэмжээг тогтохоор онцгой комисс ажиллаж байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!