Өнгөрсөн бямба гаригт дөрвөн хүн архинд хордож нас барсан хэрэг гарсан.
Энэ хүмүүс нь “Амьдрах ухаан” сургалт үйлдвэрлэлийн тусгай төвд амьдардаг байсан бөгөөд Их монгол архинд хордсон байж болзошгүй талаар хамт амьдардаг хүмүүс нь ярьж байсан юм. Энэ хүмүүс эмнэлгийн зориулалттай цэнхэр спирт уусныг мэргэжлийн байгууллагынхан тогтоосон байна.
Мөн Арслант архи уусан байж магадгүй талаар таамаглаж байгаа. Задлан шинжилгээний хариу бүрэн гараагүй учир архинаас уу, спиртнээс үү гэдгийг нь хараахан тогтоогоогүй байгаа гэв.
Тиймээс энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Б.Баатархүүгээс тодрууллаа.
-Өнгөрсөн бямба гаригт дөрвөн хүн архинд хордож нас барсан хэргийн явц ямар байна вэ?
-Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Амьдрах ухаан” сургалт үйлдвэрлэлийн тусгай төвд амьдардаг дөрвөн иргэн архинд хордож эмнэлэгт хүргэгдэж эмчилгээ авч чадалгүй нас барсан хэрэг гарсан.
Шалгалтын явцад дөрвөн иргэн эмнэлгийн зориулалттай цэнхэр спирт, Арслант гэсэн архи ууж байгаад тус төвийн жижүүрт баригдсан гэх мэдээлэл байна. Тэд “Амьдрах ухаан” сургалт үйлдвэрлэлийн тусгай төвийн 28-55 насны хүмүүс байсан.
-Арслант хэмээх архи нь зөвшөөрөлтэй юу?
-Арслант архийг гар аргаар үйлдвэрлэсэн байсан. Одоогоор энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна. Архинд хордож нас барсан гэсэн шүүх эмнэлгийн анхан шатны дүгнэлт гарсан. Гэхдээ эмнэлгийн зориулалттай цэнхэр спиртнээс үү, архинаас уу гэдгийг тогтоогоогүй байна гэв.
Манайд АПУ, Спирт бал бурам зэрэг томоохон компани зөвшөөрөлтэйгээр архи үйлдвэрлэдэг.
Харин хувиараа стандартын бус нөхцөлд чанарын шаардлага хангаагүй архи үйлдвэрлэдэг хэдэн газар байдаг, худалдаанд гарч байгаа архины үйлдвэрүүдэд тавих хяналт, шалгалт ямар байгаа талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас асуухад “Өнөөдрийн байдлаар нийслэлд спиртийн зургаа, архины 14, шар айрагны 12, дарсны хоёр үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Арслант архи нь нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт бүртгэлгүй. Харин Их монгол архи үйлдвэрлэдэг үйлдвэр бий.
Гэхдээ Их монгол архины шошго, шилийг ашиглан хуурамчаар хийж, худалдаалсан байж болзошгүй. Энэ архи хямд үнээр зарагдаж байсан нь хуурамчаар хийх магадлал өндөр.
Учир нь ямар ч үйлдвэрийн архийг ийм хямд үнээр борлуулах боломжгүй. Арслант, Их монгол архины дээжийг шинжилгээнд өгсөн байгаа. Шинжилгээний хариу удахгүй гарахаар яг юунаас болсныг нь тогтооно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!